Хоёр настай монгол хүү аавынхаа хамт саатуулах байранд 19 хоног хоригдож, нутаг буцсан талаар БНСУ-ын MBC телевиз мэдээлсэн.

Тэгвэл энэ хугацаанд хүүхдийн эрхийг хамгаалах талаар Монгол Улсын Гадаад Харилцааны Яам ямар арга хэмжээ авч хэрэгжүүлсэн талаар сэтгүүлчид тодрууллаа. 

Ингэхэд "Солонгос дах манай Консулын алба тухайн үед нэлээд анхаарал хандуулж ажиллаж байсан. Солонгосын Цагаачлалын албанаас зөвшөөрөл авч хүүхдийг авч эмнэлэгт үзүүлж байв. Хүүхдийн эрүүл мэнд ноцтой зүйлгүй хэвийн, хагалгааны заалтгүй гэсэн мэдээлэл өгч байсан.

Хүүхдэд асран хамгаалагч олж өгөх гэж нэлээн хөөцөлдсөн. Гэвч хүүгийн ээж болон ах дүү нар нь бүгд хүүг авахаас татгалзсан.

Манай холбогдох байгууллагууд иргэдийнхээ төлөө зохих арга хэмжээг авч болохоос болохгүй хүртэл л ажилладаг. Мэдээж тухайн улсын мөрдөж буй хууль эрхзүйн хүрээг бид давах учиргүй. Харамсалтай нь хүүгийн эцэг хууль бусаар оршин сууж байгаад баригдсан тул хүүг хамт нутаг буцаахаас өөр аргагүй болсон" гэх тайлбарыг өгөв.