Монгол Улсын Зэвсэгт хүчин, Америкийн Нэгдсэн Улсын Номхон далай дахь Хуурай замын командлал хамтран жил бүр зохион байгуулдаг “Хааны эрэлд-2023” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургууль Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд яг одоо болж байна.

Энэ жилийн сургуульд дэлхийн 25 орны 1100 гаруй цэргийн алба хаагч оролцож байна. Оролцогч орнууд уг олон улсын сургуулиар команд штабын сургууль, салаадын хээрийн сургууль, чадавхыг нэмэгдүүлэх сургалтад тус тус хамрагдана. Энэхүү сургуульд Бүгд Найрамдах Лаос Ард Улсын цэргийн алба хаагчид анх удаагаа оролцож байгаа юм.

Энэхүү олон улсын сургуулийн нээлтийн ёслолын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд, дэслэгч генерал Г.Сайханбаяр, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Ж.Энхбаяр, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөх, бэлтгэл дэслэгч генерал Ц.Тогоо, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга бригадын генерал С.Ганбямба, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга бригадын генерал Д.Ганхуяг, Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр гадаад улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдууд, батлан хамгаалахын атташе нар, Номхон далай дахь АНУ-ын Хуурай замын цэргийн командлагчийн орлогч хошууч генерал Крис Смит болон сургуульд оролцогч зарим улсын хүндэт зочид, цэргийн төлөөлөгч нар оролцож байгаа юм.

Энэ жилийн сургуулийн удирдагчаар Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлалын Удирдлага төлөвлөлтийн хэлтсийн дарга, хурандаа Б.Мөнх-Ирээдүй, сургуулийн штабын даргаар Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвийн Энхийг дэмжих ажиллагааны Сургалтын төвийн дарга, дэд хурандаа Н.Гантулга нар ажиллаж байна.