Элсэлтийн Ерөнхий Шалгалт(ЭЕШ)-ын зохион байгуулалт, агуулга дээр ирэх жил тодорхой хэмжээний өөрчлөлт орохыг Боловсролын Үнэлгээний Төв(БҮТ)-өөс өнөөдөр мэдэгдэв.

Тодруулбал шалгалтыг агуулгаар нь түвшинд ангилан хуваах аж.

БҮТ-ийн захирал Л.Ганбат "Математикийн чиглэлээр дагнан суралцах хүмүүс сонгон судлах агуулгын хүрээнд Математик-1 шалгалт өгнө. Харин суралцах мэргэжлийн чиглэлд нь математик дагалдах шалгалт байвал заавал судлах агуулгын хүрээнд Математик-2 шалгалтыг өгөх гэх мэтээр өөрчлөгдөнө.

Мөн байгалийн ухаан, нийгмийн ухааны нэгдсэн агуулгаар шалгалт зохион байгуулна.

ЭЕШ өгөх бүх хүн монгол хэл бичгийн шалгалтад хамрагддаг бол ирэх жилээс тухайн шалгуулагчийн суралцах ур чадварыг шалгана" хэмээв. 

Иймд ирэх жил ЭЕШ өгөх хүмүүс оюутан элсүүлэх журамтай сайтар танилцахыг БҮТ-өөс зөвлөсөн. Мөн тус төвөөс есдүгээр сараас эхлэн шинэчилсэн журмаар авах ЭЕШ-ын жишиг даалгавруудыг үе шаттайгаар хүргэх юм байна.