Гаднаас нь харсан хэнд ч сургууль, цэцэрлэгийн байр гэж бодогдмоор тэгсэн атлаа дотор нь хорвоогийн хамгийн сайхан цэцэгс ургаж байдаг тийм нэгэн эмнэлгээр орлоо.

Тэнд юм бүхэн гэрэлтэй. Яагаад гээч. Эцэг, эхдээ гологдож, бас хэзээ ч эдгэршгүй өвчин тусаж, хүн болох үгүй нь мэдэгдэхгүй дутуу нярай гээд янз бүрийн хүүхэд энд өсөж, торниж байна. Гэвч улсын томоохон эмнэлгүүдэд хүртэл эмчлэгддэггүй хүүхдүүд тэнд хүн болдог аж. Гэхдээ тэдний нүд нь хэдий гэрэлтэй ч хүн хүнээ ингэж хаяж болдог юм уу гэх сэтгэгдэл өөрийн эрхгүй төрж байв.

Хуучнаар Нялхсын клиникийн төв байснаа хожим Хүүхдийн төв сувилал нэртэй болсон эл эмнэлэгт хүнээс гарсан нь тодорхой болохоос биш төрүүлсэн эцэг, эхийнх нь сураг ажиг ч үгүй хүүхдүүд эмнэлгийн ажилчдыг ураг, саднаа хэмээн өдөр, хоногийг өнгөрөөж байна. Уг нь ийм хүүхдүүд өнөөх асрамжийн төвд очдог атал яагаад эл эмнэлэгт байна вэ гэх асуулт бас гарч ирнэ.

Бүр ганц, хоёр жил ч биш зарим нь 13 нас хүртлээ Хүүхдийн төв сувилалд асруулах буй нь ч бий. Гэхдээ тэд сайндаа ч эл эмнэлгийг бараадаагүй. Учир нь нийслэлийн Баянгол дүүргийн нутаг дэвсгэр олны нэрлэж заншсанаар Модны хоёрт байрладаг хоёр давхар энэ шар байшингийн дотор хэзээ ч эдгэршгүй, нийгэмд ямар ч үүрэг, оролцоогүй хатуугаар хэлбэл “амьд үхмэл” хэмээх тархины саажилттай хүүхдүүд нийт эмчлүүлэгчдийн ихэнхийг эзэлнэ. Нөгөөтэйгүүр эхдээ гологдож, гудамжинд хаягдсан нярай, эцэг, эх нь хар гэртэд ял эдэлж буй, үр хүүхдээ тэжээх чадваргүй болсон нийгмийн эмзэг бүлгийн нялх үрсийг эмч, сувилагч, асрагчид шөнө, өдрийг ч үл хайхран хүн болгож байна.

 

СААЖИЛТТАЙ ХҮҮХДҮҮДИЙН ИРЭЭДҮЙГ ХЭН ХАРИУЦАХ ВЭ

Түүнчлэн хамгийн анхаарал татам зүйл бол саажилттай хүүхдүүдийн ирээдүйн асуудал. Яагаад гэвэл тэд эрүүл хүнтэй адил нийгэмших ямар ч боломжгүй. Ядаж хүнд байтугай өөртөө аяга цай хийгээд уучих чадваргүй гэнэ билээ. Харамсалтай нь өнөөдөр тэднийг эмнэлгээс гарлаа гэхэд цаашид хэрхэхийг хайхрах төр, хариуцах эзэн гэж ер үгүй. Одоогоор уг төвд ийм өвчтэй найман хүүхэд эмчлүүлж байгаа аж. Хачирхалтай нь гагцхүү Хүүхдийн төв сувиллын эмч, сувилагч нар л тэдний маань ирээдүй яах бол гэж өдрийн бодол, шөнийн зүүд болж байна. Саажилттай хүүхдүүдийн анги руу ороход үнэндээ нүд хальтирам. Тус сувиллын тасгийн эрхлэгч, нярайн их эмч Ч.Алтанцэцэгийн хэлснээр “Манай төвд  13 жил асруулж байгаа хүүхэд ч бий. Хэдэн жилийн өмнө Мааньтын асрамжийн төв байхад манайхаас эмчлүүлээд гарсан хүүхдүүдийг авдаг байлаа. Харин одоо бол тэдний ирээдүй хүндхэн болсон. Бид хэдий чадах ядахаараа энэ эмнэлгийг хүүхдүүдийнхээ тав тухтай байдлыг хангах үүднээс орчин, нөхцлийг нь сайжруулж байгаа ч гэсэн эцэг, эхгүй хүүхдүүдийн маань ирээдүй даанч бүрхэг байна. Ядаж байхад энэ хүүхдүүд бусдын адил эрүүл саруул биш шүү дээ. Үнэндээ манай сувилагч, асрагч нар нойр, хоолоо хасан байж эднийг асарч, хүн болгодог ч өнөөдрийг хүртэл бидэнд баярлалаа гэж хэлэх хүн ирж байгаагүй. Яагаад гэвэл ингэж талархлын үг хэлэх эцэг, эх энэ хүүхдүүдэд байхгүй” гэсэн юм.

Түүний хэлснээр эмнэлгийн хэдэн сувилагч, асрагч нар тэдэнд төрсөн ээж шиг нь хандаж, хүүхдүүд нь ч гэсэн маш их дасчихсан харагдсан. Мөн Хүүхдийн төв сувилал гэх энэ эмнэлэгт орж ирсэн ямар ч хүн эмнэлэг, цэцэрлэгийг ялгахааргүй шахам тохижуулсныг өөрийн эрхгүй биширнэ. Нас, өвчний байдлаас шалтгаалан хүүхдүүдийг ангиар нь тусгаарласан аж. Тухайлбал хүүхэд нь дутуу төрсөн ээжүүдийн өрөө, мөн суурь өвчтэй хүүхдүүд гээд тус бүртээ өрөөтэй. Хөдөө орон нутгаас ирсэн эхчүүд эргэлт энэ тэр гэж төдийлөн их байдаггүй болохоор өглөө бүр нэг ээжид 100 грамм сүү өгдөг гэсэн. Мөн хүүхдүүдийн тоглоомын өрөөнд нь орчин үеийн гэх цэцэрлэгүүдэд байдаг бүх тоглоом, орчин тэнд байна.

Дашрамд дурьдахад хүний ертөнцөд дөнгөж мэндэлж, хорвоотой танилцаж байгаа бяцхан үрсийг асрагч, сувилагч нь эхийн сүү орлуулагчаар угждаг аж. Тэднийг гурван цагийн зайтай угждаг бөгөөд шөнийн ээлжийн асрагч нь 02:00 цагт хуурайлж, угжина.

 

ЭМД-ЫН МӨНГӨ  ӨГДӨГГҮЙ ГЭНЭ

Дээр ялтны хүүхэд ч тус эмнэлэгт байдаг гэдгийг хэлсэн. Эмч нарын хэлж буйгаар 2,5 жил болж байгаа нэг хүүхэд байдаг гэнэ. Гэхдээ эмнэлгийнхэн үүнийг илүү дэлгэрэнгүй хэлж болохгүйг онцолж байв. Нөгөөтэйгүүр өнгөр­сөн онд дөнгөж төрсөн хүүхдээ нөүтбүүкийн цүнхэнд орхиж явсан хэрэг гарч байсан. Цүнхэнд хийсэн хог шиг эхдээ хаягдсан ч тус төвд хөөрхөн охин нь өнөөдөр эрүүл, саруул  сайхан бойжиж байна.

Энэ үеэр Яргуй-б ангийн сувилагч Ш.Сарантуяа “Манай ангид нэг сартайгаас хоёр настай хүүхдүүд байдаг. Энэ эмнэлэгт гурван жил ажиллаж байна. Миний мэдэхийн одоогоор манай төвд хамгийн олон буюу 14 хүүхэд ирсэн байгаа. Үүний 11 нь угж хөхдөг. Шөнөдөө гурван цагийн зайтай сүүгээ уудаг. Энэ хэдэн жаахан амьтдыг чинь аль болох уйлуулахгүй байхыг л хичээнэ шүү дээ. Мэдээж хэл ам мэдэхгүй ийм хүүхдүүдийг асарна гэдэг амаргүй гэж байлаа.

 

Эмнэлгийн хувьд техник тоног төхөөрөмж, орчны асуудал байхгүй, хүүхдүүдээ салхилуулах олигтой талбай, зуслан ч алга. Эмч нарын санаачилгаар эмнэлгийнхээ арын талбайг хүүхдүүдэд зориулсан жижиг усан оргилуур, цэцэрлэг бариулж өгчээ. Нөгөөтэйгүүр эрүүл мэндийн даатгалын мөнгө улсаас бүх эмнэлгийн данс руу нь ордог атал тус эмнэлэгт ийм зүйл огтхон ч байдаггүй аж. Ер нь эрүүл мэндийн салбарт шударга бус асуудал олон байдгийг бараг хүн бүр мэднэ. Хүүхдийн сувиллын төвийн эмч, сувилагчид шөнө, өдөргүй бяцхан хүүхдүүдийг асарч, баас шээсийг нь зөөлөө гээд хэнээс ч илүү цалин хүсээгүй, бас хэнээс ч талархлын үг сонсоогүй. Гагцхүү эмнэлгээс гарсан эцэг эхгүй, хүүхдээ харж хандах төрийн оролцоог тэд хүсэж байна. 

 

 

Л.Баатархүү