Цус урсгахгүйн тулд Вагнерын зэвсэгт бослогыг дарах гэж яараагүйгээ Путин тайлбарлав
2023/06/27
Өчигдөр буюу Даваа гарагт ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин ард түмэндээ хандаж үг хэлжээ. Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр гарсан Вагнерын зэвсэгт бослогоос хойш тэр хоёр дахь удаагаа ийнхүү Оросын олон нийтэд хандсан байна.
Евгений Пригожиний тэргүүлдэг хувийн зэвсэгт хүчний Вагнер компанийн ангиуд Бямба гарагт Дон дахь Ростов хотыг эзэлж, нийслэл Москва хотод 200 км ойртож очсон юм. Эцэст нь тэд Беларусийн ерөнхийлөгч Александр Лукашенкогийн зуучлалаар бослогоо зогсоосон гэгдэж байгаа.
“Үйл явдлын бүр эхнээс цус урсгахаас сэргийлэх арга хэмжээнүүдийг миний шууд заавраар хэрэгжүүлж байсан. Алдаа гаргасан хүмүүсийг ухааруулах, тэднийг нийгэм эрс эсэргүүцэж буйг мэдрүүлэх, энэхүү эмгэнэлтэй, хор хөнөөлтэй ажиллагаа нь Орос улсад ямар үр дагавартайг ойлгуулахад цаг хугацаа хэрэгтэй байлаа” гэж Путин тайлбарлажээ.
Ингэхдээ тэр дахиад Евгений Пригожиний нэрийг огт дурдаагүй байна.
Пригожин нь ОХУ-ын батлан хамгаалахын сайд Сергей Шойгу, зэвсэгт хүчний жанжин штабын дарга Валерий Герасимов нарыг Ростовт ирж өөртэй нь уулзахыг шаардаж байсан юм.
Одоогоор Путин батлан хамгаалах яамандаа халаа сэлгээ хийх шинж тэмдэг ажиглагдахгүй байна.
Путин өчигдөр хэлэхдээ “ах дүүсийнхээ цусыг урсгахаас зайлсхийсэн” Вагнерын дайчид, командлагчдад талархал илэрхийлж, тэдний ихэнхийг “эх орончид байсан” гэж магтжээ.
Тэрбээр ОХУ-ын батлан хамгаалах яамтай гэрээ байгуулж, захиргаанд нь орохыг хүсээгүй Вагнерын дайчдад нэг бол Беларусь улс руу нүүх, эсвэл зүгээр л гэртээ харих хоёр хувилбарыг санал болгосон байна.
Эцэст нь Путин зэвсэгт бослого Оросын ард түмнийг улам илүү нэгтгэн нягтруулсныг онцолжээ.
“Нийгмийн бүх давхарга үндсэн хуулийн дэг журмыг хатуу дагах хөдөлшгүй байр суурьтай байлаа. Бүгд эх орныхоо хувь заяаны төлөө эвлэлдэн нэгдэж чадсан” гэж тэр сайшаасан байна.
Эх сурвалж: Reuters
Зочин · 2023/06/27
Оросууд дайнд ялж сурсан баатарлаг ард түмэн.