Монголын Мэдээллийн технологийн үндэсний парк нь 2012 онд Азийн шинжлэх ухааны паркуудын холбооны гишүүн байгууллагаар элссэн бөгөөд ийнхүү Монгол улсаа төлөөлөн гишүүн болсноор бусад холбооны гишүүн байгууллагуудтай харилцан туршлага солилцох, хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, шилдэг паркуудын  хөгжлийн загварыг нэвтрүүлэх,  ОУ-ын арга хэмжээнд оролцох, зохион байгуулах, хамтын ажиллагаагаар дамжуулан үйл ажиллагаагаа олонд таниулан сурталчлах боломж нээгдсэн байна.

Тус холбоо нь  жил бүр гишүүн байгууллагын удирдлагуудын уулзалтыг зохион байгуулдаг уламжлалтай бөгөөд энэ жилийн удирдлагуудын 9 дэх уулзалтыг мэдээллийн технологийн тэргүүлэгч Ай Ти Зон компани дэмжиж оролцон, 2014 оны 6 дугаар сарын 19-21-ний өдрүүдэд Монголд анх удаа Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.

Уулзалтанд  Япон, Солонгос, Турк, Вьетнам зэрэг орнуудын 30 гаруй төлөөлөгч, Монголоос 10 гаруй аж ахуйн нэгж, компанийн удирдлага, төрийн болон төрийн бус байгууллага, их дээд сургуулиас 30 гаруй төлөөлөгч оролцох бөгөөд нийт 80 орчим төлөөлөгч хамрагдана.

Төлөөлөгчдийг Ай Ти Зон компанийн Кампусаар аялуулахаар төлөвлөөд буй бөгөөд тус кампус нь Текник туслалцаа үйлчилгээний төв, Software house, Enterprise Solutions Center, Агуулах болон Сургалтын төв гэсэн хэсгүүдээс бүрдэх, монголдоо анх удаа олон улсын жишгийн дагуу мэдээллийн технологийн компанийн ажиллагсдын ажиллах орчинг бүрдүүлснээрээ онцлог юм.

Тус уулзалтанд нийт 5 илтгэл тавигдаж хэлэлцүүлэгдэх бөгөөд БНСУ, Тайвань, Япон зэрэг орнууд өөрсдийн паркын шилдэг туршлагын талаар тус бүр нэг илтгэл, Монгол талаас 2 илтгэл тавигдана.

Арга хэмжээ удирдлагуудын болон бизнесийн уулзалт гэсэн хоёр хэсэгт хуваагдан явагдана.

 Удирдлагуудын уулзалтаар: “Шинжлэх ухааны паркуудын шилдэг туршлага” сэдвийн дор илтгэл хэлэлцүүлэг явагдана. Уулзалтаар хамтрагч байгууллагын хамтын ажиллагааг бататган бэхжүүлж, АСПА-ийн гишүүн байгууллагуудтай хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх талаар харилцан зөвшилцөх төдийгүй Монгол улсад шинжлэх ухааны парк байгуулахад тулгарч буй бэрхшээл,  хэрхэн шийдвэрлэх  тал дээр зөвлөгөө авах, туршлага солилцох зэрэг асуудлуудыг хэлэлцэх юм.

Бизнес уулзалтаар:  ОУ-ын Электрон техник, машин механизм болон мэдээлэл холбоо технологийн салбарын тэргүүлэгч компаниуд уг уулзалтанд оролцож, Монголын компаниудтай туршлага, ололт амжилтаасаа хуваалцан санал солилцон, цаашид хамтран ажиллах талаар ярилцана.

Жич: Бизнес уулзалтанд Монгол талаас оролцох компануудыг бүртгэж байна.  Оролцогчдын тоо хязгаартай!

Бүртгэл: 2014.06.10 - 2014.06.17

Холбоо барих: 11-318049, 99248334

Цахим хуудас: aspa.itpark.mn