Ахмадуудын болон цэргийн албан хаагчийн тэтгэвэр хэрхэн нэмэгдэх талаар ХНХЯ-наас танилцууллаа.

ВИДЕО: Долдугаар сарын 1-нээс нэмэгдэх тэтгэврийн хэмжээг шалгах заавар:

ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч А.Хишигбаяр "2023 оны долдугаар сарын 1-нээс тэтгэврийг нэмэгдүүлнэ.

Монгол Улс тэтгэвэр бодох цалингийн итгэлцүүрийг 1995 оноос хойш зургаан удаа шинэчилж байсан. Хамгийн сүүлд 2014 онд шинэчилж байсан бөгөөд үүнээс хойш 9 жилийн дараа итгэлцүүрийг шинэчиллээ.

Бүрэн тэтгэврийн доод хэмжээ 500,000 байгааг 550,000 төгрөг, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ 400,000-ыг 440,000 төгрөг, дундаж тэтгэвэр 555,000 байгааг 630,000 болголоо.

Нийгмийн даатгалын сангийн тэтгэвэр болон цэргийн албан хаагчийн тэтгэврийн нэмэгдлийг долдугаар сарын 1-нээс тэтгэвэр авагчийн данс руу шилжүүлнэ" гэлээ.

Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Ганцэцэг тэтгэврийн өөрчлөлтөө хэрхэн шалгах зааврыг танилцууллаа.

"Нийгмийн даатгалын сангаас өнөөдөр тэтгэвэр авч байгаа болон зургаадугаар сард шинээр тэтгэвэр авах 496,000 хүний тэтгэврийг итгэлцүүрээр шинэчлэн бодох шийдвэр гарсан. 

ЕБС-ийн гурван багш адилхан 30 жил ажиллаад тэтгэврээ тогтоолгосон хэрнээ хэдэн онд тэтгэврээ тогтоолгосноос хамаараад өөр хэмжээтэй тэтгэвэр авдаг. Итгэлцүүрээр эдгээр зөрүүг арилгаж байгаа.

Итгэлцүүрээр шинэчилсэн тэтгэврийг долдугаар сарын 1-нээс олгох юм" гээд итгэлцүүрийг тайлбарласан бичлэгийг үзүүлсэн юм.

Нийгмийн даатгалын сангаас олгодог тэтгэврийн нэмэгдлийн хэмжээг шалгах заавар:

ndaatgal.mn цахим хуудасны "Даатгуулагчдад зориулсан вэб" хэсэгт орж, ДАН системээр нэвтрэн регистрийн дугаараа оруулж, тэтгэврийн нэмэгдлээ харах боломжтой гэв.