Зуу гаруй жилийн өмнө далайд живсэн Титаник хөлгийн үлдэгдлийг үзэх аялалд гарсан таван зорчигчтой Титан шумбагч машин зургаадугаар сарын 18-ны өдөр осолдсон билээ.

Уг машин далайн гүний даралтыг тэсэлгүй задарч сүйрсэн гэж мэргэжилтнүүд урьдчилсан байдлаар дүгнэж байгаа.

1912 онд живсэн Титаник хөлгийн үлдэгдэл нь Атлантын далайн 3,800 метрийн гүн ёроолд оршдог юм.

Сүйрсэн Титан шумбагчийн хэсэг сэгийг далайн ёроолоос гаргаснаа АНУ-ын эргийн хамгаалалтын алба өчигдөр буюу Лхагва гарагт мэдээлжээ.

Эдгээр сэгнээс хүний цогцсын үлдэгдэл илэрснийг бас мэдээлсэн байна.

АНУ-ын шүүх эмнэлгийн мэргэжилтнүүд одоо уг үлдэгдлийг шинжилж, албан ёсны дүгнэлт гаргахаар ажиллаж эхэлсэн гэнэ.

Мөн үүнтэй зэрэгцэн Титан шумбагч машины сүйрлийн шалтгааныг албан ёсоор тогтоох ажил бас үргэлжлэх ажээ.

Шумбагч машин далайн ус руу ороод 90 минутын дараа сүйрсэн юм. Зорчигчид нь уг аяллыг зохион байгуулагч OceanGate компанийн гүйцэтгэх захирал, 61 настай Стоктон Раш, Британийн тэрбумтан, 58 настай Хэмиш Хардинг, Пакистан гаралтай Британийн бизнесмэн, 48 настай Шахзада Давуд, түүний 19 настай хүү Сулеман Давуд, Францын аялагч, 77 настай Пол Анри Наргеолет нар байжээ.

Өнгөрсөн хугацаанд олон улсын хамтарсан аврагчдын баг Титан шумбагчийн таван том хэсгийг Титаникийн үлдэгдлийн ойролцоо далайн ёроолоос олсныг өчигдөр Канадын эрэг дээр гаргасан юм байна.

 

Эх сурвалж: BBC