Шинэхэн түүх “Шилэн” болж, шудрага ёс тогтохнээ

 

Хүн шууд л халуун эх оронч, хүмүүнлэг энэрэнгүй болж төрдөггүй юм. Харин тийм болж хүмүүжүүлэх ёстой. Энэ ажлыг эцэг, эх нь, төр засаг нь, улс төрийн намууд хийх учиртай. Зөвхөн өөрийгөө боддог, урдахаа хардаг, аав ээж ах дүүсээ ч тоодоггүй хүн хувиа хичээгч, өчүүхэн амьтан л болдог. Ингэхлээр хүний харах талбай их, тооцох зүйл олон, гэр бүл, төрөл төрөгсдөө, сум аймгаа, цаашлаад Монгол Улсаа бүхлээр нь харж, хайрлаж чаддаг болгож хүмүүжүүлэх нь чухал юм. Дээр нь улс түмэнч хүмүүжил хэрэгтэй. Жалгархдаг, нутгархдаг, ясархдаг, аймгархдаг явцуу үзэл санаа ялангуяа сэхээтэн хүнд байх ёсгүй. Оюунлаг хүн улс түмэнч байдаг. Доворхдог, жалгархдаг, нутгархдаг, ясархдаг, аймгархдаг хүнийг УИХ-ын гишүүнээр сонгох нь буруу. Гишүүн хүн Монгол орноо бүхлээр нь харж бүхэлд нь тордож, бүгдийг нь аюулаас хамгаалж, эрүүлжүүлж, амьдралын түвшинг нь дээшлүүлэхийг хичээх үүрэгтэй. Ийм хэмжээ, түвшний боловсролгүй, хүмүүжилгүй, сэтгэлгүй, ёс суртахуунгүй хүн УИХ-д орж ирвэл тэр хүн бэлэн дайсан л гэсэн үг. 1992 оноос хойш тоолбол Монголчууд бид 8 удаагийн сонгуулиар гарч ирсэн 1000 гаруй хулгайч, луйварчин, шахаач, чавчаач, эдийн засгийн алуурчин, мөнгө хүүлэгч нарт идүүлчихээд, дээрэмдүүлчихээд байна.

 

Иргэд, сонгогчид, сэтгүүлчид, төрийн бус олон нийтийн байгууллагууд, иргэний нийгэм нь төр, засгаа хянаж байх, хазгай гишгүүлэхгүй байх чадавх, соёлгүй бол өнөөдрийн Монгол шиг болдог юм байна. Дэлхий дахин биднийг өрөвдөж, гайхаж, шүүмжлэн харж байна. Өвөг дээдсийн буянаар Францаас гурав дахин том газар нутагтай, их баялагтай, хоёр том хөршийн дунд тайван нөхцөлтэй, тэгэхдээ цөөхөн хүн амтай бид (Монголчууд) сайхан аж төрж болно доо? Өнгөрсөн 32 жилд бидний “дайсан” нь бид өөрсдөө л байлаа шүү дээ. Орос, Хятад хоёртойгоо зөв харьцаад байх соёл, чадвар л хэрэгтэй. Энэ хоёрын хэн нь ч биднийг эзлэхгүй, өөртөө нэгтгэхгүй. Дундаа бамбай улстай байх нь тэдэнд их ашигтай. Тэд шууд хиллэх аваас хэн хэнд нь таагүй зүйл олон гарах магадлалтай... Гарч ч байсан. Дэлхийд эхний тавд багтах хүчирхэн орнуудын дунд байрлаж байгаа нь том хувь заяа юм. Бидний хоёр талд уг гарлаараа Монгол угсааны хүмүүсээс бүрдсэн жийрэг, бүс нутаг бас байгаа. Тэд бидэндээ найрсаг хандсаар л байх болно.Манай хил хязгаар бүх уртаараа тайван байгаа нь бас л нэг давуу тал, тух тохь, том хэмнэлт билээ. Бид хоёр хөрштэйгээ төмөр замаар, авто замаар, агаараар, олон боомтоор холбогдсон, бараг л хэнээс нь ч, юуг ч шууд авах, бас өгөх боломжтой. Ганцхан ухаалаг, найрсаг харилцаа л чухал. Оросоос манайхыг дайраад Хятадруу хий дамжуулах хоолой тавигдчих аваас тун ч их ашиг гарна. Хоёр хөршийг маань даваад Монголруу ирэх дайсан гэж үгүй. XXI зууны 30-аад оны байдлаар Орос, Хятадын удирдлагад дэлхийн түүхэнд хамгийн зөв байр суурьтай хүмүүс, улс төрийн хүчнүүд байгаа нь тун ч том аз завшаан юм. Тэд улс орондоо ядуурлыг бууруулж, авилгатай тэмцэж, халамжийн сангууд  байгуулж, эх нялхсын эндэгдлийг багасгаж, өвчлөлтэй шаргуу тэмцэж, том жижиг бүх оронтой найрсгаар харилцаж байна. Орос, Хятад хоёр хэнд ч, юугаар ч боомилогдохгүй том, баян нөөц ихтэй улсууд шүү дээ. Энэ хоёр орон дэлхий дахиныг тулгуур, түшиг болсон хоёр төв байр нь тодорхой. Дээр нь Энэтхэг, бас АНУ, Бразиль, Япон нэмэгдэх биз ээ. Долларын ач холбогдол буурах хэрээр энэ жанжлагчийн байр суурь ганхах нь ч гарцаагүй. Боолын хөдөлмөрт суурилсан Ромын эзэнт гүрэн яалаа? Боол эзэмшил нурах хэрээр л сүйрсэн юм...

 

АНУ дэлхийг бүхлээр нь вассал болгох санаархлаа орхихгүй бол “Цас уулын цагаан арслан цагаа ирэхлээр шоргоолжинд бариулна” гээч л болох байх.

 

Өндийсөн, өссөн бүхнийг дарж, нурааж, доройтуулж байх дээрэнгүй бодлого нь АНУ-д өөрт нь булшны нүх ухах болно. Түүхэнд яг л тэгэж ирсэн нь баримттай зүйл. Асар их хүчтэй, том улс орон өөрөө дотроосоо л задарч байсан болохоос биш түүнийг гаднаас нь мөхөөх оролдлого дандаа л хад мөргөж байжээ. Их Британи өнгөрсөн нэр, нөлөөгөө санагалзаж, АНУ-ын туслалцаатайгаар Европ дахинд ноён суухыг оролдож байгаа нь ч нууц биш болчихлоо. Шинэ ерөнхий сайд нь “Хүргэн хүү хүчтэй гэхийн үлгэрээр орж саваагүйтэж эхэллээ. Энэнийхээ шанг хүртэж, ард түмнээ хохироож л дуусах байх. АНУ хэнд ч гэсэн найдвартай хамтрагч болж байгаагүй юм. Тэгээд ч арлын Англиас алсад байгаа улс орон. Уул нь “Айл гэрийн амь нэг, саахалт айлын санаа нэг” байвал зүгээрсэн...

 

“Хятад, Орос хоёр Монголыг маань эзэлнэ, залгина” гэж манайхан их ярих, бичих юм. Жинхэнээс тийм бодол, зорилго тэдэнд байхгүй. Байсан бол 1921-2021 оны хоорондох 100 жилд хэн нэг нь ч авчих л байсан. Бүтэн 100 жилд, Монгол НҮБ-ын гишүүн болоогүй байхад авбал авчих, эзлэвэл эзлэчих л байсан юм шүү! Одоо л бид энэ хоёртойгоо тун ч ухаалаг харилцах нь л чухал. Болчимгүй, бодлогогүй, төв түвшин биш, алсын хараагүй “савангийн хөөснүүдийн” үгэнд хөтлөгдөж л болохгүй. Ухаалаг оюунлаг хүн бол бүгдийг харж, бүхнийг тооцож амьдардаг. Тэрээр өөрийгөө ч хянана, орчноо ч хянана, дэлхий дахины асуудлыг ч сонирхоно, байгаль-экологийн нөхцлийг ч тооцно. Яг энэний адилаар улс орон нэг бүр өөрийгөө, хөршүүдээ, тив нэгтнээ, цаашлаад дэлхий дахины байдлыг таньж, тооцож, хянаж, зохицож амьдрах ёстой, олон улсын харилцаанд зөв, шудрага талд нь дуу хоолойгоо нэмэрлэж, дэмжсэн санал өгч байх учиртай. Мэдэхгүй зүйлдээ, бага мэдэх зүйлдээ мэдэмхийрэн оролцох, ярихаас зайлсхийж, мэддэг хүмүүс мэргэжлийн хүмүүсийн үгийг сонсож зөв мэдээлэл авч сурах хэрэгтэй. “Мэдэхгүйгээ мэдэхгүй байх гэдэг бол дээд тэнэглэл” гэсэн үг буй. “Олны газар үгээ цэнэ, ор ганцдаа биеэ цэнэ” гэсэн үг ч бас буй. “Хэрээ мэдэхийн гоо сайхан” гэх үнэлгээ ч бас байдаг. Үг хэлэх эрх чөлөө бол үнэтэй цэнтэйг, үнэнийг өгүүлэх эрх юм. Өнөө үед энэ нандин эрх, эрх чөлөөг “чөлөөтэй хараах, доромжлох, гүтгэх, үгүйсгэх” эрх мэтээр ашиглаж, ойлгож буй хүний тоо ихэд олширлоо. Ард түмнийхээ оюун санааны амьдрал, оюуны ертөнцийг  хогийн сав мэт санаж муу муухай үгсээр дүүргэх нь хатууруулж хэлвэл том гэмт хэрэг. Нэр, хаягаа нуугаад бусдыг харааж, доромжилж, гүтгэж байдаг этгээд бол “бараг л хүн биш”,  эрүүл  биш  нэгэн. Орос, Украины дайн хүн төрөлхтөний хувьд “Олныг таньж мэдэх, ухаарах самбар, үзүүлэн” болоод байна. Монголчууд бид ч зөв сургамж авч, зөв ойлголттой болох хэрэгтэй.

 

Яг үнэндээ бол, тэр тусмаа Монголчуудын хувьд коммунизм ба ардчилал хоёр аль аль нь л ижилхэн шахам туйлшрал юм шүү.

 

Энэ хоёрын дундуур нь, завсраар нь, өөрийгөө хадгалаад, уламжлалдаа түшиглээд явж байгаа улс орнууд л тогтвортой хөгжиж, дэвшиж байна. “Бусдад хөтлөгдөж яваа амьтныг мал гэдэг, өөрийгөө аваад явж чадаж байгаа амьтныг хүн гэдэг” хэмээсэн үг байдаг даа! Нэг ард түмнийг нөгөө нэг ард түмний эсрэг турхирдаг, нэг тивийн улс орнуудыг нөгөө тивийн улс орнуудад дайсан болгохыг хичээдэг, эсвээс цагаан арьстай хүн зоныг хар болон шар арьстнуудын дээр нь тавьдаг үзэл суртал бол хаана ч, хэзээ ч зөвтгөгдөх, дэмжигдэх учиргүй. Энэ бол оюун ухаант хүний мөн чанартай нэн харш зүйл. Нацизм, фашизм, милитаризм эцсийн дүндээ тийм үзэл сурталтай л нийлдэг юм. Түүхэнд ийм баримт, жишээ олон буй.

 

АНУ-ын шинэ жанжлал, Их Британий хуучин жанжлал, Натогийн түрэмгий авир, Европын холбооныхны дээдэлдэг, хамгаалдаг, эргэлзээтэй “үнэт зүйлүүд” гэх үзэл санаа нийлж хольцолдоод неонацист, неофашист шинж, зорилготой үзэл суртал болж хувирсан нь “сайн зүйл, дэвшилтэт зүйл, хүн төрөлхтөний маргаашийн үзэл суртал, зан суртахуун” болчихвол яанаа? Тэд ийм ирээдүйг эрхэмлэх болтлоо эвдэрчихлээ, уруудчихлаа гэж үү? Хэрэв энэ үнэн бол хүн төрөлхтөн тэднийг мөдхөн л бүх нийтээрээ  үзэн ядах болно. Африкийн, Латин Америкийн, Азийн, Ойрхи дорнотын том, томоохон орнууд энэ байдлыг ойлгочихоод хоорондоо үгсэж, нэгдэж эхэллээ шүү дээ. АНУ-аар ахлуулсан Нэгдсэн Европын нэр хүнд унаж, тэднээс олон улс орон зай барьж, жийрхэн, шудрага, найрсаг, найдвартай түншүүдрүү хошууран эргэцгээж байна. Олон улсын харилцааны “анатоми ч, физиологи ч, сэтгэлзүй ч” суурь өөрчлөлтөнд орохнээ.

 

Судлаач, профессор Д.Чулуунжав