Хуулийн хариуцлагаас хөнгөлөх хөтөлбөртэй боллоо
2014/06/15
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2014 оны 6 дугаар сарын 6-ний өдөр болсон ээлжит хуралдаанаас “Өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн гэрээ, хэлцэл /картель/ байгуулсан шийдвэр гаргасан тухайгаа сайн дураараа илчилсэн аж ахуй эрхлэгчийг захиргааны шийтгэлээс хөнгөлөхөд баримтлах журам”-ыг хэлэлцэн батлалаа. Ингэснээр Монгол улс анх удаагаа олон улсад “Leniency program” гэж нэрлэгддэг “Хуулийн хариуцлагаас хөнгөлөх хөтөлбөр”-тэй болж байгаа юм.
Аж ахуй эрхлэгчийн зах зээлд шударгаар өрсөлдөхөд саад болдог өрсөлдөөнд харш олон үйлдлээс өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн гэрээ, хэлцэл байгуулах буюу олон улсын хэллэгээр картель хийх зөрчил хамгийн их хор уршигтай бөгөөд улс орны эдийн засагт ихээхэн алдагдал учруудаг.
Өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн картель нь бичмэл хэлбэртэй гэрээ болон бусад олон янзын хэлбэртэй байдаг. Картельд оролцогч этгээдүүд илчлэгдэхгүйн тулд баримтуудыг устгах магадлал өндөр байдаг учир өрсөлдөөний байгууллагууд нь маш хүчирхэг, мөрдөн шалгах өндөр эрх мэдэлтэй, түргэн шуурхай, нууцлал өндөр түвшинд ажиллах ёстой гэж Олон улсын байгууллагуудаас зөвлөсөн байдаг.
Дээр дурдсанчлан нууцлагдмал, далд хэлбэрээр хийгдсэн картелийг илрүүлэх, нотлоход тулгарч байгаа бэрхшээлийг шийдвэрлэх зорилгоор улс орнууд гагцхүү энэ үйлдэлд хэрэгжих зохицуулалтын шилдэг арга болох “Хуулийн хариуцлагаас хөнгөлөх хөтөлбөр” буюу олон улсад “Leniency program” гэж нэрлэгддэг аргыг санаачилж, хэрэгжүүлж байна.
“Хуулийн хариуцлагаас хөнгөлөх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж буй улс, орнуудын өрсөлдөөний бодлого нь дараах үндсэн гурван зарчимд тулгуурлан уг хөтөлбөрийг дотоодынхоо хууль тогтоомжид нийцүүлэн батлан гаргасан байдаг. Үүнд:
1. Хуулийн хариуцлагаас хөнгөлөх эргэлзээгүй, ойлгомжтой үйл ажиллагааны дүрмийг журамласан байх;
2. Нөхцөл, шаардлагыг тодорхой зааж түүнд нийцсэн тохиолдолд хариуцлагаас чөлөөлөх, хөнгөлөх эсэхийг тодорхой журамласан байх
3. Анхдагч зарчмыг тодорхой журамласан байх болно.
Хуулийн хариуцлагаас чөлөөлөх хөтөлбөрийг анх 1978 онд АНУ хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд 1996 оноос Европын Холбоо амжилттай хэрэгжүүлж картельтай тэмцэх үр дүнтэй, сайн арга болохыг баталж чаджээ.
Өнөөдрийн байдлаар хуулийн хариуцлагаас хөнгөлөх хөтөлбөрийг Австрали, Австри, Бразил, Болгар, Канад, Чили, Хорват, Чех, Дани, Франц, ХБНГУ, Грек, Унгар, Япон, БНСУ, Мексик, Нидерланд, Шинэ Зеланд, Норвеги, Пакистан, Польш, Португали, Перу, ОХУ, Өмнөд Африк, Испани, Швед, Швейцар, Турк, Их Британи болон бусад улс, орнууд өөрийн хууль тогтоомжид суулган, түүнийг хэрэгжүүлэх журмыг гарган ажиллаж байна.
БНСУ-ын Шударга худалдааны хорооны хувьд илрүүлсэн картелийн зөрчлийн 90 гаруй хувийг хуулийн хариуцлагаас хөнгөлөх хөтөлбөрийг хэрэгжүүлсний үр дүнд амжилттай нотолсон байна.
Түүнчлэн картелийн үйлдлийн илрүүлэлтийг сайжруулах, таслан зогсоох арга, тогтолцоог боловсронгуй болгох шаардлага зүй ёсоор тавигдаж байгаа тул тухайн үйлдлийг хийсэн этгээдийг захиргааны шийтгэлээс хөнгөлөх буюу өршөөл үзүүлэх асуудлыг хуульчилж өгсөн билээ.
Картелийг хурдан шуурхай илрүүлж түүний үр нөлөөгөөр эдийн засаг, аж ахуй эрхлэгч, хэрэглэгчид учирч буй хор хөнөөлийг цаг алдалгүй таслан зогсоох нь тухайн картелийг үйлдсэн этгээдэд хуулийн хариуцлага ногдуулж цээрлэл хүлээлгэхээс илүү эрхэм, чухал байдаг.
Энэхүү журмыг баталснаар дээрх хуулийн зохицуулалт хэрэгжих боломжтой болох бөгөөд картелийн илрүүлэлтийн байдалд ахиц дэвшил гарч зах зээлийн өрсөлдөөний орчин сайжрах, аж ахуй эрхлэгчдийг хууль зөрчихөөс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой юм.