У.Хүрэлсүх: Дэлхийд хосгүй монгол наадмаа өнгө төгөлдөр, цог жавхлан төгс эхлүүлж байна
2023/07/11
Тулгар төрийн 2232, Их Монгол Улс байгуулагдсаны 817, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадам албан ёсоор эхэллээ.
Баяр наадмыг нээж, Монгол Улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Эртний нийслэл Хархорин хот дахин сүндэрлэн босож, монгол төрийн гал голомт өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийн алтан хэлхээнд өнө мөнхөд бадран мандаж байх болтугай. Энэ бол монголчууд бидний хүсэл тэмүүлэл байсан юм.
Аугаа түүхт нүүдэлчин гал голомтыг сахин суугаа монголчууд бид төрт ёсны их шүтээн есөн хөлт цагаан тугаа мөнх хөх тэнгэрт мандуулж, уяхан замбуу тивийн наранг уртын дуугаар мялааж, хөрст алтан дэлхийг хуурын эгшгээр хөгжөөж, хүн ард, уул усаа баясган дэлхийд хосгүй монгол наадмаа өнгө төгөлдөр, цог жавхлан төгс эхлүүлж байна.
Тэнгэр заяат монголчууд бидний өвөг дээдэс эдүгээгээс хоёр мянганы тэртээ Төв Азийн цээжинд төрт улсаа байгуулан, тулгар төрөө мандуулж, хүмүүний ертөнцөд суу алдраа дуурсгасан бахдам сайхан түүхтэй билээ.
Өнө эртний түүхтэй Хүннү гүрний бахдам түүх, баатарлаг гавьяаг Эзэн Чингис хаан залгамжлан Их Монгол Улсыг байгуулж, өрнө дорныг төвшитгөн, Монголын их амар амгаланг цогцлоон, хүн төрөлхтний түүхэнд монгол түмний нэрийг тамгалан үлдээсэн аугаа үйл хэрэг нь монгол хүн бүрийн зүрх сэтгэлд дархлагдан, монгол төрийн гал голомтод бадамлан ассаар байна.
1911 оны Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн, 1921 оны Ардын хувьсгал, 1990-ээд оны Ардчилсан өөрчлөлт шинэчлэлт нь монголчууд бидний ХХ зууны аугаа их ололт амжилт, шинэ зууны хөгжил дэвшлийн үндэс суурь болсон билээ.
Өдгөө манай улсын нэр хүнд, байр суурь олон улсын тавцанд өсөн бэхжиж, Монгол Улс дэлхий дахинд “Энх тайвны бэлгэ тэмдэг” болсон улс хэмээн үнэлэгдэх болсон нь монголчууд бидний өнөө цагийн бахархал, өнөд эрхэмлэн хадгалж явах үнэт зүйл юм.
Их зохиолч Дашдоржийн Нацагдорж нэгэнтээ “Монгол хэмээх нэгэн нэр ертөнцийн чихнээ дуурсгалтай, Монголын төлөө хэмээх сэтгэл миний зүрхнээ холбоотой” хэмээн шүлэглэсэн байдаг.
Тиймээс монгол хүн бүр Их Монгол Улсын гал голомтыг сахин суугаагаа гүнээ ухамсарлан, Эзэн Богд Чингис хааны суу алдар, үйл хэрэг, билиг сургаалыг эрхэмлэн дээдэлж, даган мөрдөж, төрт ёсны үнэт зүйл, өв соёлыг үр хойчдоо өвлүүлэн үлдээж, эв эеэ сахин бататгаж, улс орноо мандуулахад сэтгэл зүрхээ зориулж, хувь нэмрээ оруулах учиртай юм.
Шинэ зуунд Монгол Улс эдийн засгийн тусгаар тогтнол, аюулгүй байдлаа бататган бэхжүүлж, хүн төрөлхтний хөгжил дэвшилтэй хөл нийлүүлэн алхаж, “Хүчирхэг Монгол Улс”-ыг цогцлоон байгуулахын төлөө ард түмнээрээ нэгдэн нийлж, нэгэн санаа зорилгоор хамтдаа хүчин зүтгэцгээе.
Эрхэм хүндэт наадамчид аа,
Хүчит бөхчүүдийн дэвээ шаваа хүй мандлаа дүүргэж, аргамаг хурдан хүлгүүдийн төвөргөөн тал нутгаа донсолгож, эрхий мэргэн харваачдын эрчит сум хөх тэнгэртээ исгэрч, саруул ухаант, өндөр заяат миний Монголын ард түмэн хотол олноороо дэнж хотойтол дэлгэр сайхан наадаарай.
Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай" гэв.
Эвийн хүчээр мөнхөд тусгаар Монгол оршихыг бэлгэдэж нэрлэсэн “Эв мөнхийн тусгаар Монгол” нэртэй наадмын нээлт монголчуудын үнэт өв, түүх, соёл, нэгдмэл оюун санаа, хүн байгалийн хүйн холбоо, эв нэгдлийг орчин цагийн урлагийн олон хэлбэрээр дамжуулан нийт зургаан бүлгийн хүрээнд бүтээлчээр илэрхийлэн харуулжээ.
Зочин · 2023/07/16
Songoson hyn baina uu.
Зочин · 2023/07/15
Манай ерөнхийлөгч мундаг шүү
Зочин · 2023/07/11
80955877TANILTSA
Зочин · 2023/07/11
80955977
zochin · 2023/07/11
хэлсэн үг нь таалагдлаа