Шизофренийн талаарх буруу ойлголтын улмаас лам, бөөд үзүүлэх зэргээр хугацаа алдаж, өвчнийг хүндрүүлдэг
2023/07/17
"Солиорох эмгэг буюу шизофрени" өвчний үед илрэх шинж тэмдэг ба эмчилгээний талаарх зөвлөгөөг АУС-ийн Сэтгэцийн эрүүл мэндийн тэнхимийн эрхлэгч, Анагаах ухааны доктор З.Хишигсүрэн өгөв.
Шинжлэх ухааны талаас нь авч үзвэл энэ өвчин 15-29 насанд голчлон илэрдэг. Хүн амын дунд солиорох эмгэг буюу шизофрени өвчний тухай буруу ойлголт олон бий.
Тухайлбал өвчин үүсэх шалтгааны талаарх буруу ойлголтын улмаас лам, бөө, үзмэрчид хандах зэргээр эхлээд эмнэлгийн бус тусламж авах тохиолдол байдаг. Үүний улмаас хугацаа алдаж өвчнөө хүндрүүлдэг.
Сэтгэцийн эмнэлэгт хэвтүүлэхээр өвчин нь улам хүндэрдэг, хүчтэй эм тариа хэрэглэдэг гэх мэтчилэн буруу ойлголтоос үүдэн эмнэлэгт хэвтүүлэхээс татгалзаж, шаардлагатай үед нь тусламж үйлчилгээ авч чаддаггүйг тэрбээр хэллээ.
"Сэтгэцийн эрүүл мэндийн боловсролыг хүн бүрд" аяны хүрээнд солиорох эмгэгийн талаар Анагаах ухааны доктор З.Хишигсүрэн дараах мэдээллийг өгсөн юм.
Солиорол гэдэг нь хүний сэтгэн бодох, сэтгэл хөдлөл, ой тогтоолт, бусадтай харилцах, бодит байдлыг ухаарах чадвар гүнзгий хямарч хий үзэгдэл, дэмийрэл, үйлдэл хөдөлгөөн ихсэх, биеэ авч явах байдал нь хэвийн биш болсны улмаас өөрийгөө хянах чадваргүй болохыг хэлнэ.
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ)-ын тооцоолсноор энэ төрлийн өвчин нь хүн амын дунд түгээмэл тохиолддог эмгэгийн нэг юм. ДЭМБ-ын 2022 оны мэдээгээр
- Хүн амын дунд найман хүний нэг нь сэтгэцийн эмгэгтэй.
- 24 сая хүн шизофренитэй буюу 300 хүний нэг нь өвчилдөг.
Шизофренийн үед илрэх шинж тэмдэг:
- Хий юм харагдах, сонсогдох, үнэртэх, бие дээгүүр нь гүйх, амтагдах
- Үйлдэл хөдөлгөөн нь хэвийн биш болон эсвэл бие нь хөших
- Бодитой биш, учир утгагүй зүйл ярих
- Хэл яриа нь ойлгомжгүй, бодол санаа нь эмх цэгцгүй болох
- Үйлдэл хөдөлгөөн нь хэвийн үеийнхээс хэт ихсэж догшин ширүүн болох
Эмчилгээний үр дүнд зовуурь багассан үед эмчийн заалтаар эмийг үргэлжлүүлэн хэрэглэдэггүйн улмаас өвчин дахидаг. Мөн эмнэлэгт хандаж, тусламж аваагүйгээс хувь хүн, нийгэм, гэр бүлийн түвшинд болон хүний эрхийн зөрчилд сөрөг нөлөө гардаг.
Уг өвчний үед өөртөө болон бусдад сөрөг үйлдэл үзүүлж болзошгүй учраас олон нийтийн аюулгүй байдлыг хангах хэрэгтэй. Энэ өвчний үед авах хамгийн гол арга хэмжээ бол эмийн эмчилгээ юм.
Ихэнх хүн солиорох эмгэг буюу шизофренийг эмчлэгдэхгүй, хүнд өвчин гэж ойлгодог. Гэтэл эмийн эмчилгээний үр дүнд засрал авах боломжтой. Иймд өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эмнэлгийн байгууллагад эрт хандаж, тусламж үйлчилгээ авах шаардлагатай.
Сэтгэцийн өвчин нь нийгэм, хамт олны зүгээс тусламж дэмжлэгийг маш их шаарддаг. Ийм учраас эмийн эмчилгээний зэрэгцээ нийгэм, хамт олонд суурилсан тусламж үйлчилгээнд хамрагдах, эмийн эмчилгээг зөвхөн эмч мэргэжилтний зааврын дагуу хийнэ гэдгийг Анагаах ухааны доктор З.Хишигсүрэн зөвлөж байна.
ВИДЕО: