Нийслэлийн бүс нутагт хөрсөнд аскридоз гэх шимэгч хорхой тархсан гэх мэдээлэл цахимд түгж иргэдийг түгшүүрт автуулаад буй. Энэ мэдээллийн мөрөөр мэргэжлийн байгууллагуудаас тодруулав.

Бид ХӨСҮТ-ийн Эрт сэрэмжлүүлэг, хариу арга хэмжээ авах нэгжийн дарга Н.Сувдмаагаас тодруулахад "Аскридоз гэх шимэгч хорхой хөрсөнд гарсан гэх мэдээлэл фэйсбүүкээр явж байна. Ийм төрлийн хорхой нийслэлийн хөрсөнд гарч ирсэн, халдвар авсан тохиолдол одоогоор манайд бүртгэгдээгүй. Иргэдийг айдаст автуулаад байгаа дээрх мэдээлэл ташаа" гэдгийг онцлов.

Дээрх асуудлыг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс тодруулахад ч хөрсөн дээр аскридоз илрээгүй гэх мэдээлэл хэлж байгаа юм. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс өдөр бүр ариутгал хийж ажиллаж байгаа гэнэ.

Харин үерийн нөхцөл байдалтай холбоотойгоор Байгаль орчин, хэмжил зүйн төв лабораторийн гурван хүний бүрэлдэхүүнтэй баг газар дээр нь ажиллаж голын уснаас 18, үерт автсан газруудын халиа, тогтоол уснаас 21, Төв цэвэрлэх байгууламжийн оролт, гаралтын хэсгээс хоёр нийт 41 сорьцыг "Усны хяналтын төв лаборатори"-д хүргүүлэн усны физик, химийн шинжилгээг найм, бичил амь судлалын шинжилгээг зургаан үзүүлэлтээр хийжээ.

Шинжилгээний дүнгээр эдгээр уст цэгүүдийн ус бохирдлын индексээр үнэлбэл Туул голын ус дөрөвдүгээр зэрэг буюу "Бохирдолтой" ангилалд багтаж байсан бол Сэлбэ, Улиастай, Дунд голууд нь тавдугаар зэрэг буюу "Бохир" гэх дүгнэлт гарсан байна.

Түүнчлэн бичил амь судлалын үзүүлэлтээр шинжилгээнд хамрагдсан голуудын

  • 22.2 хувьд гэдэсний бүлгийн савханцар,
  • 16.6 хувьд халуунд тэсвэртэй гэдэсний бүлгийн савханцар,
  • 38.8 хувьд Е coli,
  • 16.6 хувьд эмгэг төрөгч бичил биетэн,
  • 6.25 хувьд сульфат задлагч агааргүйтэн тус тус илэрсэн юм байна.

Тогтоол усны тухайд шинжилгээнд хамрагдсан бүх цэгээс нянгийн бохирдол илэрсэн байна.

Тодруулбал

  • 66.6 хувьд гэдэсний бүлгийн савханцар,
  • 42.8 хувьд халуунд тэсвэртэй гэдэсний бүлгийн савханцар, 
  • 7.7 хувьд сульфат задлагч агааргүйтэн илэрчээ.

ХӨСҮТ-д өдөрт л 50-60 иргэн хандаж байгаагийн 6-8 нь гэдэсний савханцар халдвар оноштой тогтоогдож эмчлүүлж байгаа гэнэ.

Халдварын эрсдэлтэй энэ өдрүүдэд гэдэс гүйлгэх, ходоо болон гэдсээр хүчтэй хатгуулах, бие сулрах, халуурах. бөөлжих, хоолонд дургүй болох зэрэг шинж тэмдгүүд илэрвэл нэн даруй эрүүл мэндийн байгууллагад хандахыг ХӨСҮТ-өөс зөвлөж байна.

Эмнэлгийн байгууллагад хандаагүй тохиолдолд уушги, цөс, бөөр, бүдүүн шулуун гэдэсний шархлаа, шээсний сувгийн үрэвсэлт үүсэх эрсдэлтэйг эмнэлгийн байгууллагаас сэрэмжлүүлж байгаа юм. Түүнчлэн жирэмсэн эх халдвар авсан тохиолдолд урагт сөрөг нөлөө үзүүлж болох юм байна.

Ийм эрсдэлтэй нөхцөлд гараа тогтмол угааж, гэртээ чийгтэй цэвэрлэгээ хийхийг анхааруулж байв.

Ц.ЦОЛМОНБААТАР: МОГОЙН ИДЭВХЖЛИЙН ҮЕ ЕСДҮГЭЭР САРЫН ДУНД ХҮРТЭЛ ҮРГЭЛЖИЛНЭ

Түүнчлэн бамбай хоншоорт могой нийслэлд орж ирсэн хэд хэдэн тохиолдол бүртгэгдсэн. Тодруулбал он гарснаас хойш Нийслэлийн байгаль орчны газарт зэрлэг амьтадтай холбоотой 24 дуудлага ирсний 15 нь хортой могойтой холбоотой байсан гэнэ. Асуудлын хүрээнд Нийслэлийн байгаль орчны газрын амьтан, ургамал хариуцсан мэргэжилтэн Ц.Цолмонбаатараас тодруулга авлаа.

- Бамбай хоншоорт могой ихэвчлэн Улаанбаатар хотын хаагуур тархаж байна вэ?

- Нийслэлийн нутаг дэвсгэрт бамбай хоншоорт болон рашааны могой гэсэн хоёр төрөл зүйлийн могой тархаад байна. Бамбай хоншоорт могой нь хад асгатай газарт байх нь түгээмэл. Нийслэлд тархаж байгаа шалтгаан нь үерийн ус болон тээврийн хэрэгслээр дамжин орж ирээд байна л даа.

- Бамбай хоншоорт могойд хатгуулсан тохиолдолд ямар арга хэмжээ авах хэрэгтэй вэ?

- Могойд хатгуулсан тохиолдолд хамгийн ойр эмнэлгийн байгууллагад яаралтай хандах нь зөв. Мөн могойны зургийг дарах хэрэгтэй. Учир нь ямар төрөл зүйлийн могой вэ гэдгээс шалтгаалан эмчилгээ нь өөр, өөр байдаг. Мөн иргэд могой харсан тохиолдолд нэн даруй Нийслэлийн Байгаль орчны газарт 323780 утсанд дуудлага мэдээлэл өгөх ёстой байдаг.

- Могойг гаднаас нь хараад хортой, хоргүйг шууд ялгах боломжтой юу?

- Энгийн хүн хараад хортой, хоргүй гэдгийг нь шууд ялгах боломжгүй л дээ. Мэргэжлийн хүмүүс хүүхэн харааг нь ажиглаж, хортой могой эсэхийг нь тогтоох боломжтой. Хортой буюу бамбай хоншоор могойны хүүхэн хараа нь босоо, хоргүй могойнх дугуй байдаг. Манайхны зүгээс хоргүй могой гэх байдлаар хэнэггүйтэж хатгуулах явдал түгээмэл бий. Ийм тохиолдолд нэн даруй эмнэлгийн байгууллагад хандах нь зөв.

Могойг ойрхноос харсан бол цочиж огцом хөдөлгөөн хийх нь эрсдэл дагуулдаг. Боломжоороо мэргэжлийн байгууллагад хандах ёстой. Ингэснээр учирч болох эрсдэлээс сэргийлж болно. Ийм эрсдэлтэй үед хүүхдийг харгалзах хүнгүй тоглуулах нь том эрсдэл дагуулж байдаг. Тэр дундаа зуслангийн бүс, гэр хороололд ийм аюул ердөө хажууханд бий.

Могойн идэвхжилийн үе есдүгээр сарын дунд хүртэл үргэлжилнэ. Гэмтэл согог судлалын үндэсний төвд долдугаар сарын эхний хагаст могойд хатгуулсан 11 хүн тусламж үйлчилгээ авчээ. Үүний долоо нь 0-17 насны хүүхэд байсан гэнэ. Түүнчлэн амарч яваа иргэд могойд хатгуулах тохиолдол түгээмэл гарч байгаа юм байна.

Л.НАРАНТУЯА: ШИГҮҮ НОГООТОЙ ГАЗАР ХӨЛ НҮЦГЭН ЯВАХДАА МОГОЙД ХАТГУУЛАХ ТОХИОЛДОЛ ТҮГЭЭМЭЛ БАЙНА

ГССҮТ-ийн Түлэнхийн төвийн эмч Л.Нарантуяагаас зарим зүйлийг тодруулав.

- Суурьшлын бүсэд могой орж ирсэн нь иргэдэд айдас төрүүлж байна л даа. Иргэдийн зүгээс хаана, ямар нөхцөлд могойд хатгуулаад байна вэ?

- Могойд хатгуулах тохиолдол түгээмэл байна. Долдугаар сарын эхний долоо хоногт үед өдөрт 6-7 хүн ирж эмчилгээ авч байсан. Энэ хүмүүс салхинд гарч аялж явах үедээ могойд хатгуулсан байгаа юм. Яг одоогоор бол могойд хатгуулсан тохиолдол ирээгүй байна.

- Хүүхдүүд хатгуулах нь түгээмэл байна уу?

- Ирж эмчилгээ авч байгаа үйлчлүүлэгчдийг анзаарахад 0-16 насны хүүхэд байна. 0-5 насны хүүхэд болон ахмад улс могойд хатгуулахад хүндрэл эрсдэлтэй байдаг. Дулааны улиралд агаарт гарахдаа хүүхэд хөл нүцгэн явдаг. Энэ үедээ могойд хатгуулах өндөр эрсдэлтэй. Гэр хорооллын нөхцөлд ч могойд хатгуулах аюул бий.

- Манайхан могойг оролдоод хатгуулаад байна уу?

- Тийм тохиолдол бий. Мөн шигүү ногоотой газраар хөл нүцгэн явахдаа могойд хатгуулаад байна гэв.

Иргэд салхинд гарахдаа хөл нүцгэн явах. хүүхдийг хараа хяналтгүй тоглуулах зэрэг нь дээрх эрсдэлийг бий болгодог байна. Бага насны хүүхэд могойг оролдсоноор хатгуулах тохиолдол ч нэг биш бүртгэгдсэнийг эмч нар хэлж байна. Тэд гэр хороололд тоглож явахдаа могойд хатгуулжээ.

Хэрэв могойд хатгуулсан бол нэн даруй хамгийн ойр байрлах эмнэлгийн байгууллагад хандахгүй бол даамжирч амь насанд ч эрсдэл учрах аюултай ажээ.