Дэлхийн нүүрсний хэрэглээ 2021 онд 7.9 тэрбум байсан бол 2022 онд 8.3 тэрбум тонн болж түүхэн дээд хэмжээнд хүрлээ гэж Олон улсын эрчим хүчний агентлагийн (ОУЭХА) шинэ тайланд дурджээ. 

 

Орос, Украины дайны үр дагавраас үүдэлтэй эрчим хүчний хямралтай холбоотойгоор нүүрсний эрэлт өнгөрсөн жилийн туршид өсөж, энэ онд ч өссөөр байгааг тайланд тэмдэглэсэн байна.

 

2023 оны эхний хагас жилийн дүнгээр дэлхийн нүүрсний хэрэглээ 1.5 хувиар нэмэгдэж, 4.7 тэрбум тонн болжээ. ОУЭХА үүнийг цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэл (1-6 дугаар сард 1хувь), аж үйлдвэрлэл дэх нүүрсний хэрэглээ (2 хувь) нэмэгдсэнтэй холбон тайлбарлажээ. Нүүрсний эрэлт өнгөрсөн зургаан сарын хугацаанд хамгийн том хоёр хэрэглэгч болох Хятад, Энэтхэгт хамгийн их буюу 5 гаруй хувиар өсжээ. Энэ онд дэлхийн нүүрсний хэрэглээнд эдгээр улсын эзлэх хувь 70 хувь руу дөхнө гэж шинжээчид таамаглаж байна. 

 

Хятадын эрчим хүчний балансын 60 гаруй хувийг нүүрс эзэлж байгаа бөгөөд тус улсын аж үйлдвэрийн үйлдвэрлэлийн өсөлтийг харгалзан үзвэл эрэлт буурахгүй гэж шинжээчид таамаглаж байна. Түүнчлэн АНУ, Европын Холбооны орнуудын нүүрсний хэрэглээ буурсан ч Азийн өсөлтийг нөхөж чадахгүй байгаа нь уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг багасгах  зорилт, эрчим хүчний шилжилтийн явцыг удаашруулахад хүргэж болзошгүй гэж тайланд тэмдэглэжээ.

 

2023 оны эцэс гэхэд нүүрсний хэрэглээ өмнөх оныхтой адил ойролцоогоор 8.3 тэрбум тонн болно гэж ОУЭХА үзэж байгаа ч цаг агаарын нөхцөл байдал, томоохон хэрэглэгч орнуудын эдийн засгийн байдлаас ихээхэн хамаарна гэдгийг онцолсон байна. 

 

 

Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг