Ийм гарчигтай мэдээ өчигдөр буюу Ням гарагт Их Британийн “The Telegraph” сонинд нийтлэгджээ.

Уг мэдээнд Оросын байгалийн хий дамжуулах хоолойг Монгол улсын нутаг дэвсгэрээр дамжуулах талаар сангийн сайд Болдын Жавхлангийн байр суурийг нийтэлсэн байна.

Ноён Жавхлан “Сибирийн хүч 2” нэртэй энэхүү төслийн ажил ойрын саруудад идэвхэжнэ гэдэгт итгэлтэй байгаагаа хэлээд Монгол улс энэ төслөөс ашиг хүртэх боломжтойг онцолжээ.

“Бидний эцсийн зорилго бол хоолойг Монголоор дамжуулснаар тодорхой хэмжээний орлого олох, цаашлаад өөрсдөө бас худалдан авагч болоход оршиж байна” гэж тэр ярьсан байна.

Хэдийгээр Орос улс хөрш Украинд эзлэн түрэмгийлэх дайн өдөөсөн ч энэ боломжийг алдах нь эдийн засгийн хувьд утгагүйг Жавхлан сайд бас яриандаа онцолжээ.

“Монгол улс байгалийн хийн транзит орлогоос татгалзсан ч Орос улсын хувьд өөр хувилбар төлөвлөгөө байгаа. Тухайлбал Владивостокоор дамжин Хятадын зах зээлд гарах боломжтой. Тиймээс энэ боломжоос татгалзах нь ямар утга учиртай гэж? Бид үгүй гэж хэлсэн ч Орос улсад нөөц төлөвлөгөө байгаа тул боломжийг ашиглахад нээлттэй байх болно” хэмээн сайд тайлбарласан байна.

Тэр бас дэлхийн хоёр дахь томд тооцогддог Хятадын эдийн засгаас хамаарах хамаарал нь Монгол улсыг цар тахлын дараах хямралаас аварсныг энэ үеэр ярьжээ.

“Дайн дажинтай энэ үед Хятад улсын хил хаалттай байсан бол бидэнд ямар гамшиг тохиолдох байсныг төсөөлөхөд хэцүү” гэж Жавхлан хэлсэн байна.

 

Эх сурвалж: The Telegraph