З.Санждорж: Даншиг наадмыг үе үеийн Богдуудад хүндэтгэл үзүүлэх зорилгоор 1639 оноос хийж эхэлсэн
2023/08/04
Монголын бурхан шашинтны шинэ төвийн тэргүүн З.Санждорж "Даншиг наадам-Хүрээ цам" наадмын талаар өөрийн байр сууриа илэрхийлж Үндэсний мэдээллийн төвд өнөөдөр мэдээлэл өглөө.
Тэрбээр "Хүй долоо худагт энэ сарын 5, 6-нд "Даншиг наадам-Хүрээ цам" наадам зохион байгуулагдах гэж байна. Ер нь даншиг наадмын талаар далайцтай бодох хэрэгтэй. Энэ наадам болох тухай мэдээлэл хэвлэлүүдээр их явж байна. Ардчилсан нийгмийн энэхүү ороо бусгаа үед хэн нь хүссэнээ ярьж, хэрхэн үнэлж дүгнэх нь хувь хүний асуудал юм.
Даншиг наадамд аялал жуулчлалыг хөгжүүлэх, мөнгө олох гарц хэмээн ач холбогдол өгч байна. Дэлхийн хотууд аялагчдын татах олон арга хэмжээ зохион байгуулдаг. Хотоо хөгжүүлэх, хөрөнгө мөнгөтэй болох талаар бодох нь зөв. Гэвч даншиг наадам зохиовол хөрөнгө мөнгө далай тэнгис шиг урсаад ирнэ гэж бодох нь том эндүүрэл юм. Иймэрхүү том цар хүрээтэй арга хэмжээ цаана утга учир агуулсан байх ёстой.
Даншиг наадмыг 1639 онд анхдугаар Богдод хүндэтгэл үзүүлэх зорилгоор хийж байсан. Энэ нь наадмыг шашныг утга агуулгаар зохион байгуулж ирсэн түүхэн баримт бий. Тодруулбал даншиг наадам гэдэг нь үе үеийн Богдуудад хүндэтгэл үзүүлэн хийдэг ёслолын баяр байжээ. Тус ёслолын баярыг үргэлжлүүлье гэвэл анх зориулалтынх нь дагуу сэргээх ёстой.
Шашин шүтлэг хориг саадгүй болсон энэ үед гурван жил тутамд нэг удаа даншиг наадам хийж болох юм. Даншиг наадмыг зөвхөн нийслэлийн төлөө хийдэг баяр биш гэдгийг нь баримтуудаар нотлогддог. Тиймээс тус наадмыг хөрөнгө мөнгө олох хэрэгсэл болгохгүй зохион байгуулдаг болцгооё. Долоон хошуу даншиг наадам бол монголчуудын ёслол хүндэтгэлийн наадам юм.
Даншиг наадмыг одоогийнх шиг шоу хэлбэрээр зохион байгуулж нэр хүндийг нь алдагдуулж болохгүй. Мөн аль нэг улс төр, хүний нөлөөнд өртөн хийдэг байсан уламжлал байхгүй. Монголчууд өөрсдийнхөө түүх уламжлалыг харуулдаг баяр юм" хэмээн ярилаа.
Зочин · 2023/08/04
TANILTSN80955877