Сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй хэдий ч сэтгэл өөдрөг, эрч хүчтэй амьдрахыг эрмэлздэг Ч.Мөнгөндалай гэж залууг зөвхөн дугуй сонирхогчид төдийгүй хүмүүс андахгүй мэдэх болжээ.

Тэрбээр өөрийн хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн  Монгол орны үзэсгэлэнт байгальтай баруун  хязгаараар 5500 км аялах аялалаа 6 дугаар сарын 7-ны өдөр эхлүүлсэн юм. Ямартай ч Ч.Мөнгөндалай Лүн сум, Эрдэнэсант сум, Рашаант сум, Хархорин, Бат-Өлзий гэсэн газруудаар дайраад 500 км замыг туулан өнөөдөр Өвөрхангай аймгийн Хужирт суманд буудлаад байна.


Аялах газар бүрт нь МЗХ-ны орон нутаг дахь салбар холбоод хүлээн авч, дэмжиж цааш үргэлжлүүлэх их аянд нь гаргаж өгч байгаа аж. Ч.Мөнгөндалайгийн унадаг дугуйн аяллыг МЗХ-ны дэргэдэх “Залуу дугуйчин” клуб зохион байгуулж байгаа бол Монголын спортын сэтгүүлчдийн холбоо, Дохионы хэлний хэлмэрч, орчуулагчдын холбоо аяллыг дэмжин ажиллаж байна.

Түүнчлэн хүсэл мөрөөдлөө биелүүлэхээр зэхэж буй Ч.Мөнгөндалайд туслахыг хүссэн сайхан сэтгэлт  хүмүүсийн хандив өнөөдрийг хүртэл цугларсаар байгаа бөгөөд “Номин эрчим хүч” ХХК нь нарны зөөврийн зай өгсөн бол "Tedy" худалдааны төвийн залуучууд Galaxy S2 гар утас, Canon зургийн аппарат зэргийг өгч Ч.Мөнгөндалайгийнхаа аялалд нь амжилт хүссэн юм. Төрийн банкны 104400224360 тоот дансанд иргэд, байгууллагаас хандивын мөнгө ирсээр байна.