Баянгол дүүргийн Ерөнхий боловсролын .. дугаар сургуулийн арваннэгдүгээр ангийн хоёр хүү нийлж мэдээлэл зүйн багшаа зодсон тохиолдол энэ оны зургаадугаар сард болжээ. Мэдээлэлзүйн багш "Э"-г зодсон хүүхдүүдийг сургуулиас нь хөөсөн байна. Тухайн багштай холбогдож болсон явдлыг тодрууллаа.

- Тухайн үед ямар явдал болов. Багшаа барьж аваад л зодчихсон хэрэг үү?

- Би үүнийг зохион байгуулалттай хэрэг гэж үзэж байгаа. Өнгөрсөн зургаадугаар сард мэдээлэл зүйн кабинетад хичээл орж байлаа. Гэтэл миний биед халдсан хоёр хүү ариун цэврийн өрөө орохоор гарсан. Төд удалгүй намайг дуудахад нь яваад ортол хаалгаа дотроос нь түгжээд намайг зодож эхэлсэн.

- Энэ үйл явдал хэр хугацаанд үргэлжлэв?

- Ойролцоогоор 10 гаруй минутын турш миний гэдэс рүү цохиж, гуя руу өвдөглөсөн. Ингээд хаалга түгжээд гараад явсан. Би үйлчлэгчийг дуудаж хаалгаа нээсэн. Эргээд кабинет рүү яваад ороход намайг хүүхдүүдийн нүдэн дээр зодож эхэлсэн.

Ингэхдээ "Гөлөг минь дун аятайхан гаргаарай" гэхчлэнгээр хэлж байлаа. Анги дүүрэн хүүхдийн нүдэн дээр намайг ийм нөхцөл байдалд оруулсан.

- Та биедээ ямар гэмтэл авсан бэ?

- Хэсэг хугацаанд хэвлийгээр өвдөөд явж болохгүй байсан. Гуя ч маш хөндүүр байсан.

 -Эхлээд та хаана хандав?

- Шууд сургуулийн захиргаанд хандсан. Ингэхэд өнөөх зэрлэг хоёр хүүхдийг багш нарын зөвлөгөөний хурлаар оруулж хөөх шийдвэр гаргасан.

- Та энэ үйлдлийг зохион байгууллалттай гэж харж байгаа талаараа онцолж байсан. Энэ талаараа тодруулахгүй юу?

- Би Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст гомдол гаргасан юм. Ингээд гэрч хүүхдүүдээс мэдүүлэг авахад бүгд "Ийм асуудал огт болоогүй" гэж хариулсан байна лээ. Олон хүүхдийн нүдэн дээр болсон хэрэг шүү дээ. Ийм байхад л нуун дарагдуулсан ч зохион байгуулалттай үйлдэл. Өнөөдөр багшаа зодож байгаа бол маргааш ээж ааваа зодно. Гэмт хэрэгтэн болж л нийгэмд гарна гэсэн үг шүү дээ.

- Энэ явдлыг хуулийн байгууллага шалгаад хэрхэн шийдвэрлэв?

- Сургуулийн зүгээс энэ хүүхдүүдийг сургуулиас хөөлөө. Одоо та хуулийн байгууллагад ханд, бид өөр арга хэмжээ авах боломжгүй гэх байр суурийг илэрхийлсэн. Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст гомдол гаргасан ч энэ хэрэг хаагдсан. Үүнийг гайхаж байгаа гэв.

Тухайн багшийн ярьснаар мэдээлэлзүйн багшаа бүлэглэж зодсон хэргийг Баянгол дүүргийн цагдаагаас хаасан байна.

БАНГОЛ ДҮҮРГИЙН .. ДУГААР СУРГУУЛИЙН СУРАГЧ Э: МЭДЭЭЛЭЛ ЗҮЙН БАГШ ОХИДЫН БИЕД ХҮРЧ АЙЛГАЖ ИЧЭЭДЭГ

Харин тухайн ангийн хүүхэд дээрх үйл явдлыг өөр өнцгөөс тайлбарлаж байна.

- Танай ангийн хоёр хүү мэдээлэл зүйн багшаа зоджээ. Тухайн үед юу болов?

- Ийм асуудал болсон нь үнэн. Мэдээлэл зүйн багшийн биед халдсан хүүхдүүд сургуулиас хөөгдсөн.

- Яагаад багшаа зодсон юм бол?

- Тухайн багшийн хувьд ёс зүйгүй үйлдэл удаа дараа гаргаж байсан нь үүнд хүргэсэн. Ангийн хүүхдүүдийг цаг үргэлж хэл амаар доромжилдог. Ялгаварлан гадуурхдаг. Эмэгтэй хүүхдийн биед удаа дараа хүрч айлгаж ичээж байсан.

Шавь нараа царай зүсээр нь гадуурхаж. олны өмнө хэцүү байдалд оруулж байсан. Багш хүн гэдэг өөрөө шавь нартаа үлгэрлэх ёстой биз дээ. Гэтэл эсрэгээрээ хүүхдийн биед хүрнэ, янз бүрээр хочилж дуудна. Энэ нь зөвхөн манай ангид ч тохиолдсон явдал биш. Бусад ангийн хүүхдийг ч ялгаварлаж, айлгаж ичээсэн тохиолдол байгаа. Зарим хэвлэлд бол ямар ч гэм зэмгүй хүн ярьж байна лээ. Цаанаа ийм асуудал болсон. Үүнийг ялгаж, салгаж ойлгоосой гэж хүсэж байна гэлээ.

Дээрх асуудлыг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсээс шалгаж гэмт хэрэг, зөрчлийн бүрэлдэхүүн байхгүй гэж үзээд хаасан байна. Тухайн багшид гэмтлийн зэрэг тогтоогдоогүй бололтой.

Зураг