Дамдинсүрэнгийн гудамжны замд цууралт үүссэн тул Натурын гүүрний урд талын барилгын ажлыг зогсоосон
2023/08/14
Иргэдийн нэрлэж заншсанаар Натурын гүүрний урд талд баригдаж байгаа барилгын зөвшөөрлийг ямар учраас цуцалсан талаар Нийслэлийн ерөнхий архитектор тайлбар өгөв.
Нийслэлийн Ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга "Нийслэлийн Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Энхтуяа нарын гурван иргэний өмчлөлийн 1,685мк.в талбайтай газар дээр барилга барих хүсэлт ирсэн. Хүсэлтийн дагуу холимог ашиглалттай үйлчилгээний барилгын архитектур төлөвлөлтийн даалгавар, загвар зураг батлагдаад энэхүү талбайн 50 хувьд барилга барихаар зөвшөөрлийн гэрчилгээ олгогдсон байсан.
Долдугаар сард болсон үерийн үед тухайн байршилд суурийн нүх ухсан байдалтай байсан учир холбогдох байгууллагуудаас аюулгүй байдлаа хангах тухай шаардлагыг хүргүүлж байсан юм.
Үүний дараа наймдугаар сарын 3-ны өдөр тухайн байршил дээр буюу Дамдинсүрэнгийн гудамжны авто замд цууралт үүсэж, аюултай нөхцөл байдал үүссэн талаарх мэдээллийн дагуу тухайн байгууллагад шаардах хуудас өгч, барилгын ажлыг зогсоосон.
Мэргэжлийн байгууллагууд дүгнэлт гаргах ажиллагаа хийгдэж байна. Хот байгуулалт, хөгжлийн газраас наймдугаар сарын 9-нд сонсох ажиллагааны албан бичгийг тухайн иргэнд хүргүүлсэн бөгөөд хариу тайлбар авах хугацаа наймдугаар сарын 21-н. Энэ хугацаанд тухайн иргэдээс хариу тайлбар авахаар хүлээж байна.
Нийслэлд 2022-2023 онд барилгын ажлын 1,483 зөвшөөрлийн гэрчилгээ иргэн, хуулийн этгээдэд олгогдсон. Эдгээр иргэн, хуулийн этгээд 372 байршилд 751 барилга байгууламж барьж байна.
Барилга барих үйл ажиллагаанд норм, стандартыг баримтлахгүй бол үер усны үед нуралт үүсэх эрсдэл байгаа тул аюулгүй байдлыг хангаж ажиллах нь зүйтэй" гэв.
Уг барилгын зөвшөөрлийг Хотын дарга хувийн ашиг сонирхлоор хандаж цуцалсан гэх мэдээллийг иргэн олон нийтийн сүлжээнд байршуулжээ.
Зочин · 2023/08/14
S AWN80955877