Мэдээллийн технологийн салбарт “ITzone кампус”цахиур хагаллаа
2014/06/17
Саяхан ITZone компани нь зарим үйл ажиллагаагаа кампусын зохион байгуулалтанд оруулжээ. Тус компани 1997 оноос мэдээллийн технологийн салбарт програм хангамж хөгжүүлэлт, системийн интеграцчлал, мэдээллийн технологийн дэд бүтэц, үйлдвэр, барилгын автоматжуулалт, компьютер, тоног төхөөрөмжийн худалдаа, засвар үйлчилгээ, мэргэжлийн зөвлөгөө, гэрээт оутсорсинг зэрэг олон төрлийн үйлчилгээ үзүүлдгийг 10 мянга гаруй байнгын харилцагч нь андахгүй. 220 гаруй ажилтных нь 70 хувь нь инженер техникийн мэргэжилтэй залуус. Өнгөрсөн хугацаанд мэдээллийн технологийн чиглэлээр 400 гаруй томоохон төсөл амжилттай хэрэгжүүлсэн бөгөөд 50 орчим бизнесийн гадаад түншүүдтэй, салбартаа мэргэжлийн өндөр чадамжтай аж ахуйн нэгж юм.
У.Наранбаатар захирал нь програм хангамжийн инженер, мэдээллийн технологийн менежментийн мэргэжилтэй, банкны салбарт Мэдээллийн Технологийн удирдах албыг олон жил хашсан, дэлхийн 30 гаруй оронд бүтээгдэхүүн үйлчилгээгээгээ хүргэдэг гадны програм хангамжийн томоохон компанийн удирдлагын багт ажиллаж явсан туршлагатай нэгэн бөгөөд ITZone компанийн дэд захирлаар 5 дахь жилдээ ажиллаж байгаа юм байна.
Мэдээллийн технологийн бүтээлүүд нь 100 хувь хүний оюун ухаанд суурилж, хамгийн энгийнээс эхлээд нарийн төвөгтэй шийдлүүд нь мэргэжлийн үүднээс задлан шинжлэх, гүнзгий сэтгэн бодох төсөөлөх чадвар, инженерчлэлийн ур ухаан шаарддаг. Нөгөө талаас бусад салбаруудын үйл ажиллагааны онцлог процессуудын талаар тодорхой мэдээлэлтэй байж, харилцагчдийн зүгээс тавьж байгаа шаардлагуудыг бүрэн дүүрэн ойлгодог байх ёстой. Ийм нарийн мэргэжлийн хүмүүсийн хувьд өндөр бүтээмж, чанартай бүтээл гаргахад тав тухтай орчин голлох үүрэгтэй байдгийг тус компанийн дэд захирал У.Наранбаатарын багийнхан хоёр жилийн өмнө АНУ-ын Силикон Вали дахь дэлхийн мэдээллийн технологийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлж буй Facebook, Apple, Netflix, Oracle зэрэг компаниудаар зочлохдоо нүдээр үзэж танилцжээ. Тэндхийн ажилтнууд чимээгүй орчинд шаардлагатай бүх компьютер, техник хэрэгслээр бүрэн хангагдаж, хүссэн үедээ амрах, салхилах, хооллох, дасгал сургуулилт хийх, тоглох, мэргэжлийн мэтгэлцээн хийх зэргээр ажилладаг юм байна. Компани болгон кампусын зохион байгуулалттай агаад дээд зэргээр тохижуулж, түүгээрээ хоорондоо битүүхэн өрсөлддөг бололтой. Орчин үед хүмүүс амьдралынхаа ихэнх цагийг ажил дээрээ өнгөрөөж, залуус ч цалин хөлснөөс илүүтэй таатай орчин, соёлыг хардаг болж. Энэ л цагаас хойш эдгээр залууст Монголдоо ITZone кампус байгуулах санаа төрж, зорьж, төлөвлөж явсаар ажил хэрэг болгон саяхан нээлтээ хийсэн байна.
Нийслэлийн Хан-уул дүүргийн “Анун” төв дэх ITZone кампуст Software House буюу програм хангамж хөгжүүлэлтийн газар, Enterprise Solutions Center буюу байгууллага, аж ахуйн нэгжүүдэд зориулсан технологийн шийдлүүдийг танилцуулах төв, техникийн засвар үйлчилгээний төв, сургалтын танхим, амралт, чөлөөт цагийн байр, бараа бүтээгдэхүүний агуулах зэрэг газруудаа байрлуулсан байна. Кампусын байруудаар ороод явахад дотоод засал, загвар дизайн, тохижилтын шийдлүүд үнэхээр арай л өөр, гойд содон болжээ. Монголын мэдээллийн технологийн салбарт цоо шинэ хуудас нээсэн уг кампуст хөрөнгө оруулалт хийснээр мэдээллийн технологийн салбарын ажлын байрны дэлхийн стандартад ойртох, ажилтнуудаа тав тухтай орчноор хангах, мэдээллийн технологийн салбарын үнэ цэнэ, оюуны бүтээлийн үнэлэмжийгдээшлүүлэх, зах зээлд бодитойгоор таниулах, үндэсний компаниуд бүх талаараа чадавхжиж бүтээгдэхүүн, үйлчилгээгээ экспортод гаргах боломжийг эрэлхийлэхийг зорьжээ.Өнөөдөр манай зах зээл програм хангамжийг үнэлж буйтүвшин нь тухайн гүйцэтгэгч компанид хүн хүчээ нэмэгдүүлэх, тэднийг ур чадвараа дээшлүүлэх сургалтанд тогтмол хамруулах, харилцагч байгууллагууддаа чанартай, тогтвортой үйлчилгээг урт хугацаандаа үзүүлээд явах боломж, нөхцлийг төдийлөн бүрдүүлэхгүй байгааг үгүйсгэх аргагүй. Гэхдээ харилцагч байгууллагуудын зүгээс програм хангамжийн үнэлгээ жилээс жилд дээшилж байгааг бас дурдсан юм. ITZone кампусаас Силикон Вали-гийн компаниуд шиг дүрэм журамд чанд захирагддаг, цаг хатуу барьдаг, даалгаврыг хугацаанд нь чанартай гүйцэтгэдэг арга барил үнэртэж, мэдрэгдэж байлаа.
ITZone кампуст байрлах програм хангамжийн газар нь бүтээгдэхүүн хөгжүүлэлт, төсөл хөгжүүлэлт, мэргэжлийн үйлчилгээ гэсэн үндсэн гурван багтай. Бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн баг ERP буюу байгууллагын бизнес удирдлагын систем хөгжүүлдэг ба үүнд санхүү, бараа материалын нийлүүлэлт хангамж, харилцагчтай түншлэх, жижиглэнгийн борлуулалт, хүний нөөцийн удирдлагын систем багтдаг. Түүнээс гадна цахим сургуулийн систем, GPS-д суурилсан тээврийн хэрэгсэл, обьектын байрлал хянах системийг зах зээлд нийлүүлж байна. Төсөл хөгжүүлэлтийн баг 20 гаруй томоохон програм хангамжийн төсөл амжилттай хэрэгжүүлсний дотор прокурор, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын удирдлага хяналтын, үл хөдлөх хөрөнгийн эрхийн бүртгэлийн, хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн систем зэрэг өргөн цар хүрээтэй, нарийн төвөгтэй, урт хугацаа, хүн хүч шаардсан төслүүдийг нэрлэж болно. Мэргэжлийн үйлчилгээний баг Linux, Solaris, Oracle, Microsoft, VMWare зэрэг програм хангамжийн дэд бүтцийн системүүдийг суурилуулах, тохируулах үйлчилгээ үзүүлж, зөвлөгөө өгдөг. Наранбаатар захирлын хэлснээр эдний компаниас томоохон ААН-үүд, төрийн байгууллагууд мэргэжлийн зөвлөгөө, үйлчилгээг байнга авдаг бөгөөд энэ нь тэдний зах зээл дээр ялгарах гол стратеги нь юм байна. Одоохондоо өндөр мэргэшсэн инженерүүдээр мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх тал дээр “ITZone”-ы өмнө гишгэх компани алга. Тус салбарын чиг хандлага нь ч мэргэжлийн үйлчилгээнд суурилсан арга барил руу аажмаар шилжиж байгаа юм байна.
Тэрээр цааш нь ярихдаа манай залуусын оюуны потенциал гадныхнаас илүү гарна уу гэхээс дутахгүй, харин манайд чанарын удирдлагын тогтолцоо, чадавхийн түвшний үнэлгээ, борлуулалт болон үйлчилгээ үзүүлэх стандарт, гадаад хэлний өндөр мэдлэг, зуучлагч, түнш байгууллагатай харилцах зэрэг асуудал учир дутагдалтай байгаа нь дэлхийн зах зээлд оюуны экспорт хийхэд зарим тохиолдолд саад болж байна. Байгууллагын зах зээл бол хувь хүмүүсийн гар утсан дээрх Апп-уудаас өөр үйлчилгээ шаарддаг. Гэхдээ монголчууд бид оюуны экспорт хийхийн төлөө хүсэж мөрөөдөж, төлөвлөх ёстой, төлөвлөснөө шат дараалан гүйцэлдүүлж, нэг л өдөр дэлхийн асар том зах зээлд хөл тавьж чадна гэдэгт итгэлтэй байна.
Зочин · 2014/06/30
Маш сонирхолтой дараах