Нэгэн иргэн цахим хуудастаа хоёр цагийн шууд дамжуулалт хийж "Хятадад аюулд орсон 33 монгол хүнд яаралтай тусламж хэрэгтэй байна" гэдгийг мэдэгдсэн. Улмаар тухайн бичлэг баримт нотолгоотой бөгөөд хүнд нөхцөлд орсон хүмүүстэй утсаар холбогдож, нөхцөл байдлыг харуулсан юм.

Үүний дараагаар Гадаад харилцааны яам, Консулын хэлтэс тэдгээр хоригдсон, бичиг баримтаа хураалгасан иргэдтэй холбогдож туслахыг хүссэн.

Энэ мэдээллийн талаар Эрээн дэх Консулын газартай холбогдоход "Мэдээллийн дагуу тухайн хүмүүстэй холбогдож ажиллаж байна. Гадаад харилцааны яамны Консулын газарт дэлгэрэнгүй мэдээллийг хүргүүлсэн" гэх хариултыг өглөө.

5 САЯЫН ТӨМС ХУРААХ АЖИЛД ЯВААД ЗАЛИЛУУЛЖЭЭ

Цахим хуудаст мэдээлэл хийсэн иргэн хэлэхдээ "Тодорхой бус байгууллагын зараар зуучлагдаж, өндөр цалинтай ажиллахаар Хятад руу явсан монгол иргэд барьцаанд орсон байна. Хятадын Шилийн гол аймаг руу төмс хураалтын таван сая төгрөгийн цалинтай ажил хийхээр явсан 32 хүн барьцаанд орсон. Цахим хуудсаар зуучлагдаж холбогдсон хүмүүс наймдугаар сарын 6-нд очиж, нийт 31 хүн хохироод байна.

Нийт найман хүн нь гадаад паспортоо хураалгаж, барьцаад орж, дарамтад орсон байна.

31 хүнийг айлган сүрдүүлж, сүлжээгүй газар хорьсон байна. Тиймээс ГХЯ, Консулын газар яаралтай холбогдож, арга хэмжээ авна уу" гэсэн юм.

Консулын хэлтэст мэдээлэл өнөөдөр очсон бөгөөд цахим хуудаснаас энэ үйл явдлын талаарх мэдээллийг авсан байна. Эхний ээлжид хүмүүстэй холбогдсон бөгөөд ГХЯ, Консулын хэлтэс ажиллаж байна гэлээ.