Монгол Улсын Баатар Э.Бат-Үүл Монголын улс төрчид дунд Оросын эсрэг үзэлтэн гэдгээрээ магнайлдаг. Тэрээр Оросыг дэмжигчдийн зан төлөвийг тодорхойлсон дүгнэлтээ нийгмийн сүлжээг ашиглан хуваалцжээ.

 

Тодруулбал тэрээр: "Хүн яагаад мазохист юм бэ? гэдэг асуулт бол философийн хамгийн чухал асуулт байсаар ирсэн.Хүний мазохист чанар нь дарангуйлал руу тэмүүлдэг байдал дээр бүр ч их тод харагддаг.

Дарангуйллын хүчирхийлэл доор байхыг хүсдэг, хичнээн хатуу хүчирхийлэх тусам улам "янаг" болдог,тархиа угаалгах далд дуршилтай, өөрийнхөө хувь заяаны эзэн байж эрх чөлөөтэй явахаас илүүтэй тэжээвэр боол байхыг хүсдэг, өөрийнхөө эрх чөлөөнөөс илүү дарангуйлагчдын дур зоргыг биширдэг, захиргаадалтыг бахдан номхрох гэх мэт эрүүл ухаанд харш зовлон руу тэмүүлэх гажиг байдлыг, сэтгэгчид одоо хүртэл тайлбарлах гэж ядсаар байна! 

 

Энэ мазохизм манайхан дээр сүүлийн үед улам бүр тодорч харагдах боллоо.Зөвлөлт Оросын коммунистууд Монголд Их хядлага явуулж, монголчуудыг түүхэнд нь байгаагүй харгисаар "турсагыг нь хуулсан" бөгөөд тэгээд "тэжээвэр боол" шиг л "халамжилсан".

 

Энэ гунигт түүхийг мэдэхгүй монгол хүн үгүй! Тэгсэн хирнээ л зөвлөлт Оросынхоо "цэвдэг хайр"-ыг "янаглан санагчид" өнөөдөр улам нэмэгдсээр нь ер бусын! Монголын энэ мазохизмын учрыг олохгүй бол Монгол хөгжихгүй! 

Эрх чөлөөг нь олж өгөх гэж тэмцсэн хүний өөдөөс буудсан боолоос "яагаад ингэсэн юм бэ?" гэж асуухад "Би эзэнгүйгээр яаж амьдрах юм бэ!" хэмээн хариулсан гэдэг! Энэ тухай л ном бичих гэж би үйлээ үзэж байна даа!

Мартин Хайдеггерийн Дазайнд л учир байгаа бололтой" гэсэн байна.