ЦЕГ-ын дарга, хошууч генерал Ж.Болд өнгөрсөн долоо хоногт чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ. “...Юу болов” гэцгээж, залгаад таавар таамаг их л дуулдаж байна. Харин тэрбээр гадуур яригдаад байгаачлан эрүүл мэндийн шалтгаанаар чөлөөлөгдөөгүй, бас хөөгдөж бариад буугаагүй юм байна.

 

Эх сурвалжийн мэдээллээр “...Зарим нэг албан тушаалтантай зарчмын асуудлаар зөрчилдсөн” гэнэ. Тэгээд чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ. Энэ явдал долоо хоногийн сүүлчээр болсон юм. Мэдээлэл авсан цагдаагийнхан бужигнаад эхэлжээ. Нийтээрээ гэвэл дэгсдүүлсэн болно. Гэхдээ цагдаагийн удирдах албан тушаалтнууд энэ хэд хоногийг утаснаасаа “дүүжлээстэй” өнгөрөөж байх шиг байна.

 

Шинэ даргын сураг сонсох гээд тэр шүү дээ. Учир нь Ж.Болд генералын оронд ЦЕГ-ын даргын суудалд суучих санаатай хүмүүсийн марафон түүнийг өргөдлөө өгсөн оройноос л эхэлжээ. Марафонд оролцож буй генерал, хурандаа нар ч эхнээсээ ил болов. Тэдгээр уралдагсад “...ЦЕГ-ын дарга болно” гэдэг амбицаа нуухгүй байгаа аж. Одоогоор тун идэвхтэй гүйж байгаа нэр бүхий таван эрхмийн нэр дуулдаж байна. Өөрсдөө “...Би болъё” гээд ил гарч ирж чадахгүй ч далдуур бол бүх хүчээрээ өрсөлдөцгөөж байна. Энэ бүхнийг харсан зарим хүн их сонин санал гаргалаа. Сонин ч гэж дээ, болохгүй юм байхгүй л санагдав.

 

Тэр юу юм гэхээр “...ЦЕГ-ын дарга болох хүсэлтэй эрхэм генерал, хурандаа нарыг ингэж зовоож байхаар энэ албан тушаалд нь сонгон шалгаруулалт зарлачихсан нь шулуухан. Нутаг нуга, бяр нөлөөгөөрөө биш, мөрийн хөтөлбөрөөрөө өрсөлдөг” гэнэ. Санадаг л санаа аж. Ийн УИХ-ын ээлжит сонгууль болохоос хэдхэн сарын өмнө ЦЕГ-ын дарга өргөдлөө өгч чөлөөлөгдөж байгаа нь улс төрийн бас нэг “яриа”-ны сэдэв боллоо.

 

Үүнтэй зэрэгцээд Дээд шүүхийн ерөнхий шүүгч Д.Ганзоригийн асуудал яригдаад эхлэв. Уг нь түүнийг чөлөөлөх, чөлөөлөгдөх талаар ойрд яригдаагүй юм. Гэтэл орны хүн нь яригдаад эхэлсэн байна. Бүр нэр устайгаа шүү. Сарын өмнө Сүхбаатарт болсон Алтан овооны тахилга наадмын үеэр хуучны нэг том шүүгч ам алдсан байгаа юм. Тэрбээр “...Соёмбоо удахгүй ерөнхий шүүгч болно” гээд олон хүний дунд ярьжээ. Хуучны шүүгч яагаад ийм “хууч”-ийг олны дунд ярьсан нь анхаарал татав. Яагаад гэхээр Д.Ганзоригийн С.Баярцогтыг “аргалсан” гэх асуудал аль эрт дууссан. Цэц рүү хоёр ч яваад замхарсан. Одоо тэр мартагдсан. Ойрд түүнтэй холбоотой янз бүрийн факт дуулдаагүй. Тэгэхээр энэ нь өдөөн хатгалга байж болох юм. Эсвэл маш нууц явагдаж байгаа операцын талаар хашир шүүгч ам алдчихсан байж ч мэднэ. Ямартай ч ийм яриа шүүх даяар, шүүгч нарын өрөө дамжаад л яригдаж буй бололтой. Тэр ч байтугай “гудамж”-нд яригдаад эхэллээ. Түүнийг нь бид ийн дамжуулав. Ойрын үед ийм явдал, ярианууд явж байна. Одоогоор Улсын ерөнхий прокурор, АТГ-ын дарга зэрэг хууль, хүчний байгууллагын бусад удирдлагатай холбоотой мэдээлэл алга.

 

 

Б.ДАМДИН-ОЧИР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин