БТСУХороо Монгол Улсынхаа эсрэг, тамирчдынхаа эсрэг гэмт хэрэг хийсэн гэв
2023/09/12
Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага мэдэгдэл гаргажээ.
Уг мэдэгдэлд: "Монгол Улсын Их Хурал 2007 оны наймдугаар сарын 16-ны өдөр ЮНЕСКО-гийн 33 дугаар чуулганаар “Спортод сэргээш хэрэглэхийн эсрэг олон улсын конвенц”-д Монгол Улс нэгдэн орсныг соёрхон баталсан. 2005 оны аравдугаар сарын 19-ний ЮНЕСКО-гийн 33 дугаар чуулганаар “Спортод сэргээш хэрэглэхийн эсрэг олон улсын конвенц” батлагдаж, улс орнуудыг Допингийн байгууллага байгуулан ажиллах чиглэлийн дагуу Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага /МОNADA-МОНАДА/ 2007 онд төрийн бус байгууллагын статустай байгуулагдсан. Тус байгууллага нь Монгол Улсын баталсан Олон улсын хууль, Конвенц, Коде, Дэлхийн допингийн эсрэг агентлагийн удирдамж, зөвлөмжийн дагуу үүргээ хэрэгжүүлэн ажиллаж байгаа билээ. Гэтэл уг байгууллагын хамт олон, түүний удирдлагатай холбоотой баримтыг мушгин гуйвуулсан, нэг талыг барьсан, гүтгэж доромжилсон мэдээллийг хэсэг бүлэг хүмүүс цахим орчинд зохион байгуулалттайгаар түгээж байна. Тиймээс бодит байдлыг баримтаар олон нийтэд хүргэж байна.
Нэг. Монгол Улсын төр, Засгийн газраас нэгдэн орсон Олон улсын конвенцын ”11 дүгээр зүйлд “Санхүүгийн арга хэмжээ” гэсэн заалтын дагуу Монгол Улсын Засгийн газрын 2019 оны аравдугаар сарын 30-ны өдрийн 391 дугаар тогтоол гарч, БСШУСЯ-тай МОНАДА нь 2020 онд Гэрээ байгуулан ажиллаж, холбогдох ажлуудыг хийж, тамирчдын Олон улсын тэмцээн уралдаанд оролцох эрх нээгдэж, мөн гаргасан амжилт нь баталгаажин амжилттай өндөрлөсөн. Энэхүү Допингийн хяналтын хөтөлбөрийн санхүүжилт нь уг байгууллагын ажиллаж байгаа хугацаанд улсаас Допингийн хяналтын хөтөлбөрт зориулан гаргасан цорын ганц удаагийн санхүүжилт юм.
Хөтөлбөрийн хэрэгжилтийн тайланг өгөх хугацаа болоход спортын асуудал яаманд харьяалагдахаа больсон байсан тул Засгийн газрын хэрэг эрхлэх газраас өгсөн чиглэлийн дагуу Биеийн тамир, спортын улсын хороонд /БТСУХ/ 2021 онд хүлээлгэн өгсөн. Санхүүгийн олон улсын стандартын хүрээнд, хууль дүрмийн дагуу хийгдсэн, Санхүүгийн хөндлөнгийн Аудитаар хянан баталгаажуулсан тайланг БТСУХ “хүлээн авахгүй” гэсэн. Өөрсдөө тайлан хүлээж авахгүй гэсэн атлаа цаанаа олон улс руу WADA /ДДЭА/-т “МОНАДА нь төрийн байгууллагатай хамтран ажилладаггүй, мэдээ тайлангаа өгдөггүй” гэх мэт үлгэр зохиож мушгин гуйвуулж, албан тоот явуулж байсныг энд дурдах нь зүйтэй. БТСУХ-ны энэ бичиг тодорхойлолт тодорхой зүйлд ашиглагдан, МОНАДА-ын үйл ажиллагааг зогсооход чиглэгдсэн оролдлого байсан.
БТСУХ-ны даргын хүсэлтээр Үндэсний Аудитын газар 6 сар гаруй МОНАДА-гийн болон Хөндлөнгийн Аудитын материалуудыг шалгасан. Ингээд санхүүгийн ямар нэгэн зөрчил, алдаа дутагдал байхгүй байсан. МОНАДА-ын Допингийн хяналтын хөтөлбөр /ДХХ/-ийг хэрэгжүүлсэн зардал нь ямар нэгэн зөрчилгүйгээр 2021 ондоо Засгийн газар, Сангийн яаманд хаагдсан гэдгийг мөн тодотгох ёстой. Энэ баримтууд нь БТСУХ-ныхны “тайлан хүлээж авахгүй” гэдгийн ард зохиосон “тайлан өгдөггүй, төрийн байгууллагатай хамтран ажилладаггүй, санхүүгийн их зөрчилтэй, жил бүр улсаас төсөв авч хяналтгүй зарцуулдаг” гэх мэт нь бодит байдлаас хол зөрсөн худал мэдээлэл байсан гэдгийн нотолгоо юм.
Хоёр. Токиогийн Олимп болон Бээжингийн өвлийн олимпод оролцсон тамирчдын 2021, 2022 онд хийгдсэн Допингийн хяналтын шинжилгээний төлбөрийг БТСУХ-ноос энэ оны наймдугаар сарын дунд үе хүртэл шилжүүлээгүй явж ирсэн. Бид холбогдох төрийн байгууллагуудад удаа дараа хандаж, төлбөрийг саатуулснаас учирч болох эрсдлийн талаар мэдээлж, шаардаж ирсэн. Харин БТСУХ нь өөрсдийн алдааны “буруутнаар” мөн манай байгууллагыг тодруулж, тамирчдын допингийн шинжилгээний төлбөрийг зориудаар МОНАДА зориудаар төлөхгүй байгаа мэтээр худал ташаа мэдээлэл тарааж, олон нийтийг төөрөгдүүлж ирэв.
Спорт олимпизмийн салбар дахь цэвэр шударга өрсөлдөөний төлөөх тэмцлийн хэлбэр болсон Допингийн эсрэг олон улсын конвенц, коде-ийг Монгол Улсын төр, засаг бодлогоор дэмжиж байгаа. Гэтэл төрийн дунд шатанд Үндэсний шигшээ багийг хариуцаж ажилладаг, тамирчдаа бэлтгэдэг БТСУХ-ны албан тушаалтнууд нь тамирчдын амжилтыг баталгаажуулдаг допингийн шинжилгээний төлбөрийг шилжүүлэхгүй хоёр жил гаруй саатуулсны улмаас Олон улсын итгэмжлэгдсэн шинжилгээний лабораториос 2021, 2022 оны төлбөрийг дуусгавар болгохоос нааш Монгол Улсаас ДХХ-ийн шинжилгээг хүлээн авахгүй гэж мэдэгдсэн. Ингэснээр ДДЭА-аас өгсөн үүрэг даалгаврын дагуу Улсын шигшээ багийн тамирчдын ДХХ-ийн шинжилгээг /цус, шээсний/ Олон улсын Итгэмжлэгдсэн лабориторид илгээх боломжгүй болгосон. Улмаар үүний сөрөг үр дагавар нь ДДЭА-ын Нийцлийн хорооноос “Нэн ноцтой зөрчилд” бүртгэх хугацааг тогтоох болсноо мэдэгдэж, тодорхой өгөгдсөн хугацааны дотор өгсөн үүрэг даалгавруудыг хэрэгжүүлэхгүй бол Монгол Улсын тамирчид өөрийн орны тугийн дор жагсаж чадахгүй болохоос гадна Спортын олон улсын арга хэмжээний бүх эрхээ алдах тухай мэдэгдсэн.
БТСУХороо нь улсаа ийм байдал руу түлхэн оруулж, цаашилбал олон улсын байгууллагад худал мэдээлэл өгч байсан зэрэг нь Монгол Улсынхаа эсрэг, төрийнхөө далбааг мандуулахын төлөө хөлс хүчээ шавхан ажиллаж байгаа тамирчдын эсрэг хийсэн гэмт хэрэг биш гэж үү.
Гурав. Олон улсын байгууллага руу БТСУХ-ны албан тушаалтнууд байнга худал ташаа мэдээлэл өгч байсан ч, олон улсын байгууллага нь нэг талын мэдээллээр шийдвэр гаргадаггүй бөгөөд Дэлхийн Допингийн Эсрэг Агентлагаас Ажлын хэсэг томилогдон, “бодит байдлыг тогтоож, шийдвэрлэх”-ээр Монгол Улсад өнгөрсөн наймдугаар сард ирж ажилласан. Энэ үеэр МОНАДА нь конвенц, кодe, Олон улсын стандарт, ДДЭА-ийн заавар зөвлөмжийн дагуу үүргээ гүйцэтгэсэн байгааг тэмдэглэсэн. Харин БТСУХ нь өөрсдийн хариуцсан тамирчдын допингийн хяналтын шинжилгээний төлбөрийг 2021, 2022 онуудад огт төлөлгүй өдий хүргэснийг холбогдох баримт сэлтэд тулгуурлан тогтоосон. Лабораторийн шинжилгээний төлбөрийг нэн яаралтай төлж барагдуулахгүй бол, Монгол Улс ноцтой зөрчилд бүртгэгдэн Монгол Улс бүх эрхээ алдах нөхцөл үүссэнийг тодорхой ярилцсан. Энэ уулзалтын дараахан БТСУХ нь хоёр жил гаруй саатуулсан Монгол Улсын шигшээ багийн тамирчдын допингийн шинжилгээний 2021, 2022 оны төлбөрийг бүрэн төлсөнөөр шийдвэрлэгдсэн. Энэ баримт нь МОНАДА-ын үйл ажиллагааг гурван жил гаруй зориуд зохион байгуулалттай буруутгаж, нэр хүндийг гутаах гэсэн энэ оролдлого үнэнд гүйцэгдсэнийг нотлон харуулсан.
Дөрөв. Монгол Улсын Үндэсний баяр наадмын тухай хуульд бөхчүүдээс сэргээшийн шинжилгээ авахаар заасан учраас үндэсний бөхчүүдэд Олимп, ДАШТ болон олон улсын хэмжээний уралдаанд оролцож буй тамирчдад тавигддаг дэлхийн стандартын дагуу допингийн шинжилгээ хийгдэж байгаа.
Шинжилгээ авахаас эхлээд хариуг мэдээлэх хүртэлх үйл ажиллагаа нь Олон улсын стандартын дагуу хийгддэг бөгөөд бөхчүүдийн шинжилгээний сорьцыг аваад олон улсын итгэмжлэгдсэн лаборатори руу илгээх хүртэлх бүхий л процессыг хянадаг ажлын хэсгийн бүрэлдэхүүнд хууль, хяналтын бүх байгууллагуудын төлөөлөл багтдаг. Тиймээс хууль хяналтын байгууллагууд процессыг маш сайн мэдэж байгаа гэдгийг тодотгох нь зүйтэй. Ийм байхад Олон улсын хэмжээнд Конвенц, Коде, дотооддоо УИХ-аар батлан гаргасан хүчин төгөлдөр Үндэсний их баяр наадмын тухай хуулийг хэрэгжүүлж ажилласан Допингийн эсрэг байгууллагыг элдэв зүйлээр хардан гүтгэж, үйл ажиллагааны хараат бус байдалд халдах гэсэн оролдлого, буруу ташаа мэдээллийг олон улсын байгууллагад өгөх зэрэг нь хэрээс хэтэрч байна.
Олон улсын хэмжээнд Монгол Улсын нэр хүнд, Монголын тамирчдын амжилтыг баталгаажуулах үйл явцад оролцоно гэдэг нь дэлхийн стандартыг ёсчлон мөрдөж, дэлхийн дүрмээр тоглоно гэсэн үг бөгөөд МОНАДА үүрэг, хариуцлагаа чандлан биелүүлж ажилладаг гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Түүнчлэн МОНАДА-гийн үйл ажиллагаа нь Допингийн эсрэг конвенцийг Монгол Улс хэрэгжүүлж байгааг батлан харуулж байдаг нэн чухал үзүүлэлт гэдгийг тэмдэглэх нь зүйтэй.
Допингийн эсрэг байгууллагын хараат бус байдлын талаарх хууль эрхзүйн зохицуулалтын талаар, ЮНЕСКО-гийн Конвенц, Монгол Улсын олон улсын хууль, Дэлхийн допингийн эсрэг Коде-ийн 20.5.1-д МОНАДА нь Өөрсдийн үйл ажиллагаа болон шийдвэрийн талаар бие даасан байх, 20.4.3-д МҮОХ нь Допингийн эсрэг үндэсний байгууллагын өөрийн улс орны хэмжээнд бие даасан байдлыг хүндэтгэн үйл ажиллагаа болон шийдвэр гаргалтад нь нөлөөлөхгүй байх. 22.6-д Засгийн газар бүр өөрийн орны Допингийн Эсрэг Байгууллагын бие даасан байдлыг ханган үйл ажиллагаа болон шийдвэр гаргалтад нөлөөлөхгүй гэж тодорхойлон зааж өгсөн.
Эцэст нь, ДДЭА-ийн ирж ажилласан ажлын хэсгээс МОНАДА-д Конвенц, Коде-д заагдсан үүргийг биелүүлэн ажиллахын зэрэгцээ, Коде-ийн 20.5.1-д заагдсан МОНАДА-ын “Өөрийн үйл ажиллагаатай холбоотой шийдвэр гаргах, мөн үйл ажиллагаа явуулахдаа спорт ба Засгийн газраас хараат бус байх, үүний дотор, тухайлбал аливаа Олон улсын холбоо, Томоохон арга хэмжээ зохион байгуулж буй байгууллага, Үндэсний Олимпийн хороо, Үндэсний Паралимпийн хорооны удирдлага эсвэл үйл ажиллагаанд оролцож байгаа аливаа хувь хүн эсвэл спорт допингийн эсрэг хариуцсан засгийн газрын байгууллагыг тухайн үйл ажиллагааны шийдвэр болон үйл ажиллагаанд ямар ч байдлаар оролцохыг хориглоно” гэсэн зарчмыг баримтлах нь Нэгдэн орсон Конвенц, Коде-ийн хэрэгжилтийг хангаж байгаагийн нэг томоохон илрэл гэдгийг, Төр, засгийн удирдах албан тушаалтанд зөв ойлгуулан, нягт хамтран ажиллах хэрэгтэй гэснийг төр, засгийн байгууллагуудын сонорт хүргэж байна.
Дэлхийн допингийн эсрэг агентлагаас үндэсний байгууллагаар дамжуулан хэрэгжүүлж буй Допингийн хяналтын хөтөлбөр нь нэг талаасаа дэлхийн их спортын тавцанд Монгол Улсын нэр хүнд байр суурь, монголын тамирчдын олон улсын тавцан дахь амжилтыг баталгаажуулж байдаг чухал ач холбогдолтой үйл ажиллагаа. Нөгөө талаасаа тамирчин хувь хүний нууцтай нягт холбоотой байдаг. Тиймээс мэдээллийг нягталж, олон талт эх сурвалжаас авч тэнцвэртэй мэдээллийг олон нийтэд хүргэх ёс зүйн зарчмаа баримтлан ажиллахыг сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагуудад уриалж байна." гэсэн байна.
Зочин · 2023/09/13
S XNE TSAGAAR80955877
Зочин · 2023/09/12
Ganboldiin Gantuya gadaad hariltsaanii yamnd bugsuuruu ajild orson ynhan
Зочин · 2023/09/12
AX NARAAS XUSNEERE SEKSDN80955877
Зочин · 2023/09/12
S AWI80955877