УИХ-ын гишүүн, ҮХАА-н сайд Ш.Түвдэндорж өчигдөр  Төрийн өмчийг 2014-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл өргөн барилаа. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5 дэх хэсэгт зааснаар Улсын Их Хурал бүрэн эрхийн дагуу төрийн өмчийг хувьчлах үндсэн чиглэл, хувьчилж үл болох эд хөрөнгийн жагсаалтыг батлах бөгөөд нийт22 төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийг хувьчлах, өөрчлөн байгуулахаар Улсын Их Хурлын тогтоолын төсөлд тусгажээ. Төрийн өмчит хуулийн этгээдүүдийн хувьчлалыг “төрийн эзэмшлийн хувийг бүрэн хувьчлах”, “төрийн эзэмшлийн хувийг бууруулах” гэсэн хоёр ангилалд хуваасан харагдана лээ. Ингээд бүрэн хувьчлагдах болон төрийн эзэмшлийн хувийг бууруулах хуулийн этгээдүүдийг танилцуулъя.

Бүрэн хувьчлагдах хуулийн этгээдүүд буюу төрийн мэдэлд бус хувийн эзэмшилд очиж, зарагдах газрууд

1. “Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ” болон “Багануур, Зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” төрийн өмчит хувьцаат компанийг өргөтгөх, техник, технологийг шинэчлэх, зардал бууруулах, үйлчилгээний шуурхай, найдвартай байдлыг хангах зорилгоор нээлттэй уралдаант шалгаруулалтын аргаар үндэсний компанид хувьчлах;

2. “Цагаан шонхор” төрийн өмчит үйлдвэрийн газрыг нээлттэй дуудлагын худалдаагаар худалдах;

3. “Оргил рашаан сувилал” төрийн өмчит хувьцаат компанийг үйл ажиллагааных нь чиглэлийг өөрчлөхгүйгээр нээлттэй уралдаант шалгаруулалтын аргаар хувьчлах;

4. “Кино урлагийн дээд сургууль” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн төрийн эзэмшлийн хувьцааг бусад хувьцаа эзэмшигчдэд санал болгож, татгалзсан тохиолдолд нээлттэй уралдаант шалгаруулалтын аргаар хувьчлах;

5. ”Авто импекс” хувьцаат компанийн төрийн эзэмшлийн хувьцааг бусад хувьцаа эзэмшигчдэд санал болгож, татгалзсан тохиолдолд төрийн эзэмшлийн хувийг хөрөнгийн биржээр дамжуулан арилжих;

6. “Хөтөлийн цемент шохой” төрийн өмчит хувьцаат компанийн төрийн эзэмшлийн хувьцааг хөрөнгийн биржээр дамжуулан арилжих;

7.“Монсам” төрийн өмчийн оролцоотой хязгаарлагдмал хариуцлагатай компанийн төрийн эзэмшлийн хувьцааг нээлттэй дуудлагын худалдаагаар худалдах;

8. “Авто замын тоног төхөөрөмжийн түрээс” төрийн өмчит хувьцаат компанийн төрийн эзэмшлийн хувьцааг нээлттэй дуудлагын худалдаагаар худалдах;

9. Уламжлалт анагаахын шинжлэх ухаан, технологи, үйлдвэрлэлийн корпораци, Эрчим корпораци, Армоно корпораци болон Хөдөө аж ахуйн техникийн шинжлэх ухаан, технологи, үйлдвэрлэлийн нэгдлийг үйл ажиллагааных нь чиглэлийг өөрчлөхгүйгээр оюуны өмчийн үнэлгээг харгалзан зөвхөн салбарын эрдэмтэн, судлаачдын багт хаалттай уралдаант шалгаруулалтын аргаар хувьчлах;

б 

Төрийн эзэмшлийн хувийг бууруулах хуулийн этгээдүүд:

1. “Монголын хөрөнгийн бирж” төрийн өмчит хувьцаат компанийн бүтцийг өөрчлөн зохион байгуулж, нийт хувьцааны 34-өөс доошгүй хувийг төрийн эзэмшилд байлгаж, 66 хувийг үе шаттайгаар стратегийн болон санхүүгийн хөрөнгө оруулагч нарт санал болгох, хувьцааг Монголын хөрөнгийн бирж болон гадаадын нэр хүнд бүхий хөрөнгийн биржээр нээлттэй арилжих;

2. “Тариалан эрхлэлтийг дэмжих сан” төрийн өмчит үйлдвэрийн газрыг компанийн хэлбэрт шилжүүлж, 34-өөс доошгүй хувийг төрийн эзэмшилд байлгаж, 66 хүртэлх хувийг үе шаттайгаар хувьчлах;

3. “Хөдөө аж ахуйн бирж” хязгаарлагдмал хариуцлагатай компанийг хувьцаат компанийн хэлбэрт шилжүүлж, нийт хувьцааны 34-өөс доошгүй хувийг төрийн эзэмшилд байлгаж, 66 хүртэлх хувийг Монголын хөрөнгийн биржээр үе шаттайгаар хувьчлах;

4. “Монгол шуудан” төрийн өмчит хувьцаат компанийн нийт хувьцааны 34 хувьтай тэнцэх хэмжээнд нэмэлт хувьцаа гаргаж, Монголын хөрөнгийн биржээр арилжих;

5. “МИАТ” төрийн өмчит хувьцаат компанийн 51-ээс доошгүй хувийг төрийн эзэмшилд байлгаж, 49 хүртэлх хувийг нээлттэй уралдаант шалгаруулалтаар хувьчлах;

6. “Монголын цахилгаан холбоо” хувьцаат компанийн төрийн эзэмшлийн хувьцааг 34 хувь байлгах хэмжээнд нэмэлт хувьцаа гарган хөрөнгө оруулагчдыг татах;

7. “Мэдээлэл холбооны сүлжээ” төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн 34-өөс доошгүй хувийг төрийн эзэмшилд байлгаж, 66 хүртэлх хувийг энэ чиглэлийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдэд үе шаттайгаар хувьчлах;

8. “Шивээ-Овоо” хувьцаат компанийн төрийн эзэмшлийн 20 хүртэл хувьд ногдох хувьцааг дотоодын болон гадаадын нэр хүнд бүхий хөрөнгийн биржээр арилжих;

9. “Багануур” хувьцаат компанийн нийт хувьцааны 51-ээс доошгүй хувийг төрийн эзэмшилд байлгах хэмжээнд нэмэлт хувьцаа гаргаж, Монголын хөрөнгийн биржээр арилжихаар тогтоолын төсөлд тусгаад байна.

 

Эндээс үзэхэд  Засгийн газар  гарч болох сөрөг үр дүнг нь тооцолгүй зарж үрж идэж болох бүхнийг зарахаар төлөвлөжээ.

Тухайлбал “Оргил ” рашаан сувилалд ЭМ-ийн даатгалаа төлдөг  хүмүүс эсвэл  эмчийн бичгээр  хүнд өвчтэй хүмүүс үнэ төлбөргүй хэвтэн эмчлүүлдэг.   Тэгвэл Оргил раүаан сувилалыг хувьчилбал  бусад рашаан сувилалын ачаалал нэмэгдэж,  иргэд байгаль эхийнхээ шимийг  хүртэж чадалгүй ашиг харсан нэгэнд алдах нь. Хичнээн хүний эрүүл мэндийн асуудал яригдах нь тодорхой.  Үүнтэй зэрэгцэн энэхүү рашаан сувилалыг  Д.Кёкүшюүзан Батбаяр авах гэж байгаа бололтой юм. Лам хараар ном уншуулж байгаа харагдсан.

Үндэсний агаарын тээвэрлэгч "МИАТ" компани "Боинг" компаниас Б767-300ER загварын дөрвөн ширхэг агаарын хөлөг худалдан авахаар урт хугацааны гэрээ хийгээд байгаа бөгөөд Чингис бондын мөнгөөр  эхний онгоцоо аваад бөөн баяр болж байсан цаг саяхан.  Тэгтэл түмний хүчээр босгож байгаа энэ  салбараа  хэн нэгэнд бэлэглэх гээд байгаа нь ариун явдал хэрхэвч биш. Үүний цаана нэр бүхий хэсэг бүлэг хүний эрх ашиг, хөлжих  ёс бус бодлого байгаа нь  шууд харагдаж байна.

 Энд зөвхөн  хоёр газрын талаар жишээлэхэд хэн нэгний лобби, олон нийтйин эрх хөндөгдсөн асуудал яригдаж байна. Тэгэхээр бүгдийг нь дэлгэж үзвэл асуудал бүр ч их гарч ирэх нь тодорхой.

Эдийн засгаа сэргэтэл  хэдэн газраараа оролдохгүй байсан нь дээр дээ...

Э.Мөнгөн