Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. 

Өнөөдрийн хуралдаанаар

  • “Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2022 оны 362 дугаар тогтоолын хэрэгжилт, цаашид авах арга хэмжээний талаар
  • УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан нарын санаачлан боловсруулсан Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт
  • “Төрийн зарим чиг үүргийг Төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
  • Монгол Улсын Ерөнхий сайдын Хөгжлийн түншүүдтэй хийсэн уулзалтын талаар
  • Монгол Улсын Ерөнхий сайдын орон нутагт ажилласан талаар зэрэг 18 асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөжээ. 

ВИДЕО:

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Хотын даргыг чөлөөлөх, томилох тухай асуудал яригджээ. Эх сурвалжийн мэдээлснээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зүгээс Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар хууль зүйн сайд Х.Нямбаатарыг томилох шийдвэр гаргаснаа танилцуулсан байна.

Одоо МАН-ын Удирдах Зөвлөл 12:00 цагаас хуралдаж, нэр дэвшигчийн талаар хэлэлцсэний дараа НИТХ мөн хуралдаж, шийдвэрээ гаргана. Үүний дараа Хотын даргыг томилох Ерөнхий сайдын захирамж гарах хуулийн зохицуулалттай.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарыг нийслэлийн Засаг даргаар томилох шийдвэр гаргалаа. 

Сайд Х.Нямбаатар УИХ, Засгийн газрын гишүүнээс  татгалзаж, Хотын Засаг даргын ажлыг дангаар гүйцэтгэнэ. 

МАН-ын УЗ-ийн хурал болно. Хуралд Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ хүрээнд ХЗДХ-ийн сайд болон Түгжрэлийн сайдын албан тушаалд оруулна. 

Сүүлийн үед үүсээд буй Солонгосын 100 автобусны асуудлын талаар тэрбээр дараах мэдээллийг хэлэв. 

Энэ тухай "Ерөнхий сайдын зүгээс авто замын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн салбарын парк шинэчлэлийг хийх чиглэлд Улсын төсвийн хөрөнгө оруулалтад бодлого тусгаж, 320 орчим тэрбум төгрөгийг төсөвт суулгаж өгсөн байдаг.

Үүнтэй холбоотой асуудлыг хэрэгжүүлэх шатанд буюу тендер зарлаж сонгон шалгаруулалтыг хийх, цаашлаад сонгон шалгаруулалт хийсэн хувийн компани нь олон улсад үйл ажиллагаа явуулдаг томоохон автобус үйлдвэрлэдэг компаниудаас худалдан авалт хийх явц дээрээ бодитой алдаа, дутагдлыг гаргажээ гэж үзсэн.

Уг асуудалд олон нийт ч ихээхэн бухимдалтай хандсан. Энэ үүднээс нийслэлийн Засаг дарга өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн.

Нийслэлийн түвшинд, цаашлаад бүх дүүргийн түвшинд бүтэц зохион байгуулалтын томоохон шинэчлэл хийх үүргийг Ерөнхий сайд өгч байна.

Шинээр томилогдох засаг дарга нийслэлийн ард иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх, түгжрэлийн асуудлыг арилгахад бодитой шийдлийг гаргаж, ажиллах, ялангуяа өвлийн улирал ирж буйтай холбогдуулан агаарын бохирдлыг бууруулах чиглэлд дорвитой алхам хийх, үүнийгээ дагаад нүүрсний, боловсруулсан түлшний зохистой хэрэглээг нэвтрүүлэх чиглэлд анхаарал хандуулах үүрэг чиглэлийг өгсөн.

Нөгөөтээгүүр нийслэлийн газар зохион байгуулалт, хот төлөвлөлт зэрэг олон нийтийн бухимдлыг төрүүлсэн зүйлсэд бодитой шинэчлэл хийх, өмнөх удирдлагуудын гаргасан алдааг засварлах, дахин алдаа дутагдал давтагддаггүй байх чиглэлд үүрэг өглөө" хэмээв. 

Үргэлжлүүлэн "Х.Нямбаатар сайд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүнээс бүрэн татгалзаж, хотын засаг даргын үүргийг гүйцэтгэнэ. Ингэхдээ Засгийн газраас шийдвэр гаргаад нэг төрлийн бүрэн эрхт төлөөлөгч хэлбэрээр ажиллах нөхцөлийг бий болгоё.

Төр, засгийн зүгээс нийслэлийн асуудалд анхаарал хандуулж олон жил хуримтлагдсан, бугшсан идээ бээрийг шахахад бодлогын дэмжлэг үзүүлж, бүх салбар яам анхаарал хандуулж ажиллана" хэмээн ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан хэлэв.