Үндэсний телевизийн орчимд шинэ орон сууцны хороолол баригдана
2014/06/18
“МҮОНРТ” орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Дэд бүтэц” төслөөс 6 ширхэг ус дулаан дамжуулах төвийг барихаар болжээ.
Сүүлийн жилүүдийн хот, хөдөөгийн хүн амын өсөлтийн чиг хандлагыг харахад нийт дүнд эзлэх хотын хүн амын хувийн жин нэмэгдэж, хөдөөгийн хүн амын хувийн жин буурах төлөвтэй байна. Энэ нь манай улсын дотоод шилжих хөдөлгөөний урсгал гол төлөв төв, суурин газар руу тэр дундаа Улаанбаатар хот руу чиглэж байгаатай холбоотой юм.
Улаанбаатар хотын хүн ам 2013 оны жилийн эцсийн байдлаар 1372042 байгаа нь шинэ хороолол, дэд бүтцийг барьж байгуулах ажлыг эрчимжүүлэх шаардлага тулгарч байна. Улаанбаатар хотод суурьшиж байгаа 306,7 мянган өрхийн 470,6 мянган хүн ам буюу 39 хувь нь орон сууцны хороололд, харин 61 хувь буюу 736 мянган хүн ам гэр хороололд амьдарч байна гэсэн статистик судалгаа байна.
Нийслэл хот 9 дүүргийн 152 хороотойгоос 14 хороо нь алслагдсан дүүрэгт 106 хороо гэр хороололтой, орон сууцны 32 хороо байна. Улаанбаатар хотын хүн амын тэлэлт 1998 оноос хойш 14 жилийн хугацаанд 1998 онд 76000 өрх байснаас 2012 онд 184000 болж 108000 өрхөөр нэмэгдсэн тооцоо гарчээ.
Үүнтэй холбоотойгоор хэт төвлөрөл, замын түгжрэл, агаарын бохирдол, тоосжилт, хөрс усны бохирдол зэрэг том хотуудад нүүрлэдэг асуудал мөн адил нийслэлийн удирдлагуудын толгойн өвчин болж байна.
Харин Шинэчлэлийн Засгийн газар, Барилга хот, байгуулалтын яамнаас 2030 он хүртлэх хөгжлийн чиг хандлагыг тодорхойлж төвлөрлийг задлах нэг төвт хотоос олон төвд хот болон хөгжих зорилт тавин ажиллаж байгаа аж.
Засгийн газрын энэхүү дунд хугацааны зорилтын хүрээнд Нийслэлийн ИТХ-ын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу шинэ хорооллуудыг байгуулах ажлууд хийгдэж байна. Үүний нэг бол “МҮОНРТ-ийн орчим”-ын орон сууцны хороолол юм. Тус хороолол нь Баянгол дүүргийн 11-р хороо, Чингэлтэй дүүргийн 7,8-р хорооны нийт 35 газрыг хамарч байгаа юм. Нийслэлийн ИТХ-ын 2006 оны 12 сарын 06-ны 267 дугаар тогтоолоор хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлагдаж Гэр хорооллыг орон сууцны хороолол болгон хөгжүүлэх хөтөлбөрийн 1 дүгээр үе шатанд хэрэгжүүлэх төлөвлөгөөний дагуу ажил хийгдэж эхэлсэн. Төлөвлөлтийн 6 дугаар хэсэгт эхний ээлжийн барилгажилт эхлэн, 60 айлын орон сууцны барилга угсралтын ажил хийгдэж дуусаад байна. Ерөхий төлөвлөгөөний дагуу 4200 айлын орон сууц баригдаж 17700 хүн амтай болохоор тооцоолсон ба 4250 сурагчтай сургууль, 1060 хүүхдийн цэцэрлэг, өдөрт 620 хүн үзэх өрхийн эмнэлэг, 850 ажлын байр бүхий оффисын барилга, 1600 орчим хүн ажиллах соёл ахуй үйлчилгээний барилга, байгууламжууд баригдана.
Уг хорооллыг баригдах бэлтгэл ажлын хүрээнд Барилга хот байгуулалтын яамны “Дэд бүтэц” төслөөс МҮОНРТ орчмын хорооллын 6 хэсгийн 6 ширхэг ус, дулаан дамжуулах төвийн барилгын зураг төсөл, барилга угсралтын ажлыг 2014 онд хийж гүйцэтгэх юм.