2013 оноос найман хувийн хүүтэйгээр хэрэгжиж эхэлсэн ипотекийн зээлийн хүүг 2020 оны аравдугаар сараас зургаан хувь болгосон. Харин 2020 оноос өмнө зээл авсан зээлдэгчид найман хувийн хүүг хэвээр нь төлж байгаа. Үүн дээр тодорхой арга хэмжээ авах шаардлагатай байгааг УИХ-ын гишүүн Э.Батшугар чуулганы хуралдааны үеэр хөндлөө. Тэрбээр “Ипотекийн зээл 2020 оноос зургаан хувийн хүүтэй гарч эхэлсэн. 2013 оноос найман хувийн хүүтэй олгож байсан. Тэгэхээр хоёр хувийн зөрүүн дээр тодорхой арга хэмжээ авах нь зүйтэй гэж бодож байна. Учир нь маш олон иргэн цаг хугацааны асуудлаас болоод бодлогын золиос болж байна. Энэ хоёр хувийн зөрүүг нөхөхөд хэдэн төгрөг хэрэгтэй вэ. Үүн дээр Монголбанкны зүгээс ямар бодлого баримталж байна вэ” хэмээв. Түүний асуултад Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван 400 орчим тэрбум төгрөгийн нэмэлт эх үүсвэр шаардлагатай, бөгөөд энэ эх үүсвэрийг шийдвэл зөрүүг арилгах боломжтой гэв. 

Манай улсын гадаад валютын нөөц 4.1 тэрбум ам.долларт хүрч эдийн засагт эерэг үзүүлэлтүүд гарч байгаа. Гэхдээ эдийн засгийн өсөлт иргэдийн амжиргаанд нөлөө үзүүлэхгүй байгаа тул Төвбанк мөнгөний бодлогын шинэ хэрэгслүүдийг ашиглаж, илүүтэй цаг үеэ мэдэрсэн бодлого хэрэгжүүлэх ёстойг УИХ-ын гишүүн Э.Батшугар хэллээ. Тухайлбал, эдийн засгийн эргэлтийн гол урсгал болсон Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч, хувиараа бизнес эрхлэгчдийг дэмжих хүртээмжтэй санхүүгийн бодлого хэрэгжүүлэх. Мөн гадаадын төрөлжсөн хөрөнгө оруулалтын банкуудыг Монголд оруулж ирж, Шинэ сэргэлтийн бодлогын мега төслүүдийг хямд эх үүсвэрээр санхүүжүүлэх шаардлага бий гэдгийг тэрбээр тодотгосон юм. Түүнчлэн нийлүүлэлтийн гаралтай үнийн өсөлт, инфляцыг бууруулахад Засгийн газрын бодлоготой уялдуулах, цахим технологи, инновац шингэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээ нэвтрүүлж байгаа компаниудаа дэмжих зэрэг ажлуудыг ч хийх учиртай гэж байв. Түүнээс гадна арилжааны банкуудын зээл олголтын статистикийг харахад цалин, тэтгэвэр, хэрэглээний зээлийн хэмжээ өссөн, харин бизнесийн зээлийн хэмжээ хумигдсан байгаа тул шалтгаан нөхцлийг тодорхойлж ажиллах шаардлагатай байгааг Төвбанкны удирдлагуудад анхаарууллаа.

 

Валютын нөөц нэмэгдэж 4.1 тэрбум ам.долларт хүрчээ

Жилийн өмнө валютын нөөц 2.4 тэрбум ам.доллар болж, төгрөгийн ханш өдөрт 2-6 төгрөгөөр хэлбэлзэн унаж байсан. Тиймээс  өнгөрсөн оны аравдугаар сарын 5-ны өдөр Монгол Улсын валютын нөөцийг нэмэгдүүлэх талаар Засгийн газраас шийдвэр гаргаж байлаа. Тэгвэл энэ сард Монгол Улсын валютын нөөц 4.1 тэрбум ам.долларт хүрч, 1.6 тэрбум ам.доллароор нэмэгдээд байна. Энэ тухай эдийн засаг хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар “Энэ оны эхний  сарын байдлаар Монгол Улсын эдийн засгийн өсөлт 6.5 хувь болсон.

Мөн гадаад ваютын нөөц нэмэгдэж, төгрөгийн ханш харьцангуй тогтворжлоо. Тодруулбал, төгрөгийн ханш унаж, хамгийн дээд талдаа Монголбанкны албан ёсны ханшийн мэдээллээр нэг ам.доллар 3525 төгрөгтэй тэнцээд байсан бол өнөөдрийн ханш нь 3457 төгрөг болоод байна” гэсэн юм.

 

Б.БОЛОР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН 9. ДАВАА ГАРАГ. № 200 (7185)