28 дахь удаагийн Бусаны олон улсын кино наадмын хүрээнд МОНГОЛ өдөрлөг болжээ
2023/10/09
Соёлын яамны харьяа Кино урлагийн зөвлөл болон ажлын алба Бусаны олон улсын кино наадмын үеэр Монгол Улс “Монгол үдэш” арга хэмжээг амжилттай зохион байгууллаа.
Тус өдөрлөгийн хүрээнд Бусаны олон улсын кино наадамд дэлхийн өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн кино бүтээгчид болон Монгол Улсыг төлөөлөн оролцож буй уран бүтээлчдийг урьж оролцуулсан юм. Энэхүү арга хэмжээнд Монгол улсаас БНСУ-ын Бусан хотноо суугаа консул Ц.Өнөрзаяа оролцож, дэмжин ажиллалаа. Мөн калиграфчин С.Хөгжилбаяр Монголын Үндэсний Кино Урлагийн зөвлөлийн тус арга хэмжээнд оролцож Монголын үндэсний уран бичлэгийг олон улсын уран бүтээлчдэд таниулав.
Кино наадмын үеэр Монгол орны соёл уламжлал, үндэсний урлагийн тоглолтуудаас толилуулж, Монгол Улсад зураг авалтаа хийх боломжтой онцгой байршлуудыг танилцуулах үйл ажиллагааг гадаад, дотоодын зочдод зориулан зохион байгуулав.
Мөн Өмнөд Солонгос улсад ажиллаж, амьдарч буй Монгол уран бүтээлчид тус үйл ажиллагаанд оролцож, морин хуур, Монгол бүжиг, Лимбэний аялгуу, Алтайн магтаал хөөмий зэргийг зочдод сонирхуулсан билээ.
Дашрамд дурдахад Азийн орнуудад зохиогддог кино наадмууд дундаа А зэрэглэлийн наадам болох “Бусаны Олон Улсын Кино Наадам” нь 70 гаруй орны 200 орчим кино бүтээлүүдийг сонгон шалгаруулж 14 хэсэгт нэр дэвшүүлдэг билээ.
Энэхүү наадамд Монгол улсаас Найруулагч П.Золжаргалын “Баавгай Болохсон” /If Only I Could Hibernate/ уран сайхны кино, Найруулагч П.Лхагвадуламын “Сэр Сэр Салхи” /Сity Of Wind/ уран сайхны кино тус тус “A WINDOW ON ASIAN CINEMA” хэсэгт албан ёсоор шалгарсан байна. Тус хэсэгт 16 орны бүтээсэн 30 уран бүтээл шалгараад байгаа юм.