Ирэх оны төсөв эдийн засагч нарын овоо хараанд байна. Учир нь сонгууль тохиож буй. Төсвөөр халхалж сонгуульдаа сэм бэлдчихдэг гэдгийг өдгөө хэн хүнгүй мэддэг болчихжээ. Тэд тойргоо услах , иргэд сонгогчдыг татах том оноо авахаа ч үл мартана. Хэн хүнгүй төсвийг юунд зарцуулахыг ихэд сонирхож сууна. 

Орлого: 25.3 их наяд төгрөг

Зарлага: 27.4 их наяд төгрөг

Алдагдал: 2.1 их наяд төгрөг

Экспорт: 15.4 тэрбум доллар

Импорт: 10 тэрбум доллар

Гадаад худалдааны тэнцэл: +5.4 тэрбум доллар

Валютын нөөц: 5 тэрбум доллар

Эдийн засгийн өсөлт: 7%

Инфляц: 8.5%

ДНБ: 74 их наяд төгрөг

Засгийн газар дээрх тоон үзүүлэлт, төсөөлөл бүхий 2024 оны төсвийн төслөө УИХ-д өргөн бариад байна. 

-Ирээдүйд хадгалахгүй зээлэхээр төсөөлжээ-

Төсөв бүрдүүлдэг хамгийн том орлого бол уул уурхайн түүхий эдүүд гэдгийг мэдэх биз ээ. Тэр дундаа нүүрс. Энэ онд 50 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөсөн манай улс ирэх 2024 онд 60 сая нүүрс экспортолно гэж төлөвлөжээ. Уг нь уул уурхайн бүтээгдэхүүний орлого нэмэгдэхийн хэрээр ирээдүй хойчдоо үлдээх хуримтлалаа нэмэх нь зүй ёсны хэрэг. Харин манай улсад олохынхоо хэрээр үрнэ гэсэн зарчим үйлчилж хадгалахгүй ирээдүйгээс зээлж хэрэглэх статус барих нь ээ.  Үүнийг батлах нэгэн хуулийн төслийг 2024 оны төсвийн төсөлтэй хамт Засгийн газраас УИХ-д өргөн барилаа. Энэ бол Ирээдүйн өв сангийн тухайн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах төсөл юм.

Тус хуулийн нэгдүгээр зүйлд 2024 оноос ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс Төсвийн тогтворжуулалтын санд хуваарилаад үлдэх хэсгээс Ирээдүйн өв санд 65 хувийг нь хадгалах заалт бий. Ирэх жилээс эхлээд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тодорхой хувийг Ирээдүйн өв санд хуримтлуулж эхэлнэ гэсэн үг юм. Гэвч Засгийн газар уг хуульд өөрчлөлт оруулж хуримтлуулах хувь хэмжээг нь багасгахаар төлөвлөсөн аж. Уг өөрчлөлтөөс 2024 онд АМНАТ-өөс олсон орлогыгн 35 хувиар төсвийн цоорхой нөхөж, үлдсэн 65 хувийг нь Ирээдүй өв санд хадгалах хуулийн заалтыг өөрчлөхөөр байна. Ингэхдээ 2024 оноос 20, 2025 оноос 40, 2026 оноос 65 хувийг Ирээдүй өв санд хуримтлуулахаар тусгажээ.  Ийнхүү ирээдүйдээ хадгалах бус ирээдүйгээсээ зээлэхээр шийджээ. Гэхдээ энэ зээл хэзээ ч эргэн төлөгдөхгүй. Уг хуулийг баталснаар төсвийн орлого нэмэгдэж, шаардлагатай зардлыг санхүүжүүлэх нөхцөл бүрдэнэ гэж үзжээ. Шаардлагатай зардал гэдэг нь цалин, тэтгэвэр, тэтгэмжийн нэмэгдэл, гишүүдийнхээ тойрогт хийх бүтээн байгуулалтын зардалууд багтаж байгаа юм.  Сонгогчдын саналыг татах зорилгоор бусад үед шаардаад, жагсаад ч нэмдэггүй цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийх бүтээн байгуулалт гээд уртын урт жагсаалтыг УИХ-д өргөн барьчихсан. Үүгээр л тойргоод услаж эргэн гарах төлөвлөгөө үнэртүүлсээр ирэх оны төсвийг батлах нь тодорхой болов бололтой.

Эргэн сануулахад, Ирээдүйн өв санг анх байгуулж байхад тус сангийн мөнгийг 2030 он хүртэл хөндөхгүй байхаар хатуу хуульчилсан байдаг. Гэвч 2019 оноос эхэлсэн цар тахлын нөхцөл байдлын улмаас ард иргэдэд тарааж орхисон. Ингэж ирээдүй хойчийн хөрөнгийг үрэн таран хийхдээ хүүхдийн мөнгө хэлбэрээр тараасан. 

Сангийн яам л гэхэд, ирэх оны төсөвт нүүрсний экспортыг 60 сая тонноор, зэсийн баяжмалыг 1.5 сая, төмрийн хүдрийг 8.4 сая, 4.8 сая баррель газрын тос, алтны олборлолтыг 20 тонноор   тооцоолжээ. Нийтдээ 15 тэрбум ам.долларын экспорт хийх төсөөлөлтэй байна. Үнийн хувьд зэсийн ханшийг 9000 ам.доллар, нүүрсний тонныг нь 140 ам.доллараар тооцсон бол төмрийн хүдрийг 75 ам.доллараар төсвийн төсөлд тусгав. Нийт 15 тэрбум ам.доллар буюу 50 их наяд төгрөгийн  экспорт хийнэ гэжээ.

 

 

 

 

Холбоотой мэдээ: 

2024 оны төсвийн дийлэнх хувийг тэтгэвэр, халамж, зээлийн хүү, мөнгөн урамшуулалд зарцуулахаар тусгажээ