Тавдугаар сарын 5-ны өдөр баталсан НИТХ-ын даргын 60 дугаартай тогтоолоор НИТХ-ын хурлын 18 төлөөлөгч Бразил, Куба улсад туршлага судлахаар болсон.  Улмаар татвар төлөгчдийн мөнгөнөөс 120 гаруй сая төгрөгийг зөвхөн тээврийн зардалд  зарцуулахаар болсон мэдээлэл сүүлийн үед олны дургүйцлийг хүргээд байгаа.

Засгийн газар эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн арга хэмжээний хүрээнд төсвийн мөнгөөр гадаад улсад туршлага судлах нэрийдлээр амарч зугаалахыг хориглосон. Гэтэл НИТХ-ын тэргүүлэгчид  хоосон танхимд туршлага судалж байгаа, том толгойлсон “хэргээр” тэдэнд хариуцлага тооцохыг олон нийт шаардсан. Тэгвэл олон нийтийн энэхүү  шаардлагыг  Ерөнхий сайд Н.Алтанхуяг ёсоор болгож  НИТХ-д албан бичиг илгээжээ.  Албан бичигт:  “Төсвийн мөнгөөр Бразил руу аялсан НИТХ-ын нэр бүхий төлөөлөгчид, ажлын албаны дарга нараар зардлыг нь төлүүлж,  уг ажлыг анхлан санаачилсан албан тушаалтантай хариуцлага тооц” гэсэн байна. 

Тэгэхээр Бразил руу явсан нөхдүүд татвар төлөгчдийн мөнгийг эргүүлэн төлж,  ажлын албаны даргатайгаа  нийлээд  хариуцлага хүлээх нь тодорхой боллоо.

А.Баярмаа