Монголчууд бид автомашиныг гангараа биш харин хэрэглээ гэдгийг ойлгож, өдгөө бараг айл болгон 1-2 төмөр хүлэгтэй болжээ.

Ард түмний амьдрал хүндхэн байгаа учраас хүмүүс тэр бүр шинэ машин авч чадахгүй япон, солонгос хуучин машинуудаар хөл дүүжилж байгаа юм. Ноён долларын ханш нэмэгдэх тоолонд хөөрхий хэдэн жолооч нар “Бензин нэмэгдэхгүй байгаа?” хэмээн сандралдах болсон билээ. Монгол Улсад өдгөө арав гаруй компани шатахуун, түлш экспортлох монополь эрхтэй байгаа юм. Тэдгээрийн нэг болох “Петровис” компанийн шатахууны чанартай холбоотой асуудал сүүлийн нэг сарын туршид жолооч нарын ам дамжин яригдсаар одоо дээд цэгтээ хүрээд байна. 

Сүүлийн үед хуучин гэлтгүй цоо шинэ автомашинуудын бензин насос амархан эвдэрч, гайхаж хоцорсон жолооч нар нь авто засварын газруудыг олноор зорих болжээ.

Тэд нэг л зүйлийг ярих болсон аж. ““Петровис”-оос шатахуун аваад явж байтал машин хааз авахаа больчихлоо. Ямар ч хүчгүй болоод байхаар нь гайхаад та нар дээр ирж байна. Бас цагаан гол дуугарах болсон” гэнэ. Үзтэл бензин насос нь эвдэрчихсэн байдаг аж. Бензин насос нь эвдэрч, машин нь хүч муутай болоод байгаа гэх иргэдийн дийлэнх нь “Петровис” компаниар үйлчлүүлжээ. Эдгээр жолооч нар гомдлоо тус компанид гаргадаг ч сонирхолтой нь удахгүй гомдлоо буцаагаад авчихдаг болсон нь нэгийг хэлээд байгаа юм. 


Одоогоор нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын ажилтнууд хяналт шалгалтыг хийж эхлээд байгаа аж. Удахгүй тэд ч гэсэн ямар ч зөрчил илрүүлсэнгүй хэмээн амаа таглуулах вий дээ. Мэргэжилтнүүдээс энэ талаар тодруулахад “Манай зарим нэг компанийн оруулж ирэн АИ-92 хэмээн худалдаалж байгаа шатахууны октаны хэмжээ үнэндээ АИ-80-д байх хэмжээнд байдаг юм шүү дээ. Жолооч нар үүнийг сайн мэдэхгүйдээ хохирч байна. Евро АИ-92 бол манайд нийлүүлэгдэж буй АИ-95-тай октаны тоогоороо дүйж очно. Тэгэхээр машинаа удаан эдэлгээтэй байлгая гэвэл дор хаяж АИ-95, болж өгвөл АИ-98-ыг хийвэл зүгээр” гэж ярьж байх юм. Тэгэхээр манай зарим нэг компаниуд октаны хэмжээ багатай шатахуунаа АИ-92 гээд зарж байх талтай гэнэ. 

Сошиал ертөнцөөр ч “Петровис”-ын шатахуунаас болгоомжлохыг анхааруулсан элдэв постууд олноороо тавигдах болжээ. Та ч гэсэн болгоомжлоход илүүдэхгүй байх, эрхэм жолооч оо.