Улсын Дээд Шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зоригоор ажлаас халагдах өргөдөл өгүүлэх “ажиллагаа” эхэл­жээ гэх мэдээлэл чих дэлсэж эхэллээ. Ийм яриа нэгэнтээ чих дэлссэн бол заавал ёсоор болдогийг өнгөрсөн хугацаанд болж явдлууд харуулсан билээ.

Ц.Зоригийн хувьд шүүхийн салбарт  30 гаруй жил ажиллаж дам­жих ёстой бүх шат,  дамжлага, даваа нугачааг нь туулаад ирсэн мэргэжлийн хүн. Жалга довоор нь ангилбал Хэнтий аймгийн Өмнөдэлгэр нут­гийнх. Харин энэ удаад өргөдөл өгүүлэх бол­сон шалтгааныг нь Монгол Улсын гуравдахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаярын ялыг хөнгөрүүлсэн гэдгээр тайлбарлах хүн ч олдов. Гэхдээ хуулийнхан ам чангатай, хов жив ярих бус улстөрчдийн хэрэгт дурласанд цөөн үгээр тайлбар хийгээд “хэрэгт орчихдог” тул энэ талаар баттай хариу хэлэхийг хүсэхгүй байгаа аж.

Тиймээс дээрх мэдээлэл үнэн эсэхийг ойрын өдрүүдэд өрнөх үйл явдлууд харуулах биз ээ.

Түүнээс гадна саяхан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Улсын Дээд шүүхийн шүүгчдийг томиллоо. Энэ удаагийн Дээд шүүхийн шүүгчид шинэчлэлийн Засгийн газрын бодлогыг хэрэгжүүлэх, тэр тусмаа шүүхийн салбарын шинэтгэлийн цаг үед томилогдож байгаагаараа онцлогтой. Тэр тусмаа Хуулийн зүйн сайд Х.Тэмүүжин “Миний албан тушаал, улс төрийн карьер ч яамай. Энэ улсын хууль эрх зүйн салбарт жаахан ч гэсэн эрүүл агаар ороосой” хэмээн шударга ёсны төлөө юугаа ч золиослохоо илэрхийлчихсэн. Энэ цаг үед тус салбарын шинэчлэлд гар, сэтгэл нийлэн ажиллах бүрэлдэхүүнд хэн байх нь маш чухал болоод байгаа юм.

Улсын Дээд шүүхийн шүүг­чээр хэнийг томилох нь сал­барынхны төдийгүй ард түмний анхаарлын төвд байдаг. Учир нь тэд шударга үнэний “хаан” юм. Ээдрээтэй, эгзэгтэй бүх асуудал тэдний л алхны аясаар эцэслэн шийдвэрлэгддэг. Энэ удаад Улсын дээд шүүхийн шүүгчээр Б.Батцэрэн, Б.Цогт, Г.Ца­гаанцоож Д.Ганзориг, Д.Мөнхтуяа, Д.Цолмон, М.Батсуурь, Х.Эрдэнэсувд нарыг томилсон. Бүгдээрээ л олны танил, сал­барынхан нь “дотор, гаднагүй” мэдэх болсон фигурууд. Тэр ч байтугай “Арай ч дээ” хэмээн шүүмжлэлтэй хандаж буй жиг жуг шивнээ нь ч олон нийтийн сонороос холуур өнгөрөөгүй юм.

Тухайлбал Г.Цагаанцоожийн тухайд сахилгын арга хэмжээтэй. Сахилгын арга хэмжээ гэдэг нь аливаа хэргийг хууль бусаар шийдсэний төлөө мэргэжлийн үүднээс хариуцлага хүлээлгэж буй хэрэг. Гэтэл үүнийг үл харгалзан улсынхаа хамгийн өндөр дээд шүүхийн “манлайд залах” нь шударга бус байна гэж үзэх хүмүүс байна. Түүнчлэн Улсын Дээд шүүхийн шүүгчээр Б.Батцэрэн, М.Батсуурь нарыг томилсон нь олон жил хамтран ажилласан хүмүүсийг “онь холбон” томилсон хэрэг. Үүнийг салбарынхны дотор “харилцан барьцаалагдсан” гэж ярьдаг бөгөөд аль болох холдуулан томилох нь зөв гэж үздэг аж. Мөн Нийслэлийн шүүх болон Улсын Дээд шүүх, Тагнуулын ерөнхий газарт олон жил ажилласан “нууц” бөгөөд “гол” хүмүүсийн нэг болох Эрдэнэчулууны гэр бүлийн хүн болох Х.Эрдэнэсувдыг Улсын Дээд шүүхийн шүүгчээр томилсон нь нэлээд “но”-той томилгоо боллоо гэж үзэж буй гэнэ. Тэрбээр өмнө нь Нийслэлийн шүүхийн шүүгчээр ажиллаж байсан юм. Харин Сонгинохайрхан дүүргийн шүүхийн шүүгч Д.Ганзоригийг Нийслэлийн шүүхийн ерөнхий шүүгч Б.Сарантуяагийн фракцийнх гэнэ. Хачирхалтай нь олон нийтэд танигдсан, тус салбарын “эд, эс” мэт болсон төдийгүй мэдлэг боловсрол, туршлагын хувьд ч бишрэгдэх болсон Б.Сарантуяа хатагтайг шүүхийнхэн “Өрлөг эх” хэмээн сэм өргөмжилдөг гэлцэх аж.  Энэхүү фракцийнхан сүүлийн үед хүчээ авч, өнгөтэй өөдрөг яваа төдийгүй Улсын Дээд шүүхийн шүүгчдийн бүрэлдэхүүнээс харахад ч “Өрлөг эх”-ийн ивээлд байдаг тус фракцийнхан голчлон сонгогдлоо. Шүүхийнхэн энэ талаар хэзээ ч дэлгэрэнгүй ярихгүй нь тодорхой. Харин энд бичсэн зүйлтэй санал нийлэх хүн цөөнгүй байгаа биз ээ. Энд тэднийг буруутгах гэсэнгүй. Шүүхийн салбарын шинэтгэлийн төлөө гар, сэтгэл нийлсэн баг зүтгэхээр болж байгаа бол сайн хэрэг. Харин үгсэн хуйвалдах, харилцан барьцаалагдах аргаар асуудалд хандахгүй гэх баталгааг олон нийтэд андгай мэт өргөх учиртай. Нэгэнт энэ багийг өөрчилсөн болохоор Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зоригоор өргөдлийг нь өгүүлэх гэж буй нь бараг л үнэний ортой биз ээ. Түүний орыг хэн залгах бол. Зарим эх сурвалжийн таамаглаж байгаачлан Увс аймгийн шүүхэд ажиллаж байсан, эдүгээ УДШ-д ажиллаж буй н.Батсүрэн гэгч төдийлөн олны анхаарал татаагүй шүүгчийг гэнэт суга татах нь гэсэн таамаглал үнэн бол энэ салбарт шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлэхэд бүр ч дөхөмтэй байж мэдэх юм.

Эцэст нь хэлэхэд Улсын Дээд шүүхийн шүүгчээр томилогдсон хүмүүсийн орыг залгах хүмүүсийг сонгох нь бас чухал. Голдуу Нийслэлийн болон дүүргийн шүүхийн шүүгчээр ажиллаж байсан тэдний  оронд хэн томилогдох вэ гэдэг асуудал салбартаа тэгтлээ бүү доргилт үүсгээсэй. Шүүхийн салбарт хуулийн хугацааны тов нь дуусаж дараагийн хүмүүсийг томилох нь зүйн хэрэг. Энэ бүхнийг шинэчлэлийн Засгийн газрын халаа сэлгээнээс ангид ойлгуулж олон нийтийн дунд зөв сэтгэгдэл үлдээхэд анхаарч ажиллахыг сануулах юун. 

 

У.Оргилмаа