Өнөөдөр аравдугаар сарын 31 буюу “Halloween”-ий баярын өдөр тохиож байна. Уг баяртай холбоотой сонирхолтой мэдээллийг хүргэе.

Энэхүү баярын үүсэл гарвал нь 2000 гаруй жилийн өмнөөс эхтэй бөгөөд эртний Кельтүүдийн үеийн “Samhain” гэх зан үйлтэй холбоотой. Эртний Кельтүүд өвөл эхлэхийн өмнө элдэв муу ёрын сүнс, буг чөтгөрүүд гарч ирдэг гэж итгэн, тэнүүлч сүнснүүдийг зайлуулахын тулд аравдугаар сарын 31-нд галын наадам хийж, элдэв баг, зүүсгэл өмсөн “Samhain” гэх ёслол үйлддэг байжээ.

Харин VIII зууны үед III Пап лам Грегори арваннэгдүгээр сарын 1-ний өдрийг “Бүх хутагтын өдөр” хэмээн тунхаглаж байжээ. Энэ үед уг баяр нь зөвхөн католик шашны лам хуварга, мяндагтнуудын дунд шашны зан үйлийн хэмжээнд дэлгэрч байв. Улмаар X-XI зууны үеэс ард нийтийн дунд өргөн дэлгэрч, баяр ёслолын хэмжээнд тэмдэглэх болжээ. Нэрний хувьд “Halloween” гэдэг нь Hallowe’en буюу “All Hallows Even” гэсэн үгнээс гаралтай, бүгд тэгш тэнцүү тахин шүтэх ёслол гэсэн утгатай юм. Зарим улс оронд “Тахилгын өдөр” гэж тэмдэглэх нь ч бий. Барууны ихэнх оронд энэ баярыг тэмдэглэх бөгөөд нутаг нутгийн ойлголтоор өөр утга агуулдаг байна. Эхэн үедээ шашны зан үйлтэй нягт холбогдож, католик шашны томоохон төлөөлөгчид чухал ач холбогдол өгөн оролцдог байсан энэхүү баяр нь орчин үед хүүхэд залуусын хамгийн дуртай, айдас хүргэм өвөрмөц онцлогтой наадам, зугаа цэнгээн болсон байна.

Сүнсний баярын гол онцлог нь дэлхийгээр нэг хэрэн тэнүүчилж буй сүнснүүдийг хооллож, чанга дуу чимээ, хурц галаар хөөн явуулах юм. Ингэхдээ энгийн хүмүүс сүнсэнд танигдахгүйн тулд янз бүрийн хувцас, аймшгийн баг хэрэгсэл зүүн зүсээ хувилгадаг байна. Харин Шотландад залуу эрчүүд цав цагаан баг зүүгээд бусад биеэ хав хар даавуугаар далдлан айлуудаар зочилдог гэнэ. “Halloween”-ий баяраар гэрэл гэгээ харанхуйг ялна гэсэн утгаар хар болон улбар шар өнгийн хослолыг бэлгэ тэмдгээ болгодог аж. Энэ үеэр Америк, Лондон зэрэг орнуудад зочилбол цонхоо дээр үеийн маягаар засан чимэглэж, дээр нь маш олон лаа асааж тавьсан айлуудыг хаанаас ч харж болно. Мөн дэнлүү хийж, чимэглэсэн том жижиг хулуунуудыг хаа сайгүй өлгөсөн байхаас гадна хамгийн том хулуу тарьсан хүмүүсийг уралдуулан шагнадаг уламжлалтай.

“Halloween”-ий баярын зоогонд алимыг голчилдог бөгөөд алиман чихэр, алимтай ундаа, алимны нухаш, алимтай бялуунуудыг гэрийн эзэгтэй нар гараа гарган хийнэ. Дээр нь ундаа, хатуу чихэр, янз бүрийн хэлбэр дүрстэй хатуу болон зөөлөн жигнэмэг гээд л чихэрлэг амттанг ихээр хэрэглэдэг аж.

Энэ өдрийг улс орон бүрд өөр өөрөөр тэмдэглэх боловч уламжлал болсон нийтлэг хэдэн тоглоом, зан үйл байдаг. Тухайлбал, залуус багт наадмын үдэшлэг зохиож, айл өрх, албан газрууд үүдэн дээрээ засч чимэглэсэн хулуун дэнлүү тавьж, гэр орон, гудам талбайгаа аймшгийн маягаар чимэглэж, нар жаргасны дараа хүүхэд багачууд нийлэн хөршүүдээсээ чихэр гуйж, гэр бүлээрээ аймшгийн кино үзэж өнгөрүүлдэг заншилтай.

“Jack O’Lantern” буюу хулуун дэнлүү

Эртнээс уламжилж ирсэн гол уламжлалуудын нэг бол “Jack O’Lantern” буюу хулуун дэнлүүнүүд юм. Хулуун дэнлүүний түүх, уг гарвал нь яг тодорхой бус ч 1660-аад оны үеэс Англид хэрэглэж эхэлсэн гэж үздэг. Мөн Ирландаас үүссэн гэх нь ч бий.

Анхлан манжингаар хийдэг байсан нь хожим хулуу болж өөрчлөгдсөн байна. Эдгээр хулуун дэнлүү нь буг чөтгөрийн муу илчийг хөөн зайлуулдаг гэж үздэг байна. Үүний талаар улс орон бүрд янз бүрийн домог яриа байдаг ч хамгийн түгээмэл нь чөтгөрийг хэдэнтээ хуурсан овжин Жэкийн талаарх домог юм. Тэрбээр там эсвэл диваажингийн алинд ч амьдрах эрхгүй хүн байсан гэх бөгөөд дэлхийгээр хэрэн хэсүүчлэх шийтгэл хүлээж элдвийн муу бүхнийг замаасаа зайлуулахын тулд дэнлүүгээрээ даллаж явах болсон гэдэг. Түүний дэнлүүнээс чөтгөрүүд айн зугтдаг байжээ. Ийн хулуун дэнлүүг түүний нэрээр нэрлэх болжээ.

“Halloween”-ий баярын багт наадам

Сүнсний баярын багт наадамд хамгийн чухал нь хувцаслалт. “Halloween”-ий багт наадмын үдэшлэгт явж байгаа хэн бүхэн хамгийн өвөрмөц, сонирхолтой, аймшгийн дүртэй хувцас өмсөхөөр өрсөлддөг. Тэр дундаа гадны томоохон одууд, Холливудын жүжигчид, дуучдаас “Halloween”-ий баярын багт наадамд хэн нь хамгийн өвөрмөц хувцаслах бол хэмээн дэлхий нийтээрээ сонирхоцгоож байдаг билээ. Барууны оддоос Ким Кардашиан, Лэди зэрэг одод жилийн жилд өвөрмөц хувцаслалтаараа шуугиулдаг бол өнгөрсөн 2014 онд супер модель Хэйди Клам эрвээхэйний өмсгөлөөрөө шилдгээр тодорч, залуу дуучин Майли Сайрус хагас нүцгэн хулганын хувцсаараа олны анхаарал татаж байв.

Аймшгийн баяраар өмсдөг хамгийн түгээмэл хувцас нь Франкштэйн, Дракула гэх мэтчилэн америк зохиолчдын алдарт бүтээлүүдийн баатруудын дүрийг дуурайлгасан хувцас хэрэглэл аж. Хүүхнүүдийн хувьд эртнээс уламжилж ирсэн гол хувцас нь шүүр унасан шулмасын хувцаслалт бол сүүлийн үед янз бүрийн харь гаригийн амьтан, киноны муу талын баатрууд, муур эмэгтэй, мөн уламжлалт сүнс сүг, зомбины хувцсыг ихээр өмсөх болжээ. Түүнчлэн эр, эм ялгаагүй хүн чоно, цус сорогч, гоблинууд, араг яс, аалз, элдэв дүр төрхтэй мангас, харь гаригийн амьтныг дуурайн хувцасласан хүмүүс дэлхийн улс орон бүрийн сүнсний баяраар харагдах болсон.

 

Хуурах уу, дайлах уу

Жил бүрийн аравдугаар сарын 31-ний орой Англи, Америк, Ирланд, Шотланд гээд барууны ихэнх оронд янз бүрийн бяцхан чөтгөр, шулмасын дүрд хувирсан хүүхдүүд гартаа уут бариад хөрш зэргэлдээх айлуудаараа хэснэ. Тэд хаалга онгойнгуут уутныхаа амыг нээж “Trick or treat” буюу “хуурах уу, дайлах уу” гэж хэлдэг. Ингэхэд гэрийн эзэн уутанд нь амттан юм уу, цаасанд боосон чулуу хийнэ. Энэ заншил нь хүүхдүүдийг баярлуулахгүй бол муу юм болно гэсэн мухар сүсгээс үүдэлтэй ч, одоо үед үүнийг хүүхдүүдийг баярлуулах сайхан завшаан хэмээн үзэх болжээ.

“Halloween” ба мухар сүсэг

Сүнсний баяраар цээрлэдэг зүйл бас бий. Хэрэв энэ өдөр аалз харвал тухайн хүнийг сүнс дагаж явдгийн илэрхийлэл болдог юм байна. Мөн англичууд цагаан мууртай таарвал тун удахгүй муу ёр биеллээ олж ямар нэгэн таагүй зүйл тохиолдоно гэж итгэдэг ажээ. Тиймээс оройдоо хонх жингэнүүлэн чөтгөрийн сүнсийг үргээж байна хэмээн домнодог аж.

Америкчууд сүнсний баяраар хар мууртай таарвал тэр жилдээ аз тохионо гэж бэлгэшээдэг гэнэ. Харин гэр орноосоо хол яваа хүмүүс биедээ давс түрхсэн зүсэм талх авч явбал сүнсний хорлолд орохгүй, муу юмнаас хамгаална гэж үздэг. Мөн улс үндэстэн бүр уг баяраар өөр өөрсдийн зан заншлаас хамаарсан мухар сүсэгтэй байдаг. Шотландууд сүнсний баярын шөнө залуу охидыг түүдэг галын дэргэд нойтон даавуу тэврүүлэн суулгадаг. Ингээд хэсэг хугацааны дараа даавуун дээр заяаны ханийнх нь царай харагддаг гэж ярьдаг юм байна.