Төсвийн урсгал зардлыг 38.4 тэрбум төгрөгөөр бууруулжээ
2014/06/20
Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг “ЭЗЭН-100” хөтөлбөрийн талаар мэдээлэл хийлээ.
Ерөнхий сайдын захирамжаар Эдийн засгийг эрчимжүүлэх зөвлөл байгуулагдан 100 хоногийн хугацаанд эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх, санхүүгийн тогтвортой байдлыг хангах арга хэмжээг зохион байгууна хэмээн ажиллаж байгаа билээ.
Тус зөвлөл нь төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын төлөөллийг багтаасан 30 гаруй гишүүнтэй бөгөөд долоо хоногт хоёр удаа хуралдаж, шаардлагатай асуудлын талаар Засгийн газарт зөвлөмж хүргүүлэн, гадаадын хөрөнгө оруулагчдад мэдээлэл зөвлөгөө өгч байгаа аж.
Мөн “Хөрөнгө оруулагчийн менежер” үйлчилгээг нэвтрүүлж, 250 гаруй хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдийн санал, хүсэлтийг сонсож, хөрөнгө оруулалтын хэсэгчилсэн уулзалт зохион байгуулж хөрөнгө оруулалт хийх боломжтой төслүүдийг танилцуулжээ.
Монгол Улсын Засгийн газраас Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын, Зөвшөөрлийн тухай, Зөвшөөрлийн жагсаалт батлах тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай,Хөдлөх хөрөнгийн барьцааны тухай, Өрийн удирдлаганы тухай, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн төслүүд зэрэг нийт 29 хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулан Улсын Их Хуралд өргөн мэдүүлжээ.
Төсвийн урсгал зардлыг 20 хувиар бууруулж, хэмнэлтийн горимд шилжих ажлын хүрээнд төсвийн тодотголоор хэмнэх боломжтой зарим урсгал зардлыг 10-30 хувиар буюу 38.4 тэрбум төгрөгөөр бууруулаад байна гэв. Түүнчлэн төсвийн хөрөнгийг үр ашигтай, хэмнэлттэй зарцуулах замаар зардлыг бууруулах, бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийн давхардал хийдлийг арилгах, зарим төсөвт байгууллага, улсын үйлдвэрийн газрыг нэгтгэн зохион байгуулах, аж ахуйн тооцоонд үе шаттай шилжүүлж төсвөөс гаргах чиглэлээр нэгдсэн цогц арга хэмжээг авах чиглэлээр “Төсвийг хэмнэлтийн горимд шилжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолыг баталж, хэрэгжүүлж эхэллээ гэж Ерөнхий сайд мэдээлсэн юм.
Аймаг бүрт баригдах 1000 айлын орон сууцны гадна инженерийн шугам сүлжээний угсралтын, сумын төвийн шинэчлэл төслийн хүрээнд 16 сумын төвийг шинэчлэх ажлууд үргэлжилж байна.
Х.Даваа
Зочин · 2014/06/22
Сонирхолтой нийтлэл.