ДЭЛХИЙН АВАРГЫН D ХЭСГИЙГ КОСТА РИКА ЖИНХЭНЭ УТГААР НЬ "ҮХЛИЙН" БОЛГОЖ БАЙНА. ТЭМЦЭЭНИЙ ӨМНӨ ХҮН БОЛГОНЫ ЖАГСААЛТААС ХАСЧ БАЙСАН TICOS ХЭСГИЙНХЭЭ ХОЁР ХҮЧТЭЙ БАГИЙГ АЛЬХЭДИЙНЭ ӨВДӨГ СӨХРҮҮЛЖ, ҮЛДСЭН НЭГИЙГ НЬ ТЭМЦЭЭНЭЭС ХАСЧИХЛАА. ИНГЭЭД ТА БҮХЭНД ТОГЛОЛТЫН ТОЙМЫГ ХҮРГЭЖ БАЙНА.
 

Хорхе Луис Пинто-гийн Коста Рика Бразилын дэлхийн аваргыг чимж байна. Тэд эхний тойрогт Уругвайг өвдөг сөхрүүлсэн бол энэ удаа Италийг 1 : 0-ээр буулган авч шөвгийн 16- д үлдэх эрхээ халаасаллаа. Ресифи хотод байгуулсан тэдний сенсаац дагуулсан ялалт мөн Английн эцсийн найдварыг үгүй хийлээ. Одоо сүүлийн тойргоос үл шалтгаалан "Гурван арслан" гэртээ буцах болж байна.  

 

Коста Рика түүхэндээ ердөө 2 дахь удаагаа ДАШТ-ий хасагдах шатанд үлдэж байгаа нь энэ. Тэд өмнө нь 1990 оны тэмцээний шөвгийн 16-д үлдэж улмаар Чехсловакт ялагдаж байсан юм.

Италиас багийн ахлагч Жанлуиджи Буффон бэртлээсээ эргэж ирсэн ч гэсэн багаа хожигдлоос аварч чадсангүй. 44 дэх минутад Жуниор Диасын дамжуулалтыг өдгөө ПСВ-д тоглож буй Брайан Руис мөргөж гоол болгосон юм. 

Яг энэ гоолоос ганцхан минутын өмнө Жоэль Кэмпбеллийг Кьеллини 16 дотор унагасан боловч шүүгч  торгуулийн цохилт заалгүй маргаан дэгдээгээд байсан юм.

Тоглолтын эхэнд Марио Балотелли гоол оруулах хоёр ч сайхан боломж алдсаны гороо ийнхүү Италичууд амслаа. Балотелли энэ өдөр маш тааруу байсан бөгөөд тоглолтын турш ердөө 12-хон дамжуулалт хийсэн байна. Мөн Пирло Английн эсрэг хийсэн дамжуулалтаасаа 2 дахин багыг энэ өдөр хийжээ. 

Пранделли 2-р үед Кассано, Черчи, Инсинье гэсэн довтолгооны тоглогчдыг сэлгээгээр оруулсан боловч Коста Рика-гийн нягт, зохион байгуулалт сайтай, эцэж цуцашгүй хамгаалалтыг сэтэлж чадсангүй. 

Испаний Леванте-д тоглодог Кейлор Навас олон онцгой хаалтаар багтаа тус хүргэсэн гэдгийг онцлох хэрэгтэй. Энэ тоглолтын нэг онцлог нь отон тоглолт байлаа. 90+4 минутын турш шүүгч нийт 15 удаа отон тоглолтын тугаа өргөсөн байна. Үүний 12 нь Италид харьяалагдаж байгаа. Энэ бол Бразилын ДАШТ-ий рекорд. 

Дэлхийн аваргын түүхэнд хамгийн олон отон тоглолттой тоглолт 1982 онд Англи - Кувэйтийн хооронд өрнөж байсан юм. Тус тоглолтонд 2 багийнхан нийт 20 удаа отонд орж байлаа.