ЦУОШГ: Энэ сарын 14, 15-нд цасан шуурганы аюулт үзэгдэл болно
2023/11/11
Өнгөрөгч сард агаарын температур өмнөх жилээс 4.7 градусаар, олон жилийн дунджаас 3.8 градусаар дулаан байжээ. 1940 оноос хойших хур тунадас багатай 13 дахь аравдугаар сар болж өнгөрсөн байна.
Цаг уур, орчны шинжилгээний газраас "Арваннэгдүгээр сарын 3-5-нд их цас орж, шууран, аюултай үзэгдэл болсон. Ихэнх нутгаар 0-16.7мм цас орсон. Үүнээс хамгийн их нь Төв аймгийн Эрдэнэсант 10мм, Хөвсгөл аймгийн Жаргалант суманд 16.7мм цас орсон байна. Салхины хурд 10-18м/секундэд хүрч, 1-22 цаг цасан шуурга үргэлжилж, найман хүний амь нас эрсэдсэн гамшигт үзэгдэл болов.
Хиймэл дагуулын мэдээгээр арваннэгдүгээр сарын эхээр Монгол орны нийт нутгийн 57%-д цасан бүрхүүл тогтсон байна. Төв аймгийн Эрдэнэсант суманд 36.1см цасан бүрхүүлтэй байгаа нь хамгийн их. Цасан бүрхүүл багасахгүй. Харин говийн нутгаар цасны зузаан намсаж, сууж магадгүй" талаар мэдээллээ.
Ирэх долоо хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг танилцуулж байна.
- Арваннэгдүгээр сарын 14, 15-нд цасан шуурганы аюултай үзэгдэл болно. Өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад хур тунадасны хэмжээ бага, салхины хурд 10-18м/секундэд хүрэх төлөв гарчээ
- Арваннэгдүгээр сарын 14-нд баруун аймгуудын нутгаар цасан шуургатай
- Арваннэгдүгээр сарын 15-нд зүүн аймгуудын нутгаар цасаар шуурна.
- Арваннэгдүгээр сарын 16-наас ихэнх нутгаар дулаарна
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:
Өнөө маргаашдаа ихэнх нутгаар хүйтэн байх боловч 12-ноос өдөртөө хүйтний эрч суларна
2023 оны 11 дүгээр сарын 12-ноос 11 дүгээр сарын 16-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв: |
Арваннэгдүгээр сарын 12-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 13-нд Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно. Энэ сарын 14-нд нутгийн баруун хагаст, 15-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна.
Салхи ихэнх хугацаанд секундэд 4-9 метр, 14-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 15-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.
Энэ сарын 12-ноос ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларч, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -24…-29 градус, өдөртөө -11…-16 градус, Эг-Үүр, Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -18…-23 градус, өдөртөө -5…-10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -7…-12 градус хүйтэн, өдөртөө 0…+5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -13…-18 градус, өдөртөө -1…-6 градус хүйтэн байна.