“Сөрөг хүчин” АН-ынхан ойрд хөдөлгөө ихтэй байна. Намрын ҮБХ-ны хурлаар намдаа томоохон албан тушаал авсан хүмүүс нь аймгуудаар тойрч, Ордонд орж хурал хуй хийгээд завгүй байна. Харин бусад нь ХҮН-ынхантай нэр дэвших тохироо хийж, бас “...АН-аа бүлэглэлийн гараас гаргана” гээд цуглаж уулзаж байна. Энэ бол АН-д болж байгаа бодит явдал юм.

Хөшигний бүр ард бол УИХ-ын гишүүд болоод экс хоёр Ерөнхийлөгчийн тус тусдаа төвхнөсөн фракц гээд гурван хэсэгт хуваагдчихаад байгаа юм. Намын дарга нь тэдний дунд эвлүүлэх ажил хийсэн ч одоогоор үр дүн гарсангүй бололтой. Тэр бүү хэл, АН-ын дарга Лу.Гантөмөрийг “...Хэд хоногоор алга болдог”, “...Бүлэглэлийн талд бүрэн гарсан байна” гэдэг шүүмжлэл өрнөөд эхэлсэн байна. Үнэхээр ч АН-д “...Бүлэглэл үүрлэсэн” гэдэг ортой. Тэгээд ч тэдэнд АН-д бууриа засах зайлшгүй шаардлага үүссэн. “Эрдэнэт”-ийн 49 шүүхэд шилжсэн. Шүүх хурал хэзээ мөдгүй эхэлнэ. Шүүгээд эхлэхээр хэнийг ч нэмж татаж болзошгүй. Энэ мэтээс эхлээд улс төрийн хамгаалалт нэн шаардлагатай болсон хэрэг л дээ.

Уг нь Лу.Гантөмөрийг өмнөх долоо хоногт УИХ-ын гишүүдтэй уулзаж, генсект Э.Одбаярыг, Нийслэлийн АН-ын даргад Д.Бадарсанг зүтгүүлэхээр тохирсон гэх ч энэ ажил хэрэг болох эсэх нь тодорхойгүй болоод байна. Учир юу гэвэл, нөгөө хоёр “экс” нь таалахгүй байгаа бололтой юм.

Ямартай ч АН-д хамгийн сүүлд болж байгаа явдлуудаас нь харвал Лу.Гантөмөрийн оронд өөр “дарга” тодруулах ажлыг зарим фракц нь идэвхтэй хийгээд эхэлжээ. “Хүн”-ээ ч олсон бололтой. “...Намдаа үлдэж төвхнүүлнэ” гэсэн гишүүдээс нь “...Намын даргад Н.Алтанхуяг байж болох юм” гэсэн санал гарсан байна. Тэр хүний хувьд АН-ын хэд хэдэн ялалттай холбогддог. Өөрөөр хэлбэл, өмнө нь АН-ыг “гудамж”-нд байхад намын дарга болж байсан. УИХ-ын, Ерөнхийлөгчийн гээд хэд хэдэн сонгуульд намаа авч ороод ялсан түүхтэй. Хамгийн гол нь “...Сонгууль хаяанд ирсэн. АН-ынхан бодитоор эвээ олохгүй байна. Ийм үед тэр л арга эвийг нь олно. Эвлүүлж чадна” гэж үзэж буй гэнэ. Гэхдээ Н.Алтанхуяг энэ “санал”-ыг хэрхэн хүлээж авах нь тодорхойгүй байгаа аж. Эндээс харвал, АН-ынхан явж явж Н.Алтанхуяг дээрээ “буух” бололтой.  

 

Б.ГАРЬД

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 15. ЛХАГВА ГАРАГ. № 228 (7213)