Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн бүтээл "Тамгагүй төр" жүжгийг найруулагч Б.Баатар шинэчлэн найруулж, "Монгол хаан" нэртэйгээр Английн Лондон хотын Колизей театрт энэ сарын 17-ноос толилуулж эхэллээ. Тэгвэл жүжиг тоглогдож эхэлсэн энэ цаг үед Соёлын сайд Ч.Номинтой цаг үеийн асуудлаар ярилцлаа. 

- “Тамгагүй төр” жүжгийн уран бүтээлчид саяхан Лондон хотноо болж өнгөрсөн баярын жагсаалын үеэр үндэсний хувцсаараа ижилсэн жагсаалд оролцлоо. Монголчууд бидний хувьд хэдийгээр бахдам сайхан үйл явдал ч гэлээ эдийн засгийн нөхцөл байдал хүнд хэвээр, иргэдийн орлого бага байгаа амаргүй үед төсвийн мөнгөөр уран бүтээлчдийг олон улсад тоглуулж байна уу гэж харагдаж байна. 

-Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн бүтээл “Тамгагүй төр” жүжгийг Английн Лондон хотын West End Колизиум театрт “Монгол хаан” нэртэйгээр тоглож эхэллээ. Жүжгийн багийнхан 11-р сарын эхээр Лондонд хүрэлцэн ирсэн бөгөөд энэ хугацаанд жүжгийн бэлтгэлээ хийхийн зэрэгцээ Лондон хотод болсон баярын жагсаалд үндэсний хувцсаараа ижилсэн оролцсон.

Олон нийтийн дунд уран бүтээлчид баярын жагсаалд оролцож байгаа нь Монгол Улсын Соёлын яамнаас жүжигчдийг татвар төлөгчдийн мөнгөөр Лондонд тоглуулж байна гэсэн хардлага гарсан.

Гэвч яг үнэндээ Херо энтертайнментын шинэчилж, физикл хэлбэрт оруулан тоглож буй “Монгол хаан” жүжиг нь Английн продюсерын багтай хамтран зохион байгуулж буй гаднын хөрөнгө оруулалтаар монголын соёл урлагийг дэлхийн тайзнаа гаргах төсөл бөгөөд Соёлын яамнаас нэг ч төгрөг гаргаагүй. 

-Та сая хариултдаа Соёлын яамнаас нэг ч төгрөг гаргаагүй гэж хэллээ. Тэгвэл эдгээр уран бүтээлчдийг танай яамнаас хэрхэн дэмжсэн бэ? 

-Энэ төсөл гэлтгүй монгол уран бүтээлчдээ дэлхийн тайзнаа гарч монгол уран бүтээлээ тоглож, эх орноо Монгол өв соёлоороо дамжуулан сурталчлан, таниулах ажлыг Соёлын яам бодлоготойгоор дэмжиж ирсэн. “Монгол хаан” жүжгийн баг бүрэлдэхүүнд виз болон тухайн газарт тоглохтой холбоотой асуудал, Элчин сайдын яамтай холбох, хамтран уялдаатай ажиллах зэргээр бодлогын дэмжлэгийг Гадаад харилцааны яамтай хамтран үзүүлсэн. Монгол уран бүтээлчид Английн алдарт зохиолч Уильяам Шекспирийн жүжгүүд тоглогдож байсан Лондон хотын West End Колизей театрт өөрийн бүтээлээ толилуулах гэж байхад огт дэмжлэг үзүүлэхгүй байх нь зохимжгүй.

Түүнчлэн Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Соён гэгээрүүлэх үйл ажиллагааг идэвхжүүлэх, үндэсний агуулгатай инновац шингэсэн соёлын бүтээлч үйлдвэрлэл, инновацын салбарыг хөгжүүлж, монгол брэндийг бий болгон, соёл, урлагийн эдийн засаг, нийгмийн үр өгөөжийг нэмэгдүүлнэ” гэж заасан. Энэ утгаараа ч тэр “Монгол хаан” төслийг олон улсад тоглогдох хүртэл бодлогоор дэмжиж ирсэн. 

 

-“Тамгагүй төр” жүжиг Английн Колизей театрт ийнхүү тоглогдож эхэлсэн нь манай улсын театрын түүхэнд шинэ хуудсыг нээсэн үйл явдал боллоо. Тэгвэл цаашид уран бүтээлчдээ дэмжих ямар бодлого баримталж ажиллах вэ? 

- “Монгол хаан жүжиг” нь Монголд төдийгүй олон улсад ч Монгол үндэстний өв соёл, дахин давтагдашгүй байдлыг илтгэн харуулах бүтээл болсон. Инновац шингээсэн, эдийн засгийн үр өгөөж авчрах бүрэн боломжтой гэдгийг энэ удаад Лондонд тоглож буйгаараа батлан харуулж байна.

Монгол Улсын Засгийн газраас соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байгаагаас гадна Монгол Улсын Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрт ч “Соёлын бүтээлч үйлдвэрлэл”-ийг дэмжин, Монгол туургатны өв соёлыг дэлхийг таниулах соёл, урлагийн монгол брэндийг хөгжүүлэхээр тусган ажиллаж байна. 

-Энэ мэтээр уран бүтээлчдээ олон улсын зах зээлд гарахад нь бодлогоор дэмжсэнээр Соёлын сайдын хувьд, Монгол Улсын олон улс дахь сурталчилгаа мэдээллийн Үндэсний хороог ахалж буй хүний хувьд ирээдүйд ямар үр нөлөө үзүүлнэ гэж харж байна? 

-Монгол Улсын олон улс дахь сурталчилгаа мэдээллийн үндэсний хороог өнгөрсөн 3-р сард Засгийн газрын тогтоолоор байгуулсан. Үндэсний хороо үйл ажиллагаагаа эхлүүлээд удаагүй байгаа ч Монгол Улсаа олон улсад сурталчлан таниулах ажлууд шат дараатай хийгдэж байна. Энэ хүрээнд өнгөрсөн зун гэхэд олон улсын хэвлэл мэдээллийн байгууллагуудыг Монгол Улсад урих, үндэсний хэв шинжээ агуулсан, Монголчуудын онцлог болсон Үндэсний их баяр наадам, Нүүдэлчин дэлхийн соёлын фестиваль зэргийг олон улсын хэвлэл мэдээллийн байгууллагууд онцлон, мэдээ мэдээлэл бэлтгэн олон улсад танилцуулж байна.

Засгийн газраас мөн “Welcome to Mongolia” уриан дор 2025 оныг дуустал Монголд зочлох жил болгон зарласан бөгөөд энэ хүрээнд нэгдсэн зохион байгуулалттайгаар аялал жуулчлалыг хөгжүүлэх, соёлын бүтээгдэхүүн үйлчилгээг бий болгох ажлууд хийгдэж байна. Соёлын яамны тухайд энэ чиглэлд уран бүтээлчдээ олон улсын уралдаан тэмцээнд ороход нь дэмжлэг үзүүлсээр ирсэн бөгөөд цаашид ч мөн дэлхийд гарах чансаатай уран бүтээлүүдийг бодлогоор дэмжин ажиллана. Ингэснээр Монгол Улсаа олон улсад сурталчлах, таниулах, эргээд жуулчдыг эргэлтийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна.

2023 оны эхний 11-р сарын байдлаар Монгол Улсад 600 мянга гаруй жуулчин ирсэн бөгөөд нэг жуулчин дунджаар 2000 орчим ам.долларын эдийн засгийн эргэлт бий болгодог. Гол үр өгөөж нь эдийн засгийн эргэлт бий болох, гадаадын шууд хөрөнгө оруулалт нэмэгдэх орчин бий болох гол суурь нь жуулчдыг эргэлтийг нэмэгдүүлэх юм. Нэг жуулчин дунджаар 2000 ам.доллар Монгол Улсад аялахдаа зарцуулсан гэж тооцвол энэ жил жуулчдаас олох орлого дунджаар 3 их наяд төгрөгт хүрсэн үзүүлэлттэй байгаа юм.