Б.Чинбат: Сэтгэл зүрхэнд маань гоё вальс л эгшиглээд байсныг хөгжим болголоо
2023/11/30
Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Б.Чинбат “Цасан вальс” нэртэй шинэ уран бүтээлэээрээ сонсогч фэнүүдийнхээ сонорыг мялаагаад байгаа билээ.
Тэрбээр "Маш гоё өглөө байна. Шинэ гаргасан уран бүтээлээ толилуулъя. Францаар “La Valse Des Neiges” буюу "Цасан вальс" нэртэй хөгжим маань клип болон бүтээд та бүхэнд минь хүрлээ. Удахгүй шинэ он гарлаа, шинэ бүхэнтэй золголоо. Бүгдээрээ эрүүл энх, саруул сайхан хуучин оноо үдэх гэж байна. Энэхүү зохиолоо одоогоос 10-аад жилийн өмнө Үндэсний их найрал хөгжимд зориулан найруулж бичиж удирдаач Буянбаатар ах маань удирдаж байлаа. Энэ удаад хөгжмөө симфони оркестрт зориулж бичээд өөрөө тоглоод найрал дуучидтай хамтран бүтээлээ. Монголын хамгийн алдартай хөгжимчид, уран бүтээлчидтэй хамтарсан. Дуу бичлэгийн инженер, Mixing, mastering Шинээ, Око хоёр маань гүйцэтгэсэн.
Монгол вальс, цасан вальсыг бичих болсон шалтгаан нь сэтгэл зүрхэнд минь гоё вальс л эгшиглээд байлаа. Энийгээ л нот болгон буулгаад хөгжим болголоо.
Одоо та бүхний сонсож байгаа энэ хэмнэл маш олон жил зүрх сэтгэлд минь эгшиглээд л байсан. Ж.Чулуун гуайн вальсаас хойш вальсын хөг ая гараагүй юм шиг санагдсан. Тиймээс шинэ уран бүтээл болох “Цасан вальс”-ийг монголчууд бүчээд аваасай, сэтгэл зүрхнээсээ сонсож баясаасай, бүжиглээсэй, даган дуулаасай гэж чин сэтгэлээсээ хүсэж байна.
Ялангуяа дунд нь эгшиглэж буй хэсгийг монголчууд маань дагаж дуулаасай. Шинэ оноо угтахдаа хундагаа тулгахдаа энэ хэсгийг түрэн дуулаарай. Энэ хэсэгт бол үг байхгүй. Зүгээр л амархан ая “аа аа аа” гэсэн авиагаар л дуулна. Яг энэ хэсэгт оргилуун дарс буудуулаад, бүгд даган дуулаад, цасан вальсын хэмнэлд бүжээрэй, та нартаа хайртай шүү" гэлээ.