-Одоогоос 17 жилийн өмнө Монголын хамгийн анхны Pop A-capella & Beatbox жанраар дуулдаг хөвгүүдийн S4 хамтлаг байгуулагджээ-

Монголын анхны Pop Acapella & Beatbox жанраар уран бүтээлээ туурвидаг S4 хамтлагийг фэнүүд нь сайн мэднэ. Тус хамтлаг анх 2006 оны наймдугаар сарын 24-нд байгуулагджээ. Хамтлагийн ахлагчаар өнөөг хүртэл Око ажиллаж яваа. Тэрбээр хамтлаг байгуулах мөрөөдөлдөө хөтлөгдөн оюутан байхдаа хоолой салгаж дуулах дуртай залуусын эрэлд гарчээ. Энэхүү хамтран дуулах залуусаа олох эрлээ оюутан байхдаа эхлүүлж СУИС-ийн хоёр оюутан, хөгжмийн бүжгийн коллежийн хоёр оюутантай санаа, үзэл бодол нийлснээр хамтлаг байгуулагдах эхлэл тавигджээ. Урлагийн салбарт тэр дундаа гал ассан рок попын тогоонд битбокстой акапелл төрөл жанраар дуулдаг анхдагч нь болон бүл нэмэн орж ирсэн нь энэ юм.

Тэднийг хамтлагаа байгуулж байх үед гадаад болон монголд эрэгтэй хамтлагууд ид "од" болж байсан цаг таарсан байдаг. Үеийнхээ залуусын адилаар од болж байгаа гадаад, дотоодын гэлтгүй хамтлагуудын дууг сонсох дуртай байсан нь тэднийг урлагт эргэлт буцалтгүй хөл тавих түлхэц нь болж өгчээ. Тэгээд л хамтлаг байгуулахад илүү дурлах шалтгаан нь болсон хэмээн ярьж байлаа.

S4 хамтлагт орсон, гарсан хүмүүсийг жагсаавал багахан хэмжээний застав бүрдчихдэг гэнэ. Арга ч үгүй биз, тухайн үед дуу хөгжимд дуртай залуус урлаг руу хошуурч байсан үе. Харин сэтгэл хөдлөлөөрөө хамтлагт орж байсан залуус дийлэнх нь байжээ. Хамтлагийн гишүүдээ шалгаруулж авахдаа ур чадвар, сэтгэл зүрхийг нь харсан гэдэг. Авъяастай нэг нь таарахад сэтгэлгүй, нөгөө хэсэг нь сэтгэлтэй ч амьдралаа авч явах зайлшгүй шаардлагын улмаас урлагаа орхиж, бусад нь цаг хугацааны эрхэнд шигшигджээ. Ингэж явсаар Хишигээ гэх залуутай танилцаад л хоёулаа хамтлагаа байгуулах үндэсийг нь тавьж. Гишүүдээ нэмэх эрэлд гарахад Хишигээ анхны "Оддын эрэлд" хамт оролцож явсан тонер хоолойтой, гол өрсөлдөгч нь болж явсан Гарьдааг хамтлагтаа авах санал тавьжээ. Ингээд л Дарханаас Гарьдааг хотод ирэхийг хоног тоолон их л хүлээж. Удаан хүлээсний эцэст Гарьдаа ч ирж гурвуулаа их дэлгүүрийн ойролцоох цэцэрлэгийн саданд хамтлагийнхаа талаар удаан их зүйлийг ярилцаж суужээ.

Ийнхүү гурвуулаа болж аваад дахин нэг гишүүнээ харин төвөггүйхэн дэргэдээсээ олжээ. Хамтлагийн ахлагч Окогийн төрсөн дүүг Шинээ гэдэг. Тэр бас хамтлагт орох их хүслээр жигүүрлэн явдаг байж. Ах нь дүүгээ хамтлагтаа авснаар тэд дөрвүүлээ болжээ. Гэтэл хэсэг хугацааны дараа Хишигээ аяллын контент бүтээхээр хамтлагаасаа өрх тусгаарлажээ. Ингээд л 2012 онд дахин гишүүн хайх ажилдаа гарч Одког хамтлагтаа авах санал тавьснаар өнөөгийн чадал чансаатай хоолойтой дөрвөн залуугаас бүрдсэн S4 хамтлаг 17 жилийн турш уран бүтээлээ туурвисаар явна. Хамтлагийн хоёр нь урлагийн сургуулийг дүүргэсэн бол, Гарьдаа урлагийн менежментээр төгссөн бөгөөд Одко геологичийн мэргэжилтэй гэхдээ урлагт дэндүү хайртай учир өнөөг хүртэл дуугаа дуулсаар фенүүдийнхээ сонорыг мялаасаар буй нь энэ юм.

S4 хамтлагийн нэрний утгыг тайлбал, Синк буюу синхроны гэдгийг агуулдаг. Энэ нь болохоор эв нийцэлтэй гэсэн утгыг илэрхийлдэг байна. Өөрөөр хэлбэл, "Эвтэй дөрвөн амьтан" гэсэн үг юм.

S4 хамтлаг анх "Цасан Хатан" дууг дуулжээ-

Хамгийн анх "Цасан хатан" дууг дуулжээ. Хамтлагийн анхны тулгын чулууг тавилцсан Хишигээ Монголын Хүүхдийн ордны С.Ганчимэг багшийн шавь байж. Ингэж "Цасан хатан" дууг нь дуулах зөвшөөрлөө багшаасаа аваад дуулах гэж тэр үедээ л хөөрхөн хөглөсөн гэнэ. Дууны клипээ хийх гээд зургандаа гарах гэтэл нийслэлд цас ордоггүй их л удаан цас орохыг хүлээжээ. Нэлээдгүй хугацааны дараа хүмүүсээс цас сураглаж Сэлэнгэ аймгийн нэгэн суманд цаг орсон байна гэх чимээ аваад л хэдэн хөөрсөн нөхдүүд хамаг юмаа ачиж аваад л очтол байшингийн буланд жоохон цас байжээ. Хаа холоос ирсэн тэд ичсэн нүүрэндээ клипний зураг авалтаа тэндээ хийж, харин секунд ч хүрэхгүй хугацаанд өнөөх алдарт цас үзэгдээд л өнгөрдөг гэнэ. 

Тэгвэл тэдний анхны тайз нь шинэ жилийн тоглолтод оролцож явсан үе. Анхны цалингаа бааранд дуулж авч байжээ. Тухайн үед бүх баарнууд өөрсдийн гэсэн хамтлаг, дуучидтай байж. Lazer Land Монголын номер 1 бааранд л дуулчихвал ёстой мөрөөдөл биеллээ хэмээн үздэг байсан аж. S4 хамтлагийн залуус нэг л өдөр өнөөх нэр хүндтэй бааранд очиж шалгуулах шаанс гарснаар дуулах гэрээ байгуулж чаджээ.

Хэд хэдэн баарнуудад дуулаад оройн цагаар автобус явахгүй гэр, гэр рүүгээ алхаж унааны мөнгөө хэмнэсний хүчинд шинэ дуугаа бичүүлэх зардлаа эцэг, эхээ зовоолгүй олчихдог байсан хэмээн хуучлав.  5 шараас кино үйлдвэр хүртэл гүрийтэл алхаж байсан ч шинэ уран бүтээлдээ зарцуулна гэж бодохоор ихэд догдолдог байсан гэнэ.

Бааранд нэг орой  3-4 дуу дуулаад 20 мянган төгрөгийн цалин авна. Хоёр өдрийн орлого нь 120 мянга энэ мөнгөө нэгнийхээ ээжид хадгалуулаад цуглуулж байгаад хөгжмөө бичүүлэхэд хадгалсаар "Савалт" дуугаа хийж байжээ.

Тэднийг ээж, аавууд нь маш сайн дэмждэг байсан учраас бүхий л цагаа уран бүтээлдээ зарцуулахад нь дэмжиж гоё байна бүр илүү сайхан дуу хийхийг зөвлөж, басхүү шүүмж, магтаалыг харамгүй хайрладаг байсан нь хамтлагийн залууст  шантрахгүй байх урам зоригийг хайрлажээ.

-Хамтлагийн ахлагч Окогийн дургүй, шар хоёр зэрэг хөдөлснөөр Дэлхийн томоохон зах зээлд хүч үзэх эхлэл тавигджээ-

2012 онд тэдний дуулдаг төрөл жанраар Америкийн алдарт хамтлаг ковер хийсэн байхыг сонсжээ. Яг л тэдний бодож, ярьж явсныг хийсэн байхыг сонсоод сууж байтал нэг хүн хажууд нь ирснээ монголчууд ингэж дуугарч чадахгүй. Зөвхөн Америк хүмүүс л ингэж дуулж чадна, Монголчууд бол чадахгүй гэсэн зүйлийг хэлэхэд Окогийн дургүй, шар хоёр нь зэрэг хөдөлж хэдхэн хоногийн дараа өнөөх коверыг хийгээд фэйсбүүктээ оруулжээ. Тэгсэн маш олон хүн үзээд магтаалын үгийн хамт, баяр хүргэх нь тасрахгүй байсан нь тэдэнд битбокстой акапелл төрлөөрөө цааш үргэлжлүүлж уран бүтээл хийх их хүчийг хайрлажээ. Энэхүү бүтээлтэй нь зэрэгцээд Бээжингээс тэднийг хайж хүмүүс иржээ. Тэрхүү хүмүүс нь найзтай нь тааралдаж хамтлагийнхантай уулзаад та нарыг би сарын дараа авч явж Бээжинд тоглолтод оролцуулна гэжээ.

Дөрвөн залуу олон удаа иймэрхүү үгийг сонсож байсан болохоор урьдны түүх давтагдах нь хэмээн нэг их ач холбогдол өгөөгүй аж. Учир нь тэднийг продюссерлэж олны танил болгож өгнө гэж нэр хүндтэй хүмүүс хүртэл мурьж байжээ. Гэтэл сарын дараа Бээжинд маш том тоглолтуудад оролцож тэр дундаа Дэлхийн хамгийн томоохон зах зээл гэгддэг Хятад улсад фэнүүдтэй болоод амжив.

Энэхүү тоглолтын үеэр нь Хятад улсад Олон Улсын дуучдын “You can”  тэмцээн зарлагдсан байна. Тэднийг уг тэмцээнд оролцох санал тавьжээ. Ердөө хоёрхон хоногийн дотор Хятад хэл дээр дуулах бэлтгэлээ базааснаар 8 мянган хүн оролцсон 17 орны дуучидтай өрсөлдсөн байна. Тэд өмнө нь хэзээ ч дуулж байгаагүй дуугаа Хятад хэл дээр дуулжээ. Энэхүү тэмцээнээс хамтлагаараа шилдэг хамтлаг, нэгдүгээр байр, нийлбэр дүнгээрээ 13-т оролцож өөрсдийгөө сорьсон нь тэднийг Хятадын урлагт улам илүү танигдах гүүр нь болж өгчээ. Тэр цагаас хойш Хятад –Улаанбаатар хоёрын хооронд жим гартал их явж, тоглолтоо хийжээ.

Монголдоо давхар ажлын гэрээтэй байсан бөгөөд Хятад улсад хамтын ажиллагааны гэрээтэй тул ийнхүү амрах ч завгүй хөдөлмөрлөжээ. 2012 оноос дэлхийн дахиныг нөмөрсөн цар тахлын улмаас л энэхүү жимд завсарлага авахуулсан байна.

Тэрнээс биш 10 гаруй жил Хятадын дуу хөгжмийн зэх зээлд өөрсдийгөө  таниулж хүчтэй өрсөлдөгч нь болж тоглолтоо хийгээгүй хот байхгүй гэнэ. Дэлхийн том зах зээл гэгддэг Хятад улсад байнгын завгүй тэмцээн, тоглолтоос тоглолтын хооронд тасралтгүй ажиллажээ.

Гэтэл монгол фэнүүд нь тэднийг тарчихсан хэмээн шүүмжилж эхэлсэн байна. Харин эсрэгээрээ тэд амрах завсаргүй ажилласан он цагтаа дэндүү хайртай гэнэ.

-Хятад улсад гурван жил компанийн хамтарсан гэрээгээр ажиллаад бие дааж тоглолтоо хийжээ-

Дэлхийд баримталдаг зарчим Хятад улсад ч мөн адил 10/90 гэрээний зарчмаар эхэлжээ. Цаашдаа энэхүү хувь нь өсөх шатлалаар явдаг байна. Артистууд зөвхөн уран бүтээлдээ л анхаарна. Гэрээ хийсэн компани нь хаана очиж дуулах, хэдэн төгрөгийн цалин авахыг бүгдийг шийддэг. Энэ нь ч тэдэнд их амар байжээ. Уран бүтээлчид зөвхөн өөрийн дуугаа дуулахдаа л анхаардаг. Ийнхүү гурван жилийн гэрээ нь дуусаад  өөрсдөө бие дааж тоглолтоо тус улсад хийжээ.

Монгол, Хятад хоёрын хооронд явж байгаагаа тэр бүр олонд тайлагнаад байдаггүй байж. Учир нь тэд маш завгүй өмнөх ажилдаа л төвлөрч ажиллажээ.

Маш олон уран бүтээлчдийн арын ажилд ажиллаж нөр их хөдөлмөрийг ил гаргаж ярилгүй хийжээ. Тухайлбал, Өвөрмонгол дуучдын хоолой бичлэгийн ажил. Мөн Дэлхийд монгол улсынхаа нэрийг дуурсгаж яваа THE HU хамтлагийн уран бүтээлд дөрвөн жил тасралтгүй ажилласан байна.

-Тэд мэргэжлийн “Pro Music” студиэ байгуулж олон хамтлаг, дуучдын бүтээл дээр ажиллажээ-

S4 хамтлагийн залуус “Pro Music” нэртэй мэргэжлийн студиэ 2020 оны арваннэгдүгээр сарын 11-нд байгуулж маш олон уран бүтээл дээр ажиллажээ. Око, Шинэ хоёр студийн үйл ажиллагаагаа хариуцдаг байна. "Яг түүн шиг шоу", Улсын баяр наадмын гурван удаагийн нээлтийн тоглолтод голлон ажиллажээ. 

Тэд энэ их ажлыг хийж яваагаа бусдад онгирч ярьдаггүй бөгөөд дарууханаар бүтээлээ хийхдээ л анхаардаг нь мэдрэгдсэн юм. Хамтлагаараа хамтдаа бие, биенийхээ хоолойг мэдэрч дуулах нь аз жаргал, амьдралын кайфыг авчирдаг хэмээн ярих нь тэднийг дэндүү даруухан гэдгийг батлан харуулах шиг. Олон уран бүтээлчдийн ард хоолой хийж, хамтлаг дуучдын бүтээлийг хит болгож буйгаа зарлаад бид хийсэн гэж цээжээ дэлдэхгүй чимээгүйхэн хөдөлмөрлөдөг болохоор тэд илүү он удаан жил хамтдаа хамт-лагаараа яваа юм байна гэсэн бодол өөрийн эрхгүй төрж байсныг энд онцлоё.

17 жил Монголд поп A-capella & Beatbox урсгалыг хөгжүүлж, олон мянган залууст ойлгуулахыг зорьж эхлүүлж өнөөг хүртэл үүндээ тууштай, сэтгэлээ зориулан яваагаа ярьж суугаа тэднээр өөрийн эрхгүй бахархах сэтгэл төрсөн юм. Урлагийн залуус уран бүтээл гэж явсаар гэр бүлээ оройтож төвхнүүлэхдэг сул талтай. Тэгвэл тус хамтлагийнхан хэдийнээ гэр бүлтэй болж өнөр өтгөн болж сайхан ханийн халамжит гэрийн эзэн, үр хүүхдийнхээ сайн аав нар болцгоожээ. Тэднийг халамжит гэргий нар нь маш сайн ойлгож дэмжин арыг нь бат дааж явдаг болохоор уран бүтээлээсээ хөндийрөлгүй, хоёргүй сэтгэлээр хүчин зүтгэж өнөөдрийг энэ амжилтыг бүтээжээ.

Өглөө студи дээрээ ирж өөрсдийн болон бусад уран бүтээлчдийн уран бүтээлд суугаад шөнийн бор хоногтоо л дуусдаг нь урлагийн хүний хамгийн хэцүү нь. Гэсэн ч бүтээсэн бүтээлээ сонсоод хийсэн ажлаа хараад баясаж, ядарсан үеэ мартдаг аж. Гэртээ царайгаа харуулахгүй явахад ётсой нөгөө хатан ухаантай бүсгүйчүүд л ард нь байж гэмээн сайн, чанартай, олны урмын үгийг хүлээсэн бүтээл гаргадаг гэнэ. Ид ажил буцалсан үед хүмүүс өглөө ажилдаа явж байхад тэд гэртээ харихаар явж байдаг хоногууд олон. Гэсэн ч тэд нэгэнтээ л энэ мэргэжлийг эргэлт буцалтгүй сонгосон учир зогсох эрх байхгүй. Шантарч буйгаа ч ил гаргах боломжгүй юм.

 

-Монголын хөгжмийн уран бүтээлчдийн дэлхийн циркийн урлагт гарахад гүүр нь болсон бүтээлийг МУУГЖ Б.Чинбаттай хамтран туурвижээ-

Хөгжмийн зохиолч, МУУГЗ Чинбаттай тус хамтлаг хамтран ажилладаг бөгөөд тэд дэлхийн хөгжмийн урлагт хөл тавьсан. Хөгжмийн зохиолч, продюсер Б.Чинбат АНУ-ын “Disney On Ice” шоуны хөгжмийн зохиолчоор шалгарчээ.  Дэлхийд алдартай 152 жилийн түүхтэй "Ringling Brothers and Barnum & Bailey” цирк тодорхой хугацаанд хаагдаж байгаад дахин нээлтээ хийхээр ажиллаж эхэлснээр монгол уран бүтээлчид дэлхийд нэрээ дуурсгах боломж нээгдсэн нь энэ. 

Энэ бол монголын хөгжмийн уран бүтээлчдийн дэлхийн циркийн урлагт гарахад гүүр нь болсон бүтээлийг туурвиж чаджээ. Монгол хүмүүсийн оюун санаагаар бүтсэн бүтээл эгшиглэж байгаад тус хамтлагийн Око, Шинээ хоёр том ажлуудыг нугалж ажиллажээ. Хөгжим бүтэх процесс нь тус хамтлагийн студид бүтжээ. Тухайлбал, монголын үндэсний хөгжим болох ятга хөгжим, морин хуурын аялгуу орсоноороо онцлог, сонирхолтой уран бүтээл болжээ. Mixing буюу морин хуур, ятга хөгжмийн бичлэгийг нь Шинээ хийж, дуугаралтын тохиргоог нь Око гардан хийдэг юм байна. Б.Чинбаттай хамтарч  энтертайнмент студи гэсэн статустай үйл ажиллагаа явуулж байгаа юм.

Бие биенээ харж өөрсдийгөө хурцалж, дэмжиж,  алдааг оноог нь хэлж уран бүтээлээ туурвидаг.  Энэ нь  олон жил хамтлагийг бутрахгүй оршин тогтнож явсны үндэс нь. 

 Чинбаа ахтайгаа тавуулаа тойрч сууж хөөрөлдөж байгаад инээгээд л ярьсан зүйлээсээ уран бүтээлээ хийх хөглөх санаагаа олчихдог төвөггүйхэн бүтээдэг гэнэ.

Тус хамтлагийнхан зохиогчийн зөвшөөрөлгүй дуулахгүй байх зарчмыг хатуу баримталдаг байна. Дууг коверлож гаргана гэдэг тэрхүү дууны насжилтыг нэмэгдүүлж, сонсогч нарт мартагдахгүй байлгадаг давуу талтай гэнэ.  "Бид цас ороход дуртай" дууг хөгжмийн зохиолч Б. Долгион ахаасаа зөвшөөрлийг нь авч дуулжээ. Энэхүү дуу нь 80-аад онд зохиогдсон. Шинээр найруулж дуулсан болохоор шинэ уран бүтээл гэж эндүүрэх залуус олон бий.

-2024 онд шинээр олон клипээ цацахаар төлөвлөжээ-

Олон дуугаа хийсэн бөгөөд ирэх онд уран бүтээлээ дүрсжүүлж клипийн хийхээр төлөвлөжээ. Студийн уран бүтээл их учир өөрсдийн бүтээлдээ зарцуулах цагаа хойшлуулсаар бусдынхаа бүтээлд түлхүү анхааран ажиллаж иржээ. Хүмүүст хүргээгүй байгаа олон дуугаа цацах, том тоглолт, CD, пянз гаргахаар ажиллаж байгаагаа дуулгалаа.

Тус хамтлагийн фэнүүд тэднийг тоглолтоо хийхийг маш их хүлээдэг гэнэ лээ. Шоу бизнес монголд шинэ шатанд хүрч продакшны түвшинд очих цаг нь болсон гэж үзээд тэд продюсерын ажлыг гүйцэтгэх, урлагийн менежмент талаас нь  цогц үйлчилгээг үзүүлэхээр төлөвлөн боловсруулж яваагаа ч хэллээ.

Нэг зүгт харж, нэг хүсэл мөрөөдлөөр анх хамтлагаа байгуулсан залуус өнөөдөр монгол хөгжимтэй, beatbox-той холиод акапелл урсгалаар сайхан уран бүтээл хийж олон фэнүүдээ баярлуулж, санаж сэтгэсэн ажлуудаа бүтээхийг ерөөе.

-Тэд амьдрал, уран бүтээлийн үнэнч зөвлөгч түшигтэй ах нартаа дэндүү хайртай-

Б.Чинбаа, Мөөгий ах нартаа дэндүү хайртай, баярлаж явдаг бөгөөд уран бүтээлээс гадна маш олон зүйл дээр зөвлөж түшиж тулж явдаг гэдгээ яриа болгондоо дурдаж байлаа. S4 хамтлагийн залууст маш олон тусалж, дэмждэг хүмүүс бий. Үүний дундаас Чинбаа ах, Мөөгий ах нараасаа төдийгөөс өдий хүртэл байнга пүүл болтол цэнэглэгдэж яваа гэнэ. "Миний дүү нар одоо ингээрэй, тэгээрэй" гэж уран бүтээлд нь зөвлөхөөс нь гадна амьдралын тал дээр маш сайн зөвлөгөө өгдөг тэдний сэтгэлзүйч нар аж. Нөхөрлөл ингэвэл алдахгүй цаашаа он удаан жил хамтдаа зангидсан гар шиг цул болж явна гэдгийг ч ах нар нь зааж сургажээ.

Тэдэнд хамтдаа цугтаа бие биенээ дэмжээд хоорондоо инээлдээд явах нь хамгийн их аз жаргалыг өгдөг. Том, том уран бүтээлүүд дээр гар бие оролцоод явж байгаа нь сонирхолтой бөгөөд хаанаас ч авч чадахгүй кайфыг мэдрүүлдэг гэнэ. Бусад уран бүтээлчдийнхээ ард нь ажилласан бүтээл хит болоход бид нарын орсон ажил ч сайхан амжилттай явна даа гэж яриад л сэтгэл нь ханачихдаг хэмээн хөөрөлдөх нь энгийн бөгөөд эгэл. Өөрсдөө л хийж бүтээж буйгаа мэдэж, амжилт ололттой байгаагаа мэдэрч байвал заавал хийсэн зүйл гэж зарлах шаардлагагүй гэж үздэг үзэлтэй. Хангалттай сэтгэл хангалуун байж санхүүгийн асуудалгүй уран бүтээлээ хийдэг болохоор энэ олон жилийг хамтдаа амь нэгтэй туулжээ. 

-S4 хамтлагийг Битбоксчин Баачкагүйгээр төсөөлшгүй-

Маш хүнд төрөл жанраар уран бүтээлээ туурвидаг  ч монголдоо цор ганц байгаа хамтлагийг битбоксчин Баачкагүйгээр төсөөлшгүй. "Цасан шуурган дунд уулын орой руу алхаж яваа түүх" хэмээн хамтлагийн гишүүн Гарьдаа онцоллоо. Түүний яриагаар, шалдан хоолойнуудыг хөгжимтэй юм шиг сонсогдуулах гэж ямар их хичээл зүтгэл гаргадаг вэ гэдгийг хүн бүхэн мэдэхгүй. Үнэхээрийн чанга зүйл. Хөгжимтэй дуулж байгаагаас тэс өөр жанр бид дөрөв Баачкадаа маш их баярлаж явдаг гэлээ. Үнэхээр хөгжимгүйгээр дуулж олны сэтгэл зүрхэнд хүрсэн бүтээл хийнэ гэдэг амаргүй даваа биз ээ.

2023 оны арванхоёрдугаар сарын 24-нд монголдоо анх удаагаа  тус хамтлагийн хувьд маш үнэ цэнэтэй үйл явдал тохиох гэж байгаа юм. "CHRISTMAS ACAPELLA NIGHT" вип тоглолтоо 100 хүнд зориулан тоглоно. Энэхүү тоглолт нь монголдоо хийж байгаа анхны тоглолт нь. Учир юу гэвэл тэд өмнө нь Хятад улсад бие даасан тоглолтоо томоохон хотуудад нь тойроод хийчихсэн. Тэд хэдийнээ дэлхийн томоохон зах зээлд монголдоо танигдаж амжаагүй байхдаа бидний хэлдгээр од болчихсон хамтлаг юм. Уг тоглолтоо маш олон фэнүүдийнхээ хүсэлтийн дагуу хийж байгаа аж. 

Хамтлагийн залуус цар тахлын үед маш олон хүнд эрч хүч хайрласан чалленжийг эхлүүлж амжилттай дуусгаж урмын үгэнд бялуурсан гэнэ лээ. Тэднийхээ үгэнд урамшиж ажлаа илүү ихээр хийх зориг, хүчийг авдаг байна. Энэ хүрээд S4 хамтлагийн түүхээр аялснаа өндөрлөе.

 

 

Эх сурвалж: www.DORGIO.mn

Х.Даваа