ОХУ-ын Якутад энэ сарын 19- 21-нд болсон олон улсын циркчдийн наадмаас Монголын “Шинэ цирк” төвийн “Отгоо” студийн жүжигчид мөнгөн заан цом хүртжээ. Тэд уг наадамд тэнцвэрийн үзүүлбэрээр оролцсон байна.

Жил бүр уламжлал болгон зохиодог тус наадамд ОХУ, БНХАУ, Япон, Вьетнам, Герман, Итали зэрэг арав гаруй орны 60 орчим жүжигчин өрсөлджээ. Тэмцээний алтан заан цомыг Якутын “Саха Даймонд” циркийнхэн акробатын үзүүлбэрээрээ авсан байна.

Энэ удаагийн олон улсын циркчдийн наадамд “Шинэ цирк” төвийн “Отгоо” студийн гурван жүжигчин, тэнцвэр, уран нугаралт гэсэн хоёр үзүүлбэр бэлдэж, оролцсон юм байна.  Багийн гишүүн Н.Анужаргал 16 настай, дөрвөн настайдаа циркт хөл тавьсан бол Э.Хулан 18 настай бөгөөд есөн настайгаасаа циркээр хичээллэсэн аж. 

Харин гурав дахь гишүүн  Б.Сэрчмаа 17 настай бөгөөд таван настайгаасаа циркийн урлагт хөл тавьсан юм байна.  Жүжигчин Э.Хулангийн хувьд  гурав дахь удаагаа энэ тэмцээнд оролцож байгаа нь энэ аж. Тэрбээр  өнгөрсөн жил хүрэл заан цом хүртэж байсан чадварлаг циркчин. Тэгвэл   “Шинэ цирк” төв тус наадамд хоёр дахь удаагаа улсаа төлөөлөн оролцож, нэг мөнгө, нэг хүрэл заан цомтой болж байгаа юм.
Эх сурвалж: www.mminfo.mn

Н.Болд