Хуралдай бондын төлбөрийг дахин санхүүжүүлэхийн тулд 350 сая ам.долларын “Сенчири-3” бондыг гаргалаа
2023/12/13
Засгийн газрын хуралдааны шийдвэрийг Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа.
Тэрбээр "Засгийн газраас гурван жил тутамд Засгийн газрын гадаад өрийн стратегийг баталдаг. 2019-2022, 2022-2025 оны стратегийн хүрээнд энэ хүнд жилүүдэд Сенчири-1, 2, 3 гэсэн гурван удаагийн дахин санхүүжилтийн зээлийн төлбөрийн төслийн амжилттай хэрэгжүүллээ.
Гадаад өр төлбөр нэлээд овоорсон, Монголбанкны валютын нөөц дундарсан, гол түүхий эдүүдийн экспорт нэлээд багассан цар тахлын үед 1 тэрбум долларын Сенчири-1 бондыг гаргасан. Засгийн газар дефольт зарлах хэмжээний эрсдэл үүссэн үед шат дараалсан арга хэмжээ авсны үр дүнд макро үзүүлэлтүүд жилийн эцсээр сайжирсан. Ингэснээр 2023 оны нэгдүгээр сарын эхний 10 хоногт Сенчири-2 бондыг гаргаснаар эдийн засгийн үзүүлэлтүүд сэргэсэн.
2023 онд төлөгдөх 392 сая ам.долларын Хуралдай бондын төлбөрийг дахин санхүүжүүлэх зорилгоор Сенчири-3 бондыг 11-р сарын 23-28-нд амжилттай гаргалаа. Хонгконг, Сингапур, Лондон, Нью-Йорк хотуудад Сангийн яам болон Монголбанкны хамтарсан баг гадны хөрөнгө оруулагч банкуудтай хамтарч 350 сая долларын Сенчири-3 бондыг гаргаж, 14 дахин том буюу 4.8 тэрбум долларын захиалга авлаа.
Хүү нь 7.857 бөгөөд 2010 оноос хойш Монгол Улсын Засгийн газраас гаргасан хамгийн бага эрсдэлтэй бонд гэж үнэлэгдлээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар 2020-2024 онд Монгол Улсын Засгийн газар болон Хөгжлийн банкны нийт 3.7 тэрбум ам.долларын бондын өр төлбөр төлөх хуваарьтай байсан. Өр төлбөрийн зохицуулалтыг 100 хувь амжилттай хийлээ. Үүнээс нэг тэрбум долларыг төлж барагдууллаа. 2.6 тэрбум долларын хугацааг хойшлуулж, хүүг тодорхой хэмжээгээр буулгаж чадлаа. Энэ хугацаанд оногдох 886.3 сая ам.долларын хүү төллөө.
Сенчири-3 төслийг амжилттай хэрэгжүүлснээр Монгол Улс 2024, 2025 онд ямар нэг бондын төлбөр төлөлт хийх хуваарьгүй болсон. Монгол Улсын Засгийн газар болон хувийн секторын зээл гээд нийт 33 тэрбум ам.долларын өртэй. Энэ нь ДНБ-ий 190 орчим хувийг эзэлдэг. Өндөр зээлтэй орнуудтай харьцуулахад бага дүнтэй гэж болно. Үүнийг улс төржүүлж нийт иргэдийнхээ тоонд хувааж, нэг иргэн ийм хэмжээний өртэй гэдэг нь буруу юм. Монгол Улсын Засгийн газрын өр 7.8 тэрбум доллар буюу ДНБ-ий 60-аас доош хувийг эзэлж, эрсдэл харьцангуй буурч байна. Хувийн ААН-ийн өрийг иргэд төлөхгүй, ямар ч хариуцлага хүлээхгүй" гэв.
Зочин · 2023/12/14
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh