Эрчим хүчээ хэмнэх дадал болгох энгийн зөвлөгөө
2023/12/13
Манай улсын эрчим хүчний хэрэглээ үйлдвэрлэлээсээ давсан учраас эрчим хүчээ найдвартай, тогтвортой хангахын тулд иргэдийн хэрэглээг хэмнэх нөхцөлд орж байгаа юм. Мэргэжлийн байгууллагынхнаас 17:00-22:00 цагуудад тогоо хэмнэхийг ард иргэд, аж ахуйн нэгжүүдэд уриалаад байгаа билээ.
Иймд айл өрх болон аж ахуйн нэгжүүд цахилгаанаа хэмнэх дараах энгийн аргыг албаныхан зөвлөв.
АЙЛ ӨРХ ХЭРХЭН ЦАХИЛГААНАА ХЭМНЭХ ВЭ?
- Индүү, тоос сорогч, угаалгын машин зэргийг 17:00-22:00 цагаас өөр цагуудад ажиллуулах
- Цахилгаан зуухны халаах хэсэг хоолны савны ёроолын хэмжээтэй адил байвал цахилгааны хэрэглээг 60 хувь хүртэл бууруулна
- Хоол, цайг буцалсны дараа плиткийн температурыг бууруулах, хоол бүрэн болохоос өмнө ширмэн зуухыг салгаж үлдэгдэл дулааныг ашиглах
- Хоол хийх үедээ савныхаа тагийг тавих, ингэснээр эрчим хүчний хэрэглээгээ 2.5 дахин багасгана
- Цагийн тохируулгатай будаа агшаагч зэрэг цахилгаан хэрэгслийг 17:00 цагаас өмнө ажиллуулах
- Хоёр тарифт тоолууртай бол цахилгаан хэрэгслээ 21:00-06:00 цагийн хооронд ажиллуулах замаар өдрийн цагаар зарцуулдаг цахилгааны төлбөрөө 2 дахин багасгах боломжтой
- Индүү 17-26 ширхэг 100 Вт-ын чийдэнтэй тэнцэх цахилгаан хэрэглэдэг. 21:00 цагаас хойш индүүгээ ашиглах
- Хэрэглээгүй телевизор, wifi төхөөрөмж, DVD тоглуулагч, хөгжим, гар утасны цэнэглэгч, хэт богино долгионы зуух, компьютер зэргийн залгуурыг тогтмол салгаж хэвших /Ашиглахгүй байгаа залгаатай цахилгаан хэрэгслүүд өрхийн цахилгааны хэрэглээний 7-25 хувийг эзэлдэг/
- Гар утсаа цэнэглээд цэнэглэгчээ залгаатай хэвээр нь үлдээдэг бол жилд 560 төгрөг дэмий үрэгдүүлнэ.
- 5 минут шүршүүрт ороход ванны 1/3-тэй тэнцэх хэмжээний ус ордог. Энэ нь ус халаах эрчим хүчийг хэмнэж байгаа юм.
- Эрчим хүчний хэмнэлттэй А, А+, А++ ангиллын гэр ахуйн цахилгаан хэрэгслийг сонгосноор цахилгааны зардлаа 15-30 хувь хэмнэнэ.
Плитка: Индукцийн плитк нь газан плитканаас гурван минут, керамикаас 3.2 минут, ширмэн плитканаас 3.8 минут хурдан халдаг, ширмэн плиткатай харьцуулахад цахилгааныг 90% хүртэл хэмнэдэг.
- Хоол, ундыг буцалсны дараа плиткийн температурыг бууруулах, хоол бүрэн болохоос өмнө ширмэн зуухыг салгаж үлдэгдэл дулааныг ашиглах, савныхаа тагийг тавих зэргээр хоол хийхэд зарцуулах эрчим хүчийг 15-30% хэмнэж болно.
- Хоол хийх савны ёроол цэвэр, гөлгөр, плиткийн халах хэмжээтэй адил байх нь эрчим хүчийг 60% хүртэл бууруулна.
Хөргөгч: Хөргөгч, хөлдөөгчийн байршлыг өөрчлөх. Хөргөгчийг 30°С-аас дээш хэмийн халуун өрөөнд байлгах нь энгийн үеэс хоёр дахин их эрчим хүч зарцуулдаг. Мөн плитка, ус буцалгагч, халаагуур /радиатор/-ын ойр байрлуулснаар илүү их эрчим хүчийг зарцуулна.
- Мөстсөн хөргөгч, хөлдөөгч цахилгаан зарцуулалтыг 5 хувиар нэмдэг тул үргэлж цэвэрхэн байлгах;
- Хөргөгчийн ар тал, өрөөний хана хооронд зайтай байвал эрчим хүчийг бага зарцуулна;
- Халуун хоол, хүнсний бүтээгдэхүүнийг өрөөний температур хүртэл хөргөсний дараа хөргөгчид хийснээр, хөргөгчийн хоногт ажиллах цагийг багасгана.
Гэрэлтүүлэг: Эрчим хүчний үр ашигтай гэрэлтүүлэг сонгох; Эрчим хүчний хэмнэлттэй лед чийдэн нь энгийн улайсдаг чийдэнгээс 80 хувь бага эрчим хүч зарцуулж, 10 дахин их хугацаанд ашиглагддаг. Ашиглаагүй өрөөнүүдийн гэрлээ унтрааж хэвших;
Угаалгын машин: А, А+, А++ тэмдэглэгээ бүхий эрчим хүчний хэмнэлттэй угаалгын машинууд нь угаах хувцасны жинг автоматаар тодорхойлж, усны хэмжээг тохируулдаг тул усыг халаахад зарцуулах цахилгаан эрчим хүч 40 хувь хүртэл хэмнэгдэнэ. Хувцас угаахдаа 30°С-ийн температурыг сонгосноор цахилгааны хэрэглээг 40 хувиар багасгана.
Индүү: Индүүг нэг цаг ашиглахад ойролцоогоор 210 төгрөгийн цахилгаан эрчим хүч зарцуулдаг. Хэт хуурай, хэт чийглэг хувцсыг удаан индүүддэг тул хувцсаа индүүдэхэд тохируулан хатаах; Хувцасны төрөлдөө тохируулж температурыг бууруулах дарааллаар индүүдэх;
Ус буцалгагч: Ус буцалгагчид үүссэн хаг хусмыг цэвэрлэснээр цахилгаан зарцуулалтыг 20 хувь хэмнэнэ. Зөвхөн хэрэгтэй хэмжээгээр усаа тохируулж буцалгаснаар эрчим хүчийг 20% хүртэл хэмнэнэ.
АЖ АХУЙН НЭГЖ БАЙГУУЛЛАГА ХЭРХЭН ЦАХИЛГААНАА ХЭМНЭХ ВЭ?
- Компьютер, принтер, сканнер, баримт устгагч машин, шарах шүүгээ, кофе чанагч, ус буцалгагч, уртасгагч, гар утасны цэнэглэгч гэх мэт цахилгаан хэрэгслүүдийг ашиглаагүй үедээ, ажлын бус цагаар, амралтын өдрүүдэд, баяр ёслолын үеэр унтрааж, тэжээлээс нь салгаж хэвших
- Цайны нэг цагийн хугацаанд нэг суурин компьютерыг унтрааснаар жилд 8,900 төгрөг хэмнэнэ
- Компьютерын дэлгэцийг ашиглаагүй үед 1 минутын дараа амардаг горимд тохируулснаар эрчим хүч зарцуулалтыг 30 хүртэл хувь бууруулна
- Суурин компьютероос зөөврийн компьютер 5 Дахин бага цахилгаан хэрэглэнэ
- Ашиглаагүй гэрлээ унтраах, эрчим хүчний үр ашигтай гэрэлтүүлгийг сонгох, мэдрэгчтэй гэрэлтүүлэг ашиглах, цагийн реле тавих зэргээр гэрэлтүүлгийн зардлыг 50 хүртэл хувиар бууруулах; Өдрийн цагаар гэрэлтүүлгийн цахилгааныг бууруулахын тулд байгалийн гэрлийг ашиглах, цонх, гэрэлтүүлэг, таазыг байнга цэвэрлэх, дотор ханыг цайвар өнгөөр будах нь гэрэлтүүлэгт зарцуулах эрчим хүчийг 5-15% бууруулдаг
- Халаалтын зардлыг бууруулахын тулд термостат хаалт, тоолуур суурилуулах. Шөнийн цагаар, амралтын болон баяр ёслолын өдрүүдэд температурыг бага байлгах, спортоор хичээллэхэд зориулагдсан өрөө, уулзалт, урлагийн танхимын температурыг тохируулах
- Халаалт, агаар сэлгэлтийн тоног төхөөрөмжид үзлэг, засвар, үйлчилгээг тогтмол хийх
- Шинээр худалдан авалт хийхдээ эрчим хүчний үр ашигтай А, А+, А++ тэмдэглэгээ бүхий тоног төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл сонгосноор цахилгааны зардлаа 15-30 хувь хэмнэх боломжтой
- Дулааны эрчим хүчний энергийг хэмжих тоолуур суурилуулан хэрэглээгээ хянах
- Ажилтнуудад эрчим хүч хэмнэх дадал хэвшил суулгах ажлыг зохион байгуулах, уралдаан зарлах, урамшууллын системийг бий болгох
- Эрчим хүчний аудит хийлгэж эрчим хүчний алдагдлыг илрүүлэх, түүний мөрөөр арга хэмжээ авч ажиллах