Хотын захиргаа  2012 онд 3809 албан хаагчтай байсан бол  2014 онд 5210 болж нэмэгдсэн байна. Нийслэлийн төсвөөс санхүүждэг байгууллага 2012 онд 6860 байсан бол 2014 онд 8359 болж, нийт орон тоо 2900 хүнээр өргөжин, бүтэц орон тоо нь 27,2 хувиар өсжээ. Цалингийн зардал нь 2012 онд 25,8 тэрбум байсан бол 2014 онд 50,2 тэрбум төгрөг болж  94,5 хувиар  өссөн байна.  Тиймээс эдийн засаг хямарсан энэ үед орон тоог цөөлөх хэрэгтэй гэсэн үүргийг  төр захиргааны байгууллагуудад  үүрэг  өгөөд байгаа ажээ.  Энэ ажлын хүрээнд мээрийн  орлогоч цөөрөх гэнэ.  Тодруулбал:

  • Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл
  • Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалай
  • Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ
  • Санхүү, эдийн засгийн асудал хариуцсан орлогч Н.Батаа
  • Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат
  • Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр нар тус тусынхаа салбарын дагуу Э.Бат-Үүл даргаа орлодог байна.

Тэд бүгдээрээ   тус тус албан өрөө, туслахтай, хангамжтай.  Машин, туслах, хэвлэл захиалга, утасны төлбөр, шатахуун гээд тэдний хангамж  хотын мээрээс дутахааргүй.   

Тэгвэл эдийн засгийн хямралтай байгаа энэ үед  тэднийг дөрөв болгож цөөрүүлэх,  хотын захирааны орон тоог 20 хувиар бууруулахаар болоод байгаа ажээ.  Одоогоор хэн хэнийг халах эсэхийг  хэлэлцэж байгаа бөгөөд  эцсийн шийдвэр гараагүй байна. Гэхдээ хэн хэнийг  халах уу гэх нууц хуралдаан болж өнгөрсөн байна.  

Хэнийг нь хасаж, хэнийг нь үлдээх талаар бид эргэн мэдээлэх болно.

А.Баярмаа