-Эрүүл бизнесийн зарчмаар мөнгө олдог хэвлэл мэдээллийн байгууллага улс төрөөс хараат бус, үнэ цэнэтэй байж чадна-      

    Захиалгат, хараат сэтгүүлзүй ноёрхож байна гэж манай хэвлэлийнхэн шагширдаг ч “Хэвлэлийн бизнесийн орчин ямар байна бэ” гэдэг асуудлаар доривтойхон дуугарч байсан нь цөөн юм. “Эрүүл сэтгүүл зүйн бизнесийн орчин” сэдвээр анхдугаар чуулга уулзалтыг одоогоос хоёр жилийн өмнө зохион байгуулж, тунхаг төдий зүйл гаргаад л өнгөрч байв. Хараат бус сэтгүүл зүй оршин тогтнохын нэг үндэс нь хэвлэлийн бизнесийн эрүүл орчин байх ёстой.  Иймд сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллага өөрсдөө мөнгө олох, бизнесийн зөв орчин бүрдүүлэх цаг ирчихжээ. Бизнесийн орчноо хэрхэн сайжруулах ёстой юм бэ гэдэг асуудлыг ярих, ажил хэрэг болгох шаардлага байна.

Бизнесийн орчин ямар байна вэ

      Бизнесийн цэвэр өрсөлдөөн, ёс зүйтэй байдал, эдийн засаг, улс төрийн нөлөө, техник технологийн орчин, өрсөлдөгчдөөс бизнесийн орчин бүрддэг. Хэвлэл мэдээллийн байгууллагын хувьд улс төрийн нөлөө, өрсөлдөгчдийн ёс зүйтэй байдал, оюуны өмчийг дээдлэх асуудал илүүтэй чухал байх нь ажиглагдаж байна. Нэг төрлийн үйлдвэрлэл, үйлчилгээ явуулж буй бизнесийн байгууллага олон байх нь ашиг орлогоо хуваах сөрөг талтай ч хэрэглэгчдэд ашигтай тал бас байдаг. Угтаа бол олон өрсөлдөгчид бизнесийн салбарт байх нь хэрэглэгчидэд сайн талтай бөгөөд тааруу бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид нь зах зээлийн жамаараа алга болох, сайн нь шалгаран үлдэх эдийн засгийн хууль бий. Гэвч өнөөдөр хэвлэл мэдээллийн тоо улам нэмэгдсээр сайн нь ч саар нь оршин тогносоор байна. Энэ зах зээл дээр тааруу нэг нь зах зээлээс шахагдахгүй байгаа нь тэнд цэвэр бизнесийн өрсөлдөөн байхгүй байгаатай холбоотой юм.

 Монголын Хэвлэлийн хүрээлэнгийн судалгаанаас үзэхэд жил ирэх тусам хэвлэл мэдээллийн байгууллагын тоо эрс өссөөр иржээ. Идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй хэвлэлийн байгууллагын тоо 2008 онд 392, 2009 онд 396 байж тооны өсөлт тогтвортой байсан бол 2010 онд 430, 2011 онд 469 болтлоо өссөн байх юм. Харин 2012 онд 135 сонин, 99 сэтгүүл, 84 радио, 166 телевиз, 68 веб сайт тогтмол үйл ажиллагаа явуулж байна гэсэн судалгааг гаргажээ. Өнгөрсөн 2013 оны байдлаар 600 шахам хэвлэл мэдээллийн байгууллага байгаа ажээ. Сонин сэтгүүлийн тоо тогтмол байгаа бол кабелийн телевиз, цахим мэдээллийн хэрэгслийн тоо жил ирэх тусам өссөөр байна. Үнэхээр 600 шахам хэвлэл мэдээллийн байгууллага бүгдээрээ ашигтай ажиллаж байна гэвэл бас тийм биш юм. 

     Монголын зах зээлийг бизнес эрхлэгчид жижиг хэмээн голдог. Харин хэвлэл мэдээллийн салбарынхан Монголынхоо зах зээлийг бага гэж үздэггүй юм байна. Телевиз радио, сонин сэтгүүл, цахим мэдээллийн хэрэгслүүдийн олон жил тасралтгүй үйл ажиллагаа явуулсан нэр хүндтэй нь арай илүү ашиг орлого олох, хөрөнгө оруулагчийнхаа хэтэвчийг чангаахгүй амьдарч байгаа болов уу гэж бодогдох... Гэвч Монголын анхны чөлөөт өдөр тутмын “Өнөөдөр” сонины нэгдүгээр орлогч эрхлэгч С.Батбаатар /зөвлөх болсон/ өөрийн сониныхоо санхүүгийн талаар тийм ч таатай бус байгаагаа илэрхийлж байсан нь бий. Тэрээр “Өнөөдөр сонин зөвхөн улирлын хэвлэлтийн зардалдаа л 35 сая төгрөг зарцуулж байгаа бөгөөд үүн дээр түгээлтийн буюу шуудангийн үйлчилгээний өртөг  зэрэг бусад зардлыг нэмж тооцохоор тун хэцүү дүр зураг харагдаж байна. Эдийн засгийн үр ашгийг нэмье гэвэл хөдөө, орон нутаг руу явуулдаг шуудангийн зардлаа хасах, төлбөртэй реклам, зарыг аль болох түлхүү нийтлэх шаардлагатай болж байгаа” гэжээ. Анхны чөлөөт хэвлэл “Өнөөдөр” сонины санхүүгийн асуудал тийм ч таатай бус байна гэхээр бусад сонин хэвлэл  ямар байгаа бол. “Өдрийн сонин”, “Өнөөдөр” сонин л бусад хэвлэлүүдтэй харьцуулахад илүүтэй реклам, сурталчилгаа түлхүү харагддаг. Олон жил уншигчидын гарт очсон гэдгээрээ олон нийтэд танигдсан байнгын уншигч захиалагчтай хэвлэлүүд шүү дээ. Тогтсон томоохон телевизүүдийн хувьд ашиг орлого нь арай илүү байж мэдэх юм. Олон нийтэд тэр бүр танигдаагүй шинэ телевизүүдийн хувьд санхүүгийн бэрхшээл тулгардаг нь нууц биш. Энэ талаар ч телевизийн удирдлагууд нуудаггүй. Цахим мэдээллийн хэрэгслээс тоотой хэдэн сайт л амиа зогоож байна.

      Хэвлэл мэдээллийн байгууллага ашиггүй мөртлөө яагаад нэмж байгуулагдсаар байна бэ. Улс төр, бизнесийн салбарынхан хөрөнгө мөнгө хаяж эдийн засгийн хөшүүрэгтэйгээр хэвлэл мэдээллийн хэрэгслийн дийлэнх хэсгийн үйл ажиллагааг нь тогтоож буйг бид мэднэ. Үүний талаар бичих нь илүүц биз. Хэвлэл мэдээллийн байгууллага бол бизнесийн байгууллага. Онцгой бизнесийн салбар ч гэж нэрлэдэг. Энэ онцгой бизнесийн салбар зах зээлийн жамаараа бус ёс зүй, хэм хэмжээгээ алдаж, оюуны өмчид халдах үзэгдэл хэрээс хэтэрч буйг бид мэдсэн ч шийдвэртэй арга зам авч ирсэнгүй. Цахим мэдээллийн хэрэгсэл, телевизүүдэд илүү хамааралтай нэг зүйл байна. Энэ нь оюуны өмчийн асуудал. Телевиз, цахим мэдээллийн хэрэгслүүд биесийнхээ бүтээлийг хуулах, хөдөлмөрийг мөлжих, оюуны өмчид халдах үзэгдэл хэрээс хэтэрсэн. Цахим сайтууд өдөр ирэх тусам нэмэгдэж, хэвлэл мэдээллийн тоог нэмсээр байгааг бид мэднэ. Тогтмол мэдээ, материал бэлтгэдэг мэдээллийн цахим хуудас 100 хол давсан. Эдгээр сайтууд ямар учраас амь бөхтэй ажлаад байгаа шалгаан нь бусдын мэдээллийг хөрөнгө мөнгө, хөдөлмөр зарцуулалгүйгээр авчихдагтай нь холбоотой ажээ. Жижигхэн өрөөнд, ширээний буланд нэг, хоёрхон хүн комьпютр зэрэгхэн тавиад л цахим мэдээллийн хуудас ажлуулж байна. Ингэхдээ бусдын мэдээллийг хуулах, өөрчлөн бичих, оюуны өмчид ноцтойгоор халдах зэргээр ажиллаж буй юм. Томоохон цахим хуудас, сонины мэдээллийг жижиг сайтууд хуулж оюуны өмчид нь халдаад зогсохгүй бизнесийн орчинд сөргөөр нөлөөлдөг байна. Мэдээллийн жижиг цахим хуудасууд бусдаас мэдээллийг хуулбарлахын сацуу хэвлэл мэдээллийн зах зээлээс бага ч гэсэн ашиг орлого олж байдаг нь бизнесийн орчинг муутгаж байгаа нэг хэлбэр юм. Энэ нь нүдэнд ил харагддагүй ч бодитоор сөрөг нөлөө үзүүлж байдаг хүчин зүйлийн нэг хэлбэр билээ. Телевизийн салбарт оюуны өмчийн зөвшөөрөлгүй бүтээл, нэвтрүүлэг, кино гаргах үзэгдэл хавтгайрсан. Мөн бизнес эрхлэгч, эсвэл нэг улс төрч ашиггүй ч гэсэн кабелийн телевиз, эсвэл цахим мэдээллийн байгууллагатай байгаа нь тооны хувьд ихэсгээд зогсохгүй, бизнесийн орчинг ч хуваалцаж байна. Сэтгүүл зүйн салбарын бизнесийн орчин улс төрийн нөлөөнд автсан, оюуны өмч, сэтгүүлчдийн хөдөлмөр үргүйдсэнээс бизнесийн орчин алдагдсан гэж дүгнэж болохоор байна.

Боловсон хүчний хуваагдал бий болж, хэвлэл мэдээллийн чанар муудсан

   Олон хэвлэл мэдээллийн байгууллага байгаа нь сайн ч цэвэр өрсөлдөөний зарчмаар үйл ажиллагаа явуулдаггүй нь бизнесийн орчноо үгүй хийж буйг дээр дурьдлаа. Иймээс хэн дуртай нь хэвлэл мэдээллийн байгууллага байгуулж бусдын оюуны өмчид халддаг, сэтгүүлчдийн хөдөлмөрийг мөлждөг явдлыг таслан зогсоох цаг ирчихлээ. Хэвлэл мэдээллийн байгууллагад хүний нөөц, боловсон хүчний хувьд тоо заах, мэргэжлийн тодорхой тооны сэтгүүлч ажлуулдаг байх цензур тогтоох шаардлага бий болж байна. Хоёр, гуравхан сэтгүүлчтэй хэвлэлийн байгууллага бусдын хөдөлмөрийг мөлжих аргаар үйл ажиллагаа явуулж байна. Энэ бол байж боломгүй ёс зүйгүй явдал юм. Хэвлэл мэдээллийнхэн нэгнийгээ хэмлэхгүй байх ёстой гэсэн хандлагаар эрүүл шүүмжлэл хийж, нөгөөдөх нь буруугаа хүлээн зөвшөөрч ирсэнгүй. Оюуны өмчид халдаж буй салбарынхнаа шударгаар хөдөлмөрлөх шаардлага, хяналтыг хэрэгжүүлэх цаг ирснийг сануулах ёстой. Хэвлэл мэдээллийн байгууллага тооноос чанарт шилжих шаардлагатай байна. Дуртай нь хэвлэл мэдээллийн байгууллага ажлуулах нь бизнесийн орчинг эвдээд зогсохгүй, сэтгүүл зүйн салбарын хүний нөөцийн хуваагдал болон чанарт ч асар ихээр нөлөөлж буйг хэлэх шаардлага байна. Чөлөөт ардчилсан нийгэмд хэн ч гэсэн хэвлэл мэдээллийн байгууллага байгуулах, удирдах эрх нээлттэй.  Гэхдээ өмчийг дээдлэх, ёс зүйтэй байх нь нэн тэргүүний баримтлах зарчим байх ёстой юм.

      Түүнчлэн хэн нэгэн сэтгүүлч шинээр хэвлэлийн байгууллага байгуулаад бусад тогтсон хэвлэл мэдээллийн сэтгүүлчдийг цалин мөнгө амлаж өөртөө татдаг, эргээд нөгөө хэвлэл мэдээллийн байгууллага нь туршлагатай сайн мэргэжилтэнгүй болдог, боловсон хүчний хуваагдал бий болчихлоо. Туршлагагүй тааруухан мэргэжилтэнтэй телевиз сонин тэр болгон сайн уран бүтээл туурвиж олон нийтэд хүргэж чадахгүй. Хэвлэл мэдээллийн байгууллагад боловсон хүчний хуваагдал бий болж хэвлэлийн байгууллагад цөөн тооны туршлагатай сэтгүүлч ажиллах нь тухайн хэвлэлийн байгууллагыг тэр бүр сайн явуулах, сайн уран бүтээл туурвих боломжгүй болгодог юм байна. Телевизээр Солонгосын олон ангит кино, садар самуун сурталчилсан нэвтрүүлэг, чанаргүй бүтээл цацагдах болсон нь мөнгө санхүүтэй холбоотой ч боловсон хүчний хуваагдал бий болсонтой ч холбон тайлбарлах боломжтой. Тухайн телевиз, хэвлэл мэдээллийн байгууллагад шүүн тунгаах сайн мэргэжлийн сэтгүүлч, уран бүтээлч байхгүй байна гэсэн үг. Нөгөөтэйгүүр бизнесийн ашиг орлого, хөрөнгө мөнгө тааруугаас сайн уран бүтээл туурвиж чадахгүй бусдын бүтээлийг хулгайлдаг, Солонгосын олон ангит кино гаргадаг болчихлоо. Энэ нь хүмүүжүүлэх, соён гэгээрүүлэх онцгой үүргээ сэтгүүл зүй алдаж байна. Бизнесийн салбарлуугаа илүүтэй хазайж байна гэж хэлж болохоор байна. Дээр нь цаг наранд шахагдсан, цалин хангамж тааруу сэтгүүлчдээс сайн уран бүтээл гарахад хэцүү шүү дээ. Энэ нь тэдний буруу биш юм.

Ес зүй, оюуны өмч, чанарыг эрхэмлэх нь сэтгүүл зүйн бизнесийн зөв орчинг бүрдүүлнэ

Сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллага улс төрчдөөс хараат бус болохын тулд бизнесийн орчноо сайжруулж, бизнесийн зах зээлд эрүүлээр мөнгө олдог орчинг бүрдүүлэх ёстой. Энэ нь сэтгүүл зүйн салбар улс төрчдөөс хараат бус байх алхам руу орох боломж гэж харагдаж байна. Хэвлэл мэдээллийн байгууллагыг шинээр байгуулах, одоо ажиллаж буй хэвлэл мэдээллийн байгууллагуудад боловсон хүчин болон чанарын хувьд нь тодорхой журам мөрдүүлж ажиллаж цаг иржээ. Үүнийг манай хэвлэлийнхэн хааж боох нь, цензурдэх нь гэж явцуу утгаар ойлгох нь бий. Оюуны өмч, бизнесийн орчноо сайжруулах өөрчлөлт, шинэчлэлтийг сэтгүүлчид өөрсдөө эхлүүлэх ёстой. Сэтгүүлчид өөрөө өөрсдөдөө хяналт тавьдаг, хэвлэл мэдээллийн байгууллага ямар хэм хэмжээтэй байх ёстойг тодорхой зааж өгч мөрдүүлэхгүй бол сэтгүүл зүйн бизнесийн орчин алдагдсан, бүтээгдэхүүний чанар, хүний нөөцийн хуваагдал засагдахаасаа өнгөрчээ.

        Энэ бүгдийг алдаа дутагдалыг засах хууль, журам боловсруулж, сэтгүүлчдийн их хурлаас бүрдсэн Хэвлэл мэдээллийн зөвлөл хийгээд явах ёстой болов уу. Хэвлэл мэдээллийн зөвлөл байгуулахыг зарим эздүүд эсэргүүцэж ирсэн. Хэвлэл мэдээллийн байгууллага байгуулах шаардлага байгааг МУБИС-ийн сэтгүүл зүйн тэнхимийн эрхлэгч, Хэл бичгийн ухааны доктор, профессор Ж.Батбаатар оновчтой хэлж байсаныг санаж байна. Тэрээр “Сэтгүүл зүйн үйл ажиллагааны хэм хэмжээ юу болох, болохгүйн зааг хязгаарыг тодотгож өгдөг ёс зүйн дүрэм, түүний мөрдөлт хэрэгжилтэд мэргэжлийн хяналт тавьж байх Хэвлэлийн зөвлөлөөс бүрдэх өөрийн зохицуулалтын системийг бүрдүүлэн бий болгох нь өнөөдөр хэвлэл мэдээллийн хүч нөлөөг явцуу ашиг сонирхолдоо ашиглаж гаршсан олигархи, бүлэглэлүүд, тэдний эд анги, эм ширхэг болсон зарим эзэд, хэвлэлийн эрх чөлөөг уландаа гишгэсэн увайгүй нөхдөд хэрэггүй” гэж байв. Үнэхээр Хэвлэл мэдээллийн зөвлөл байгуулагдаж өөрсдийнхөө алдаа оноо, ёс зүй, бизнесийн соёл, оюуны өмч, хэвлэл мэдээллийн байгууллагын чанар, хэм хэмжээгээ хянаж явах шаардлага байгааг хаа хаанаа ойлгох цаг ирсэн байна. Эрүүл бизнесийн зарчмаар мөнгө олдог хэвлэл мэдээллийн байгууллага улс төрөөс хараат бус  үнэ цэнэтэй байж  чадна. Тиймээс сэтгүүл зүйд эрүүл бизнесийн орчныг бий болгох ёстой.

 

Т.АМАРТҮВШИН

Сэтгүүлч, Нягтлан бодогч мэргэжилтэй