Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга, Монгол Улсын Сайд Ж.Сүхбаатар нар олны нэршиж заншсанаар ногоон автобусны хэрэг буюу хэдэн зуун тэрбумаар хэмжигдэх авилга хээл хахуулийн хэрэгтэй холбоотойгоор албан тушаалаасаа огцорсон билээ. Улмаар 2023 оны 10-р сарын 12-нд Х.Нямбатар Нийслэл Улаанбаатар хотын 36 дахь Засаг Дарга болсон юм.

 

Х.Нямбаатарыг хотын дарга болох үед иргэдэд тодорхой хэмжээний хүлээлт байв. Засгийн Газрын бүхий л ажлын хэсгийг ахалдаг шигээ зүтгэж магадгүй, ногоон автобусны хулгай луйврыг ядаж илчилчих байх, Д.Сумъяабазараас арай дээр ажиллачих болов уу? гэсэн горьдлого цөөн боловч иргэдэд байсан нь нууц биш. Харамсалтай нь өнөөдөр Улаанбаатар ямар ч удирдлаггүй шахам л байна.

 

Автобусны хүрэлцээ муу, цаг агаар хүйтэн, ЕБС-ийн хичээл сургууль амарчихсан байхад ямар учиртай нь бүү мэд тээврийн хэрэгслийг тэгш, сондгой дугаараар нь ээлжилж автозамын хөдөлгөөнд оролцуулах гэгч шийдвэр үргэлжилж байна. Яг ямар учиртай, зорилготой шийдвэр гэдгийг нь бодоод бодоод олохгүй. Тэр бүү хэл нийслэлийн авто зам бараг л мөсөн гулгуурын талбай шиг л нөхцөл байдалтай байна. Сураг сонсох нь ээ, цацах давс байхгүй болчихсон, Хятадаас бодис авахаар одоо л ажиллаж буй гэх.

 

Яахав, Х.Нямбаатар ба түүний Нийслэлд авчирсан багийнхан болох П.Сайнзориг, С.Номинчимэг нар нь ямар ч аж ахуйн ажлын туршлаггүй, хуульчид учраас хотын ажил хийж чадахгүй байж болно. Эрхбиш хуульч мэргэжлийн давуу талаа гаргаад "ногоон автобусны" хулгайн хамаг л булхай, луйврыг ил гаргаад шударга ёсны төлөө тэмцээд өгөх юм болов уу? гэсэн ч байдаггүй ээ, хөөрхий.

 

Харин ч Нийслэлийн МАН-ын хорооны даргаар үлдсэн Д.Сумъяабазартайгаа чухам л гар нийлээд ажиллах юм гэнэ дээ. Х.Нямбаатар ба түүний нөхдөөс иргэд нэг их юм хүсээгүй. Угаасаа Улаанбаатарыг хөгжүүлээд, нийслэлд тулгарсан асуудлыг шийдэх чадах лидер ч тэр биш гэдэг нь тодорхой. Гагцхүү ядаж цас орсны дараа автозамыг хальтиргаагүй байлгах төдий ажлыг шуурхай зохион байгуулчихад л ядаж иргэд тайван байх байлаа. Гэвч давс ч цацаж чадахгүй Х.Нямбаатарын багийнхан чухам л метро бариад, Улаанбаатарын гэр хорооллыг бүхэлд нь орон сууцжуулчих юм яриад сууж байна. Шулуухан хэлэхэд Х.Нямбаатар Д.Сумъяабазараасаа ч долоон дор, муу ажиллаж байна. 

 

 

Э.Мягмар

www.SONIN.mn