Судлаач Ганаа: 1 + 0,5 = 126 ?!
2024/01/08
УИХ-ын сонгуулийн өмнөх улс төр “маш нууц” байдалд өрнөж байна. Өмнө нь сонгуулийн сурталчилгаа аль хэдийн эхэлж, нэр дэвшигчид хэвлэл мэдээллийн хэрэгслээр ядаргаа болтол уяатай байдаг байсан бол энэ жил таг чиг тун даруухан байна. Телевизээр элдэв хангайн “онол”, үзэл санаа залхтал ярьдаг улс төрч алга. Эрх баригчид шударга болоо юу ? Үгүй л дээ. Тэгвэл яагаад улс төрчид “ийм даруухан” байгаа юм?! Ингэхлээр манай улс төрийн нөхцөл байдал, хандлагыг үндсэнд нь тодорхойлж буй МАН-ын сүлжээг шинжлэн үзэх ёстой.
МАН-ын сүлжээний түүхээс
Намайг хэлсэн хэлээгүй манайхан МАН-ын сүлжээг их бага хэмжээгээр гадарлана. Гэхдээ хүмүүс МАН-ын сүлжээний бүтэц, шатлал, зохион байгуулалт зэрэг үзэгдэл, хэлбэрийн талыг л харж бага зэрэг төсөөлдөг. Харин уг сүлжээ бүрэлдэн тогтсон түүх, функци, мөнгөний болон удирдлагын ил далд механизм, удирдлагын зарчим зэрэг мөн чанар, агуулгын талыг бараг мэддэггүй. Үүнийг мэдэхгүйгээр МАН-ын сүлжээнд гүйдэг “хэдэн хөгшин” авгайгаас цааш харж чадахгүй, улмаар МАН-ын сүлжээг бүхэлд нь ойлгох боломжгүй.
1990 он хүртэл Монгол Улсыг МАХН-ын байгууллагуудын хүчирхэг, салбарласан сүлжээ удирдаж байв. Онцлон дурдахад МАН-ын сүлжээ эрх мэдэл, эд хөрөнгийн төлөө үхэн хатан зүтгэдэг биш, харин ганц үзэл сурталтай, хатуу төвлөрсөн, чанд босоо удирдлагатай хэдий ч бүтээн байгуулагч, эх оронч сүлжээ байсан. Одооныхоос ялгаатай нь МАН-ын сүлжээ бүх албан байгууллага, үйлдвэр, аж ахуйн газруудад ажиллаж, харин засаг захиргааны анхан шатны нэгжид байгаагүй юм.
Жи: УБ-т гэхэд хот, дүүргийн намын хороо ажиллаж, нутаг дэвсгэр дээрээ байх бүх албан байгууллагуудыг удирдана. Хорооны намын үүр гэж байгаагүй, намын гишүүн албан байгууллагынхаа намын хороо, үүрт харъяалагддаг байсан. Хөдөөд аймгийн намын хороо, сумдын намын үүрүүд ажилладаг байв.
Харин 1990 оноос хойш МАН-ын хороо, үүрүүдийг үйлдвэр, албан байгууллагад ажиллахыг болиулсан. Энэ нь бие даан ажиллаж, шийдвэр гаргаж, удирдаж сурсан МАН-ын үндсэн сүлжээнд онцгой их өөрчлөлт, хор хохирол учруулаагүй. Дүгнэж хэлбэл МАН-ын сүлжээ улс орон даяар сүлжин хэрсэн хүчирхэг сүлжээ хэвээрээ үлдсэн. Харин уг сүлжээнд мөн чанарын асар их өөрчлөлт орсон… 1996 оноос Барууны пиар Монголд нэвтрэв. Эхэн үедээ Барууныхан МАН-ын эсрэг бүх хүчнийг нэгтгэсэн АН-ыг дагнан дэмжиж байв. Хэдийгээр бусад улсын сонгуульд хөндлөнгөөс оролцож, нөлөөлөхийг тэдгээр орны хуулиар хориглосон байдаг хэдий ч энэ нь Монголд огт хамаагүй байв. Барууныхан монголын сонгуульд эд хөрөнгө, боловсон хүчин, зохион байгуулалт, пиарын талаар “иж бүрэн” тусламж үзүүлэх болов. Улс төрийн боловсролын Академи, Сонгогчдын боловсролын Академи гэвэл манайхан сайн санах нь лавтай…
2000 оноос Оросын пиарчид орж ирэв. Оросууд барууны пиар технологийг маш хурдан эзэмшиж, өөриймшүүлж авсан нь Монголын нөхцөлд яв цав тохирч, ихэнхи тохиолдолд Баруунаас илт давуу байсан юм. Манай аваргууд юу ч сурдаггүй эргүү толгой мөртлөө гадаадын пиар технологиос сайнаас нь ганцыг ч сураагүй хэрнээ хамаг мууг нь “жигтэйхэн сайн” сурав. 20-иод жилийн дотор “бие даасан” Монгол хар пиар болтол нь хөгжүүлэв. Одоо бол том жижиг аль ч улсын сонгуулийг луйвардъя гэвэл Монголд ирж суралцсан нь хамаагүй дээр…
Хуучин МАХН-ын салбар сүлжээг мөнгө санхүүгийн систем болгон хувиргах л үлдсэн ба үүнийг хэдхэн жилийн дотор буюу 2000 оноос хойш “гайхам амжилттай” хөгжүүлэв. Тэр дорхноо МАН-ын сүлжээнд “нам–олигархийн түншлэл”, “төр–намын хөрвөх түншлэл”, “төр-олигархийн” түншлэл” гэсэн 3 том шат бий болов. Энэ 3 том шат тун өвөрмөц байдлаар сүлжилдэн хэрж, МАН-ын сүлжээг бүхэлд нь бүрдүүлдэг болов. Энэ сүлжээний механизмыг нэг өгүүллийн хэмжээнд багтаан ярих боломжгүй учраас маш бүдүүн тоймоор тайлбарлая:
Эхний шат буюу “нам-олигархийн түншлэл”
Манайхан “төр-хувийн хэвшлийн түншлэл” гэж эерэг утгаар нь ойлгож эндүүрдэг. Манайд “төр-хувийн хэвшлийн түншлэл” гэж байхгүй, харин “төр-олигархийн түншлэл” гэж бий. Иймд би цаашид “төр-олигархийн түншлэл” гэж нэрлэнэ. Эхлээд олигархууд МАН-д элдэв хэлбэрээр мөнгө цутгана. Үүнийг хэн дуртай хувийн аж ахуй эрхлэгч гэж ойлгож болохгүй. Ийм “том ажлыг” зөвхөн том олигархи бүлэглэл л хийж чадна. Ингээд олигархууд өөрөө буюу “төлөөллийн хүмүүсээ” УИХ, хийгээд ЗГ-ийн яам агентлагт оруулна. Цаашлаад бүх төрлийн Тамгын газрууд, ЗГ болон агентлагийн бүх аппарат, бүх түвшний хурал, тамгын газрын аппарат, ажлын албадад “өөрийн” хүмүүсийг чихнэ. Энийг манайхан маш сайн мэднэ, ах дүү, хамаатан садан, үр хүүхэд гээд “өөрийн” хүн мундахгүй. Тэр ч байтугай нууц амрагаа хүртэл дарга болгох моод дэлгэрсэн.
Үүний үр дүнд төрийн алба бүхэлдээ хамаатан садан, танил талын эрээн мяраан (мозаик) цуглуулга болох ба ажил хийх чадвар бараг тэгтэй тэнцэнэ. Энэ нь санаатайгаар хамгийн ажил анхигүй, хамгийн тэнэгүүдийг нь сонгож авсантай адил. Манай аль ч яам, агентлагт жинхнээсээ ажил нугалдаг нууцгайгаар “ажлын мал” гэж нэрлэдэг үнэхээр ажилсаг ердөө л 3-5 хүн байдаг ба бусад нь дарга нарынхаа ивээлд орж, цүнх барин “жаргаж, цэнгэж” байдаг. Архидана, хулгай хийнэ, хүн зодно, ална, завхайрна, гадаадад аялана гээд хийхгүй юм үгүй. Харин бие даасан бүтээлч ажил хийж л чадахгүй…
Өөрөөр хэлбэл энд намын боловсон хүчин төрийн боловсон хүчин болж хувирах үйл явц болж байна. Хэдийгээр төрийн ажилтан намаас ангид байх хуультай ч манай төрийн албаны ажилтан бол МАН-ын “дайчин туслагч, бэлтгэл хүчин” мөн. Түүнчлэн тэдний хоорондын харилцаа бол улс төр, захиргааны ажлын үнэр ч байхгүй, цэвэр зах зээлийн харилцаа болно. Энд хоёрхон зарчим үйлчилнэ.
Нэг дэх нь: “Ажил албан тушаалд очихийг хүсвэл мөнгөө төл”, хоёр дахь нь “Ажилд орсон хойноо үг дуугүй захирагд”. Энэ адгийн зарчмаас болоод монголын төрийн алба нь үхээнц, албан хаагчид нь үндсэндээ “зомби” болон хувирсан.
Хоёр дахь шат буюу буюу “төр–намын хөрвөх түншлэл”
УИХ нь хууль гаргаж, ЗГ нь төсөв баталж, элдэв төрлийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх ба эдгээрийг намд мөнгө, хөрөнгө өргөж хандивласан том компаниуд хийж гүйцэтгэнэ. Олох ашиг ч аварга их. Энэ шатанд төсөв, төслөөс “цавчих” гэж олон түмэн нэрлэх болсон илт хулгайн систем бий болно.
Манайхан МАН гэж нэг том мангас хамаг мөнгийг нь залгидаг гэж эндүү ойлгодог. Үнэн хэрэг дээрээ “төр олигархийн түншлэл” зэрэг зиндааны ялгаатай. Томчууд бол улсын хэмжээний зам, ЖДҮ, БЗС, нүүрс, банк мэт том зүйлээр оролдоно уу гэхээс “жижиг сажиг” зүйлээр оролдож “нэрээ баасдахгүй”. Эд нар бол улсын хэмжээний “их гарын” баагийнууд юм. Тоо нь их цөөн ч эрх мэдэл, эд хөрөнгө ихтэй учир хүссэнээ хийж чадна.
Дараа нь “дунд гарын” буюу нийслэл, дүүрэг, аймгийн баагийнуудын түвшин залгана. Мөнгөн дүнгээрээ “их гаруудаа” гүйцэхгүй ч бидний ухаан санаанд багтамгүй их ашиг олно. Жи: хотын зам, автобус, үйлчилгээний машин, мод тарих, суваг шуудуу татах, замын бродюр (боржуур) хуулж дахин дахин тавих, хот тохижуулах гм. бүх ажил үүнд багтана. Хөдөө аймагт бол сумдын сургууль, дотуур байр, соёлын төв, уурын зуух, контор г.м. мөнгөний эх үүсвэр нэн олон. Сониноос сургууль, соёлын төв нурна уу гэхээс сумын контор нурна гэж ёстой байхгүй. Албан контороо бол “чанартай” барьж чадаад байдаг юм.
Гурав дахь шат буюу “төр-олигархийн түншлэл”
Энэ нь өнгөц харахад өмнө дурдсан “төр-намын хөрвөх түншлэл”-тэй төстэй мэт боловч зарчмын хувьд огт өөр түншлэл юм. Учир нь МАН гэж нэг том цул биет байдаггүй, харин УИХ-д олонхи болж, ЗГ-ийг бүрдүүлдэг нам дотор аль нэг бүлэглэл голлох буюу удирдах бүлгийг бүрдүүлж, бусад бүлэг нь “сөрөг” шинжтэй болж, байнга өрсөлдөн тэмцэлддэг. Дашрамд манайд үндэсний хөрөнгөтөн бараг байхгүй, харин компрадор буюу гадаадын эрх ашгийг хамгаалагч хөрөнгөтөн л байдаг.
УИХ болон ЗГ-ын түвшинд гарч буй будлиан, зөрчил өрсөлдөөнийг ард түмэн-төрийн эрх ашиг биш, харин олигархи бүлэглэлүүдийн хоорондын тэмцэл тодорхойлдог. Дэлхийн аль ч улсад өрсөлдөөн байдаг, гэхдээ шударгаар өрсөлддөг. Харин Монголд бол өрсөлдөгчөө дэгээдэн унагаж, хог шороотой хутгахыгаа “улс төрийн өрсөлдөөн” гэж ойлгодог. УИХ-аас гарч буй бараг бүх хууль, ЗГ-аас гаргаж буй аливаа шийдвэрийн дийлэнхи нь олигархи том бүлгийн эрх ашгийг илэрхийлдэг.
Иймээс нөгөө бүлгүүд нь “сөрөг хүчин” болж шүүмжлэх ба энэ нь монголын улс төрийн “сонин хачныг” бүхэлд нь тодорхойлдог. Ард түмэн зөвхөн энэ тэмцлийг л олж харах бөгөөд аль нэг тал руу нь ханардаг. Чухамхүү “төр-олигархийн түншлэл”-ийн харилцаанаас “төрийн нууц” гардаг. Монголын “төрийн нууц” бол ихэнхдээ эрх баригчдын хулгай, дээрмийн үйлдлүүдийг нууж хаах зорилготой.
Жи: Эхлээд Тагнуулын газрын “санал зөвлөмж” гарна, энэ үндсэн дээр ҮАБЗ юмуу холбогдох байгууллагууд “зохих шийдвэр” гаргаснаар офтек гэрээнүүд, нүүрсний болон автобусны гэмт хэргүүд бүгдээрээ “төрийн нууц”-д орно. Өөрөөр хэлбэл эдийн засагтай огт холбоогүй, тагнуул, цагдаа, шүүх, прокурор зэрэг төрийн бүх байгууллагууд МАН-ын сүлжээнд хамаарагдах болж, аль нэг талд үйлчилж, тэмцэлдэнэ. Монголын шүүх, хүчний байгууллагууд бүгдээрээ МАН-ын сүлжээний нэг бүрдэл хэсэг бөгөөд эрх баригчдын гэмт хэргийг хаацайлан дарагдуулагч, тэднийг хамгаалах үүрэг хүлээдэг.
Монголын “төрийн нууц”-ын ихэнхийг гадаадын ил сайтуудаас дурын хүн олох боломжтой. Би л лав мэдээллийнхээ ихэнхийг гадаад мэдээллийн сайтуудаас олж авдаг. Олонхи хүн МАН-ын сүлжээг нэг цул том пирамид гэж төсөөлдөг нь маш буруу. МАН-ын сүлжээ бол өвөрмөц байдлаар холбогдсон, нэгдэлтэй боловч байнгын зөрчилтэй “их”, “дунд”, “бага” гарын олон пирамидуудаас бүрдэх ба нийлээд МАН гэсэн том пирамидаа босгодог. Эдгээр том жижиг пирамид тус бүр нь хөрөнгө мөнгө, эрх мэдэл гэсэн сувгаар холбогдон нийлж, МАН-ын том пирамидын “цусны эргэлтийг” хангаж, түүнийг амьдруулан тэтгэж байдаг. Энэ пирамид-сүлжээний бүтэц, ажиллагааг дэлгэрүүлж яривал цаг, цаас хүрэлцэхгүй. Гэхдээ хэн ч гэсэн дорх дүрсийг үндэслэн бага зэрэг сэтгэн бодоход тун амархан ойлгож чадна:
Дээр дурдсан 3 шат дэс дараалан ээлжлэх ба 4 жилд нэг бүрэн цикл хийж, эхний шатнаасаа дахин давтаж үргэлжилдэг. Үүнийг улс төр судлалд циркуляци, ротаци, круговорот буюу орчил гэж нэрлэдэг. Одоо бол “төр-олигархийн түншлэл”-ийн 3 дугаар шатнаас “нам-олигархийн түншлэл”-ийн 1 дүгээр шат руу шилжиж байна. Харин сонгуулийн дараа “төр-намын хөрвөх түншлэл”-ийн 2 дугаар шатандаа орно. Энэ мэтээр битүү “чөтгөрийн тойрог” үүснэ. МАН одоо 284.258 гишүүнтэй. Гэтэл МАН-ын томчуудын үйлдсэн асар их хулгай дээрэм, авилга, түүнд холбогдсон гэмт хүмүүсээ шүүмжилж дуугарах зоригтой намын гишүүн ганц ч байхгүйгээр МАН бол битүү бөгөөд чөтгөрийн тойрог гэдгийг хялбархан нотолж болно. Эндээс маш олон дүгнэлт хийж болно. Эсвэл аймхай, хулчгар, эсвэл нийгмийг идэвхигүй г.м. Гэхдээ хамгийн баттай дүгнэлт бол эдгээр 284.258 гишүүн бүгдээрээ МАН-ын пирамид сүлжээний “найдвартай” бүрдэл хэсгүүд юм. Энэ тоог гэр бүлийн гишүүдийн тоогоор үржүүлбэл МАН-ын “суурь хүчин чадал” гарна. Өөрийн гэсэн жижиг ч гэсэн пирамид бүхий АН болон бусад намын гишүүд ч гэсэн үүнээс дээрдэх юу ч байхгүй…
Тэгэхлээр монголын улс төрийн систем бүхэлдээ үхлүүт байдалд орж, эвдрэх, нурах зам руугаа орсныг нэмж нотлох шаардлагагүй. Харин одоохондоо МАН-ын сүлжээг эвдэн нураах улс төрийн зохион байгуулалттай сөрөг хүчин Монголд алга.
МАН-ын сүлжээ бол түүний “ялалт амжилтыг” баттай авчирдаг эрх мэдэл, мөнгөний асар том сүлжээ юм. Эдүгээ МАН доторхи өрсөлдөөн намын сүлжээг эзлэн авахын төлөө явагдаж байна. МАН-ын сүлжээг бүхэлд нь эзлэн авахгүйгээр, эсвэл сүлжээг хуваан авах тохиролцоонд хүрээгүй тохиолдолд МАН-ын амжилтыг хангах боломжгүй. Эдүгээ МАН доторхи болон нам хоорондын зөвшилцөл, тохируулга явагдаж, бараг дуусч байна. Өрсөлдөөн тун ширүүн, хайр найргүй болж байгааг тэд бие биенийхээ хулгай, дээрэм, авилгын хэргийг илчилж байгаагаас хялбархан харж болно. Хэрэв МАН-ын удирдагчид бие биенээ илчлээгүй бол энэ их хулгай, дээрмийг хэн нэгэн сэтгүүлч, “шүгэл үлээгч” илрүүлж олох ямар ч боломжгүй.
АН-ын 2 сүлжээ
АН бүр анхнаасаа МАН-ын эсрэг бүх хүчнийг нэгтгэсэн сөрөг хүчний алаг эрээн цуглуулга байв. Асар удалгүй АН өөрийн гэсэн сүлжээ байгуулж, чамгүй амжилт олсон. Гэхдээ АН-ын сүлжээ МАН-ын сүлжээний дэргэд бүх талаараа “хүүхэд” байв. АН асар удалгүй МАН-тай хамтран ажиллах тал, МАН-ыг сөрсөн тал гэж 2 том хэсэгт хуваагдсан ба энэ нь АН дотор тэмцлийг бүхэлд нь тодорхойлох болов. Хамгийн инээдэмтэй нь МАН-ын эсрэг буюу МАН-тай хамтрагч “бат хатуу” бүлэг АН-д байхгүй. АН нэг сонгуулийн үеэр МАН-тай хамтрагч байснаа дараагийн сонгуулиар МАН-ыг эсрэг хүчин болсон явдал хэд хэдэн удаа давтагдсан. Гэхдээ АН-ын 2 том хуваагдал одоо болтол хэвээрээ. АН-ын дотоод тэмцлийн явцад АН-ын сүлжээ авахын танаггүй болтлоо нурсан ба одоо АН-ын сүлжээ “амьд эсэхийг” би л лав мэдэхгүй. Харин УИХ-ын сүүлчийн сонгуулиар АН-ын нэг дүүргийн сүлжээ тэр чигээрээ МАН-ын мэдэлд очиж, “жигтэйхэн сурцтай” хамтран ажиллаж байсныг би өөрийн нүдээр харж байсан. Эцсийн дүндээ АН, МАН хоёр хамтран ажиллаж, хамтран идэж уух “баялаг туршлагатай” салж хагацашгүй андууд болон хувирсан. Харин одоо бол АН-д “дотоод зөвшилцөл” хийх бодит шаардлага үүсээд байна. Чингэхдээ МАН-тай “давхар” зөвшилцөхгүй бол дан ганц АН-ын дотоод зөвшилцөл ямар ч үр дүнд хүрэхгүй.
Айсуй сонгуулийн зодоон
Ирэх сонгуульд МАН-ын тавих зорилго бол “1 + 0,5 = 126” тэгшитгэлийг хангах ёстой. Үүнд: 1 нь МАН өөрөө, 0.5 нь АН, 126 нь УИХ-ын гишүүдийн тоо. Энэ тэгшитгэлийг хангахын тулд МАН УИХ-ын 126 суудлаас хамгийн багадаа 63 суудал буюу 50%, хамгийн ихдээ 100 суудал буюу 80%-ийг авах ёстой. Гэхдээ суудлын тоо 63-аас дээш 100-аас доош хэлбэлзсэн дүн гарна. Энэ тохиолдолд МАН улс төрийн бодлогоо бие даан явуулах нөхцөл хангагдана. “Ардчилсан” улс гэдгээ харуулах бодит шаардлагын улмаас МАН үүнээс илүү суудал авахыг хүсэхгүй. Үлдсэн суудлууд нь АН болон 2-3 жижиг нам, ганц нэг бие даагчид ногдоно. Өөрөөр хэлбэл АН хамгийн багадаа 26 суудал, хамгийн ихдээ 63 суудал авах горьдлоготой. Гэхдээ АН-ын суудлын тоо 40-50 орчим хэлбэлзэнэ. Гэхдээ энэ харьцаа ямар байхыг АН мэдэхгүй, харин МАН мэднэ. Үгүй ядаж МАН, АН-ын зөвшилцөл шийднэ. Миний бат итгэж байгаагаар эдүгээ МАН, АН хоёр ид зөвшилцөж байгаа. Одоо эрх баригчид “1 + 0,5” буюу нэг бүхэл МАН дээр нэмэх нь хагас АН гэсэн тэгшитгэлийг бодож байна. Улмаар “1+0,5=1,5” хэлбэртэй “эвтэйхэн” засаг тогтоох тэмцэл өрнөж байна. Гэхдээ 1,5 намын тогтолцоо дэлхийд байхгүй учраас удаан хугацааны амжилт олох ямар ч үндэсгүй. Ямар ч байсан ирэх 4 жилийн хуучин, шинэ бүх алдаа дутагдал, лай ланчиг ганц МАН-д ногдох нь гарцаагүй. Энэ нь тийм ч таатай нөхцөл биш юм.
Шинэ УИХ-д МАН, АН-ын бүлэглэл болгоны төлөөлөгчид холилдон орох нь гарцаагүй. Харин хэний бүлэг зонхилох, тэргүүлэх байр суурь эзлэх нь одоогоор тодорхойгүй. Яг энэ асуудлаар МАН, АН дотроо өрсөлдөн тэмцэлдэж байна. Хамгийн сонирхолтой нь дараагийн Ерөнхий сайдын асуудал юм. Лав л МАН доторхи өрсөлдөөн дараагийн Ерөнхий сайдаар хэнийг тавих вэ гэдэг дээр аль хэдийн төвлөрчихсөн байна. Харин дараагийн ЕС-д хэн хэн өрсөлдөхийг өөрсдөө таах гээд үз дээ. Дандаа “бэлэн будаа” халбагадуулж идэх муухай ш дээ…
Дүгнэлтийн оронд
Дэлхийн аль ч оронд төвлөрсөн төвлөрөөгүй, чанга сул намын сүлжээ байдаг, ажилладаг. Баячууд нь баялгийн ихэнхийг, ядуус нь арай багыг хүртэх нь түгээмэл зүй тогтол шахам. Түүнчлэн гаднын баячууд хамгийн эхлээд гадаадыг шулан мөлждөг, эх орондоо бүтээн байгуулалт хийдэг, ашиг оруулдаг, тогтсон, тохирсон дүрмийн хүрээнд ажилладаг. Тэнд эх орныхоо баялгийг хулгайлж, дээрэмдэж гадагш зардаг ганц ч хөрөнгөтөн, улс төрч байхгүй. Харин манай баячууд эхлээд гадаадынхантай нийлж Эх орноо шулан мөлждөг, бүтээн байгуулалт хийдэггүй, ямар ч дүрэмгүй тоглолт хийдэг, зэрлэг дээрэмчний аргаар ажилладаг. Эх орныхоо баялгийг бүх хэл, Эх орноо зардаг. Эдийн засаг, нийгмийн бүх салбар, чиглэл, удирдлагын дээд, дунд, анхан бүх шатандаа эх захгүй, хавтгайдаа хулгай, дээрэм хийдэг төр Монголоос өөр хаа ч байхгүй. МАН-ын болон АН-ын антисистем монголын ДНБ-нээс 5-7 дахин баялгийг дангаараа залгиж байна гэж бодохоор ухаан алдмаар…
Энэ бүхний шалтгаан юу вэ?!
“Системийн бүрдэл хэсэг (компонент) нь системтэйгээ тэнцүү буюу түүнээс илүү томорвол систем эвдрэл нуралтад орно” гэсэн системийн онол, сиэнергетикийн хууль, зарчим байдаг. Манай тохиолдолд Монгол гэсэн нийгмийн системийн бүрдэл хэсэг байх ёстой МАН монголын нийгмийн системтэй тэнцүү буюу илүү гарч томорсон учраас системийн нуралт зайлшгүй. Хэрэв хүн, амьтны аль нэг эрхтэн байх ёстой хэмжээнээсээ 5-7 дахин томорвол тэр хүн, амьтан үхэх нь гарцаагүй.
МАН-д яг ийм л үзэгдэл болж, антисистемийн өөрийн нуралт бидний нүдний өмнө болж байна. Судлаач Ганаа “ухаантай” болохоороо үүнийг ганцаараа мэдээд бусад нь “юу ч мэдэхгүй” гэвэл тун их эндүүрэл. МАН-ын авилгын сүлжээ эрүүл ухааны алив хэм хэмжээнээс хэт даван гарсныг монголын иргэдээс гадна нам, төрийн эрх баригчид мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Сүлжээгээ томруулсаар байгаад хага үсрэх үү, хагарахаас нь өмнө “хазаараа татах уу” гэдэг нь МАН-ын эрх баригчдын мэдэх хэрэг. Шийдвэр гаргах цаг бол яг одоо. Уг нь хамгийн ойлгомжтой асуудал юмсан…
Төрд гарч буй хулгай дээрэм бол ердөө л үр дагавар, харин шалтгаан нь МАН-ын авилгад идэгдсэн сүлжээ юм. Хэрэв авилгатай тэмцэе гэвэл МАН-ын боловсон хүчнийхээ бодлогоос эхлэх ёстой. Иймээс МАН-ын эрх баригчдад хэмжээнээсээ лайтай их томорсон МАН-ын антисистемээ өөрчлөх гэсэн ганцхан зам үлдэж байна.
Яахав, нэг удаагийн сонгуулиар яаж ийгээд аргацааж торгоож болох авч цаашдаа энэ адгийн антисистемийг хадгалан үлдэх ямар ч боломж байхгүй.
Эдүгээ МАН гэсэн химер зонхилсон антисистемийг өөрчилж, зохист хэмжээнд оруулахгүй бол Монгол Улс, үндэстэн сөнөнө. Сөнөх ч юу байхав, тусгаар улс байж, бие даан хөгжих чадвараа алдана. Иймд МАН-ын хатуу химер сүлжээг өөрчлөх нь зайлшгүй бөгөөд гарцаагүй. Үүнийг эсвэл МАН дотроос, эсвэл ард түмний шахалт, тэмцлээр л шийдэж болно…
Жич. Энд би манай хүмүүсийн мэддэггүй, нууц, цоо шинэ зүйл ганцыг ч хэлээгүй, харин ч олонхи монголчуудын мэддэг, ярьдаг, шүүмжилдэг, дургүйцдэг тэр баримтуудыг л дурдсан. Миний хийсэн “шинэ зүйл” бол олон хүний олон удаа ярьсан хэсэг бусаг “үй түмэн” баримт материалыг шинжлэх ухааны задлаг шинжилгээний арга зүй ашиглан, эрэмбэлж, цэгцэлж, бүхэл зураглалд оруулан системт байдлаар харуулсан явдал юм. Харин миний хэлснийг 5-8 жилийн дараа биш, яг одоо ойлговол тун сайнсан…
Судлаач Х.Д.Ганхуяг
Эх сурвалж: https://gankhuyag.com/
Эрхэм та судлаач Д.Ганхуягийн бусад бүтээлүүдийг түүний албан ёсны блог https://gankhuyag.com/-ээс уншина уу
Зочин · 2024/01/08
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2024/01/08
43DSH S XALYYTSSN ERD80955877
Зочин · 2024/01/08
S XUSNEER80955877