Улсын Их Хурал(УИХ)-ын гишүүн Н.Алтанхуяг Төрийн ордны "Их Засаг танхим"-д өнөөдөр сэтгүүлчидтэй уулзаж, асуултуудад хариуллаа.

 

 Энэ үеэр Тэрбээр "Сонгууль дөхсөн энэ үед эрх баригчид маш том өөрчлөлт хийлээ. Сонгуулийн тойргийг томсгох санаа нь буруу биш. Харин сонгууль болохоос зургаан сарын өмнө яарч, сандарч батлах шаардлага байгаагүй. Үүнийг Монгол Ардын Нам(МАН)-ын удирдлагууд ирэх сонгуульд яаж оролцохоо тооцож хийж буй өөрчлөлт гэж харж байна. Томсгосон тойргийн нэг ач холбогдол нь намуудын өрсөлдөөн байдаг. Тэгэхээр олон намын өрсөлдөөн биш хоёр намын хооронд өрсөлдөөн илүү өрнөх байх. 

Монгол Улсын асуудлыг шийдвэрлэе гэвэл Улаанбаатар хотын асуудлыг түрүүлж ярих ёстой. Гэтэл энд сонгогдох гишүүдийн тоо цөөн байгаа нь буруу. Мөнгөтэй, олонд илүү танигдсан хүмүүс сонгогдох магадлал өндөр болно. 

Дөрвөн жилийн өмнө Ардчилсан Нам(АН)-аас хассан тул бие дааж нэр дэвшсэн. Харин энэ удаа намаасаа өрсөлдөхөөр төлөвлөж байна. Намын удирдлагын асуудлыг бол мэдэхгүй. Гэхдээ манай нам сөрөг хүчний ажлаа хийхгүй байна. Эрх баригчдын хулгайн асуудлаар манай нам илүү шаардлага тавьж ажиллах ёстой. Харамсалтай нь энэ үүргээ гүйцэтгэж чадаагүй" гэлээ.