Бөхийн өргөөнд хүүхэд багачууд үндэсний бөхөөр үнэ төлбөргүй хичээллэнэ
2024/01/11
Хүүхэд багачуудын дунд монгол бөхийн хөгжлийг дэмжих, залгамж үеийг бэлтгэх зорилгын хүрээнд Монгол Бөхийн Өргөөний их танхимд үндэсний болон самбо бөхийн дугуйланг үнэ төлбөргүй хичээллүүлэхээр болжээ.
Энэ тухай хамтран ажиллах санамж бичгийг Биеийн Тамир, Спортын Улсын Хорооны/БТСУХ/ дарга О.Баттулга, Монголын Хүүхдийн Ордны захирал Б.Цэнгэлмаа, МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав нар өнөөдөр байгуулсан байна.
БТСУХ-ны дарга О.Баттулга “Хүүхэд багачуудыг спортоор хичээллэх, эрүүл чийрэг байлгах, спортод татан оруулах хүрээнд санамж бичиг байгууллаа.
Биеийн Тамир, Спортын Улсын Хорооны зүгээс тухайн ордны спортын дугуйланд хүүхэд багачууд хамрагдах, тэмцээн уралдаанд оролцоход нь дэмжлэг үзүүлж, заал танхимаар хангахаар зорьж байна” гэв.
Нийслэлийн 2021-2025 оны үндсэн чиглэлийн хүрээнд орчин үеийн спортын олон улсын стандартад нийцсэн усан бассейн, жүдо, үндэсний бөх, чөлөөт бөх, таеквондо, ширээний теннис, сагсан бөмбөг, волейбол, бадминтон, иог, уран гимнастик, уран нугаралт зэрэг сургалт мэргэжлийн таатай орчныг бүрдүүлэхээр олон улсын стандартад нийцсэн спорт цогцолбор барихаар төлөвлөжээ.
Эх сурвалж: БТСУХ